Коби Брайант: Жианнаг дасгалжуулах нь гайхалтай зүйл

Хуучирсан мэдээ: 2020.02.06-нд нийтлэгдсэн

Коби Брайант: Жианнаг дасгалжуулах нь гайхалтай зүйл

Коби Брайант: Жианнаг дасгалжуулах нь гайхалтай зүйл

Хэдхэн хоногийн өмнө онгоцны ослоор харамсалтайгаар амиа алдсан сагсан бөмбөгийн спортын домогт тоглогч Коби Бин Брайантын амьд ахуй цагтаа USA Today сайтын сэтгүүлчтэй хийсэн хамгийн сүүлийн ярилцлагыг таньд хүргье. Энэхүү ярилцлага нь аймшигт осол болохоос ес хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 17-нд олон нийтэд цацагджээ.


-Юуны өмнө ярилцлагаа таны гаргасан цуврал номоос эхэлье гэж бодлоо. Таны номнууд "Нью-Йорк таймс"-ын шилдэг борлуулалттай ном боллоо. Энэ номынхоо санааг хаанаас авсан бэ?

-Энэ ном маш олон хүчин зүйлийн нэгтгэл. Эхний ном бол ерөнхийдөө ганц гол дүр дээр төвлөрсөн. Энэ дүр нь багийн нөхөддөө итгэж асуудлуудаа даван туулдаг хувь хүний тал дээр надтай төстэй дүр л дээ. Миний хувь хүний хөгжлийн хувьд багийн минь нөхдөөс ихээхэн шалтгаалахаас гадна зөвхөн надаас бус бусад хүрээлэн буй зүйлийн нөлөөллөөс шалтгаалдаг байсан гэж ойлгох хэрэгтэй. Энэ багийн дүр болгонд зориулж ном гаргаж, нэг багийн хөгжлийг 360 градусаар харуулж, багийн нэг тоглогч бусдадаа хэрхэн нөлөөлж буйг илэрхийлдэхийг зорьсон.

-Та энэ номондоо Фил Жексон, Грег Попович, Билл Рассел зэрэг агуу дасгалжуулагчдыг дурдсан гэж сонссон. Эдгээр дасгалжуулагч нар яаж эдгээр номтай холбогдох юм бэ?

-Тэд бүгд бие биенээсээ өөр дасгалжуулагчид байсан. Филийн хувьд шууд шүүмжилж чаддаггүй байсан бол Грег өөр байсан. Харин Билл Расселийн хувьд хошин шогийн мэдрэмж ихтэй, чимээгүй төрлийн хүн л дээ. Тоглоом, наргиагаар хариулт хийдэг, их хөгжилтэй хүн. Миний хувьд энэ гурвыг нийлүүлэх гэж оролдсон юм. Харьцуулах гэсэн юм биш шүү. Бүгд л агуу. Билл Рассел бол сайн зөвлөгч, би түүн рүү заримдаа утсаар залгаж, сагсан бөмбөгийн тухай ярьдаг. Түүний дасгалжуулах арга барил нь 95 хувь гэж хэлж болно. Тэр чамайг шууд амжилтад чиглүүлэхгүй, харин чамайг хөгжих арга замаа олоход чинь тусалдаг тийм л хүн.

-Таныг ахлах сургуулиа төгсөх жилдээ хүүхдүүдтэй ярилцаж байсныг санаж байна. Тэр үед угаалга хийх нь ямар чухал болохыг тэдэнд ярьж байсан. Тэр тухай санаж байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Тэр бол миний хүүхдүүдэд ярьж байсан хамгийн анхны түүх. Сургуульд байхад бидэнд цэцэрлэгийн хүүхдүүдэд ярьж өгөх түүх бичиж ирээрэй гэсэн даалгавар өгсөн юм. Бид даалгавраа багшдаа танилцуулаад, тэмдэглүүлэх байсан юм. Гэвч би ААU гээд тэмцээнтэй байсан учир даалгавраа хийхээ мартаад, анги дээрээ очсон л доо. Тэгээд багш “За даалгавраа танилцуулаарай” гэхэд би ширээн дээрээ хөшиж орхисон. Багш бүх хүүхдийн даалгавартай танилцаад минийх байхгүйг анзаарчихсан. Багш над дээр ирээд “Чи даалгавраа хийгээгүй юм уу?” гэхэд би ч “Үгүй ээ” гээд л хариулчихсан. Тэгээд би багштай ангиас гараад цэцэрлэг рүү алхсан. Би тэр үед л “Багш намайг цэцэрлэгийн хүүхдүүдэд өөрийн түүхээ ярь” гэх байх даа гэж бодсон. Тэгээд дотроо бодож байгаад орж ирсэн хамгийн эхний санаа нь би тэмцээнээс гэртээ ирээд, хөлстэй хамаг хувцсаа тайлаад, шал руу шидчихдэг байсан. Тэгэхэд ээж “Энэ юмнуудаа аваад төрөл бүрээр нь ялгаад угаалгаа өөрөө хийж бай” гэж хэлдэг байсан л даа. Би ч нэг их тоохгүй, бүгдийг нь бөөгнүүлээд, орон доогуураа хийгээд, өрөөгөө цэвэрхэн юм шиг харагдуулдаг байлаа. Тэр үед би “Тийм ээ, энэ л миний тэдэнд ярьж өгөх түүх болог” гэж бодсон. Энэ түүхээ би хүүхдүүдэд ярихдаа “Ээжийнхээ угааж өгсөн хувцсыг өмсчихөөд, дараа нь бөөгнүүлээд орон доогуураа хэзээ ч битгий хийж бай. Хэрвээ тэгвэл тэр бөөгнүүлсэн хувцаснууд чинь нийлээд мангас болоод, чамайг шөнө орноос чинь татаад авна шүү” гээд л ярьсан. Энэ л миний тэр хүүхдүүдэд ярьсан түүх юм даа. Үүнийг багш маань бичиж авсан байснаа өнгөрсөн жил надад харуулсан. Сайхан байсан шүү.

-Таны хувьд одоо номоо гаргаад эхэллээ. Ер нь хийж үзээгүй юм цөөхөн боллоо. Дараагийн алхам чинь юу вэ?

-Би зүгээр л сайхан түүх яримаар байна. Үүний эхлэл болгож “Dear basketball” хэмээх богино хэмжээний бүтээлээ гаргалаа. Би зодог тайлаад шууд богино хэмжээний бүтээлийнхээ ажилд орсон. Жонтой хамтарч анимейшн хийж, хөгжим дээр ажиллаж, төлөвлөгөө гаргаж эхэлсэн. Одоо надад хэвлэгдээгүй олон зохиол байна. Тэднийхээ учрыг олж, ном л болгомоор байна. Хэвлэлтэн дээр хамтарч ажиллах хүн олох цаг алга. Одоо болтол энэ галзуу аялалд надтай хамтраад, энэ бүгдийн учрыг олох хүнийг хайсаар байна. Би үнэхээр чанартай ном хийхийг хүсч байна. Бусдад урам зориг, эрч хүч өгсөн бусад номнуудаас өөр тийм нэгэн номыг худалдаанд гаргамаар байна. Гэвч энэ дэлхий дээр тийм өндөр зэрэглэлийн чанартай ном хийх хүсэлтэй хэвлэлийн компани алга. Бүгд л доод зэрэглэлийн, хялбар ном хийх хүсэлтэй байна. Эхний жилүүдэд ч надад мэдэгдээгүй, одоо л яг танигдаж байна.

-Номыг тань уншигчид анх хэр хүлээн авч байв. Номын зах зээл сагсан бөмбөгөөс их өөр байх?

-Тийм ээ, их өөр. Номын зах зээл бол яг л сагсан бөмбөгийн үнэнч фен шиг. Үнэхээр их тэвчээр шаарддаг. Хөгжмөөр бол хип-хоп хөгжмийн фен л гэсэн үг. Хүмүүсийн номын тавиур дээр заавал байх ном хийх хэрэгтэй. Намайг анх энэ салбарт ороход дахиад нэг од нь ном хийх гэж оролдож байна гэж хүлээн авсан. Ийм зүйл байж л байдаг. Гол нь зохиолчид, редакторууд, хэвлэлийн ажилчид хийж байгаа зүйлдээ хайртай байж, бие биедээ туслаж байх хэрэгтэй. Номоо амжилтад хүргэхийн тулд асар их тэвчээр, хүлээлт хэрэгтэй. Анх гаргаж буй ном чинь шууд амжилтад хүрнэ гэж байхгүй.

-Таны ар талд олон цом байна. Жагсаавал яаж жагсаах вэ. Хамгийн үнэ цэнэтэй нь аль нь вэ?

-Тэд бүгд миний хувьд хамгийн дээр нь байх ёстой. Төсөөлж байгаа шиг чинь амар юм биш. Хүүхэд байхдаа NBA-ийн аваргын цом болон энэ төрлийн зүйлсийг хүртэж байна гэж төсөөлдөг байлаа. Кино салбарт орж ирээд Оскар хүртэнэ гэж төсөөлөөгүй шүү.

-Сэмтэй хийсэн ярилцлагыг чинь уншсан шүү. Зарим хүний 20 жил хүсэн хүлээсэн Оскарын шагналыг ганц оролтоор л дээрэмдчихлээ гэж хэлж байсан. Энэ тухай яриач?

-Сэм ч их хөгжилтэй залуу шүү. Би Оскарын шагнал хүртэх нь Лос Анжелос Лэйкерс багийн ерөнхий менежер болохтой л адил элэг хөшмөөр зүйл гэж төсөөлж байсан юм. Гэвч би авчихсан. Тэгээд л намайг Оскар авсны дараа Сэм бид хоёр гэр бүлээрээ хамтдаа Мексикт амралтаар явж байсан юм. Бид далайн хажууд суугаад, бие бие рүүгээ хараад “Ямар новш нь болоод өнгөрөв өө” гээд инээлдэж байлаа.

-Дараагийн 10 жилийн зорилго чинь юу вэ. NBA болон Лэйкерстэй холбоотой ажил хийх сонирхол байна уу?

-Би одоо номоо хэвлүүлэх, тэднийгээ кино бүтээл болгох л зорилготой байна. Заримыг нь анимейшн болгоод, заримыг нь уран сайхны кино болгох бодолтой байгаа. Энэ л аяллынхаа утга учрыг олох нь миний зорилго болоод байна. Юм болгон хүссэнээр хурдан болохгүй шүү дээ. Заримдаа үүнээс болж их бухимдана. Хамгийн чухал нь дуртай зүйлээ хийх. Би хүүхэд багачуудад урам зориг өгч, тэдэнд туслах тийм л зүйлийг хиймээр байна. Мэдээлэл болон урам зоригоор тэдэнд тусалмаар байна. Энэ хоёр зүйлийн нэг нь л байхгүй бол цааш хөгжихгүй. Би сагсан бөмбөгөөс олж авсан тактик болон мэдлэгээ нэг бүрчлэн заамаар байна. Энэ л миний сагсан бөмбөгийн спортоос сурсан бүхнээ буцаагаад спортод өгч байгаа хэрэг. Пэйтон Мэннинг, Корниер зэрэг бусад шилдэг тамирчид өөрсдийн өндөр түвшний мэдлэгээ бусдад хуваалцдаг. Энэ бол мэдээллээ дараагийн үеийн шинэ гарч ирж буй тамирчдадаа өгч, тэдэнд урам зориг өгч байна л гэсэн үг.  Миний хувьд олж авсан мэдлэгээ цуврал болгон түүхүүдээрээ дамжуулж, залуу хүүхдүүдэд хэрхэн шантралгүй хөл дээрээ тогтож, төвөгтэй асуудлуудыг даван гарах вэ гэдгийг л ойлгуулах юм.

-Таныг тодорхой ойлголоо. Та бас сүүлийн жилүүдэд Роб Пелинка болон шинэ залуу тоглогчидтой хамтарч ажиллаж, туслалаа. Танд тэдэнтэй ажиллахад хэр санагдав?

-Би их олон тамирчинтай ярилцсан. Жишээ нь, Кузма, Леброн, Кайри, Кавай, Расс зэрэг олон тоглогчийн том ах байхыг хичээдэг. Роб бид хоёрын хувьд олон жил хамтдаа ажилласан шүү. Лэйкерс шиг том байгууллагыг авч явна гэдэг их хэцүү ажил. Би түүнд зөвлөхдөө “Хөөе, залуу минь Лэйкерс шиг багийг удирдана гэдэг бол хэцүү. Амархан байсан бол хүссэн нь хийнэ. Лэйкерс багийг удирдана гэдэг бол нэр төрийн хэрэг шүү” хэмээн хэлдэг дээ.

-Сүүлийн үед охин Жианнатайгаа хамт цэнгэлдэхэд ирж NBA-ийн тоглолтууд их үзэж байгаа харагдсан. Түүний сагс тоглох авьяасын талаар яриач?

-Тэр их хурдтай тоглолтод дуртай. Тоглолтын түргэн шаламгай байдалд татагддаг. Зурагтаар сагс үзэх, очиж амьдаар үзэх хоёр их ялгаатай шүү дээ. Би түүнд мэргэжлийн тоглогчид хэрхэн хурдтай тоглож, тоглолтыг уншиж чаддаг вэ гэдгийг мэдрүүлмээр байгаа. Түүний үзэх дуртай тоглогч нь Тре Янг. Тиймээс би Жианнаг хэрхэн Тре Янг тоглодгийг харуулах гэж бид Атланта Хавкс багийн тоглолтыг үзсэн юм.

-Охиноо дасгалжуулах хэр байдаг вэ?

Гайхалтай шүү. Тэр хүүхдүүдийг хэрхэн томорч, сайжирч, хөгжиж байгааг харах сайхан. Залуу охидын хувьд энэ спортоор хичээллэснээр өөрөө өөртөө итгэх итгэлээ олж авч, ухаалаг болно. Харин ийм залуу багийг дасгалжуулах нь үнэхээр их үүрэг хариуцлага. Сэтгэл хөдлөл ихтэй тэднийг зөвөөр ойлгож, хэтэрхий ширүүн биш, гаргасан алдааг нь тайлбарлаж, засах нь гол. Нэг зүйл дээр маш сайн төвлөрч ажиллах хэрэгтэй. Хэрвээ өнөөдөр бид зүүн гараар дамжуулалт өгөх дээр ажилласан бол маргааш баруун гараар гэх мэт алхам алхмаар хөгжих хэрэгтэй. Тэдний ахиц гаргаж, сайжирч байгаад би баяртай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж