2020 оны сонгуулийн өнгө

Хуучирсан мэдээ: 2020.02.06-нд нийтлэгдсэн

2020 оны сонгуулийн өнгө

2020 оны сонгуулийн өнгө

МАН, АН нэр дэвшигчдээ албан бусаар тодруулсаар байна. Хуулийн дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 24 буюу санал авах өдрөөс 60 хоногийн өмнө нам, эсвэл УИХ-ын сонгуульд оролцох эсэхээ Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэнэ. Харин нэр дэвшигчдийн хувьд санал авах өдрөөс 45 хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх юм. Ирэх сонгуульд аль нам өнгөлөх, ямар нэр дэвшигч өрсөлдөх вэ гэх таамаг улс төрийн хүрээнд өрнөж буй.


МАН БАГА ХУРЛАА ТОВЛООГҮЙ БАЙНА

Сонгуульд нэр дэвшигчээ тодруулахын тулд МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаа хуралдуулах ёстой. Урьдчилсан байдлаар тавдугаар сарын эхээр Бага хурлаа хуралдуулна гэсэн гэсэн товтой байна. Хэдийгээр МАН доторх нэр дэвшигчид тодорхойгүй байгаа ч албан бусаар тодорчихсон гэхэд болно. МАН-ын хувьд ЖДҮ-чдээ, 60 тэрбумчдаа нэр дэвшүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа гэх. Тиймээс нэр дэвшигчид нь илүү залуу, шинэлэг байх болов уу гэсэн таамаг сонгогчдын дунд бий. Тухайлбал, ХӨСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байсан Г.Амартүвшин, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин гээд шинэ залуучуудаар нэр дэвшигчдийнхээ цэсийг шинэчлэх төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ энэ удаад МАН судалгаагаар нэр дэвшигчдээ тодруулна гэж тодотгож байгаа. Учир нь ард түмэнд, масст таалагдаж байгаа хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэж хэлж байгаа. Ингэхдээ горилогчдоосоо мөнгө татаж, тойрог бүр дээр судалгаа хийх юм. Судалгаагаа гуравдугаар сарын дунд үе хүртэл хийх бөгөөд эцсийн судалгаагаар хэн хэн өндөр рейтингтэй гарсан тэр хүний нэрийг Бага хуралдаа оруулна гэж генсек нь мэдэгдээд буй. Гэхдээ хэдийн тойрог нь нэр дэвших нь тодорхой болсон хүмүүс тойргоо услаад эхэлсэн. МАН-ын хувьд энэ жил орон нутагт хууччуул, хотод шинэ залуучуудаа сойхоор бэлтгэж буй.

АН-ЫН НЭР ДЭВШИГЧИД НАМДАА ДЭНЧИН ӨГЧ БАЙНА

Оны өмнөхөн АН-ын Үндэсний Бодлогын Хороо (ҮБХ) хуралджээ. Уг хурлаар АН-ын гишүүдийн татварын асуудлыг хэлэлцэж, тус намаас сонгуульд нэр дэвшихийг тулд 100 сая төгрөгийн дэнчинг намдаа төлөх болсон. Ардчилсан нам татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг, хэн нэг олигархын халаасанд гүйж ордог нам биш. ҮБХ-ны гишүүд маань АН-ын төлөөллийн удирдлагын байгууллагын гишүүд гэдэг утгаараа хариуцлагаа ухамсарлаж намын санхүүжилтэд тодорхой хувь нэмэр оруулах санал санаачилга гаргасан гэдгийг намын дарга нь хэлж байв.

Ардчилсан намын хувьд энэ жил нийслэл рүү анхаарлаа илүү чиглүүлж буй. Өмнө нь нийслэлд олонх болж байсан шигээ нийслэлийн тойргууддаа илүү анхаарал хандуулж байгаа гэх мэдээлэл ч бий. Одоогоор АН хамгийн чимээгүй байгаа. Нэр дэвшигчдийн хувьд ч, намынх нь хувьд ч сонгуульд бэлтгэж байгаа чимээ нь бага байгаа. Харин ирэх гуравдугаар сард нэр дэвшигчээ тодруулах сурагтай байна.

ЦАГААН СОНГОЛТЫГ “ОНИЛСОН” УУХАЙ ХӨДӨЛГӨӨН

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар цагаан сонголт хийсэн сонгогчид олон байсан. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуульд цагаан сонголт хамаарах ч УИХ-ын сонгуульд олонхын санал авдаг учраас цагаан сонголт нөлөөлөх нь бага. Эрх баригч, цөөн хэдэн танил улстөрчидтэй намаас илүү шинэ салхи, шинэ зүйл хүлээж байгаа сонгогчдод зориулсан Уухай хөдөлгөөн бий болсон. Тэдний хувьд залуучуудыг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж, товчхондоо улс төрд шинэ салхи оруулах гэсэн нам харгалзахгүй нийгмийн салбаруудад танигдсан хүмүүсийн нэгдэл юм. Тэдний хувьд нам нь итгэл үзүүлэхгүй бол бие даана гэсэн тактик барьж буй. Тэдний дунд салбартаа, нам дотроо бэлтгэгдсэн мэргэшсэн бөгөөд нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн олон бий.

МАН, АН гэсэн намуудаас “залхсан” сонгогчдыг “онилж”, тэдэн рүү чиглэсэн улс төрийн акцаа эхлүүлээд буй.

ГУРАВДАГЧ ХҮЧИН БУЮУ ЖИЖИГ НАМУУД

Улс төрд нэгхэн даргатай, хэдэн гишүүдтэй нь мэдэгдэхгүй, улс төрд идэвхтэй бус ч сонгууль бүрт оролцдог жижиг намууд олон бий. Тэдний хувьд хоорондоо эвсэх, аль нэг намтай нэгдэх, цөөн тооны нэр дэвшигч өрсөлдүүлэх, эсвэл хэн нэгэн нэр дэвшигчийг унагах, санал хуваах тактик барьж сонгууль бүрт оролцож ирсэн. Гэхдээ олон жилийн өмнө байгуулагдсан ч улс төрд нөлөө багатай намуудын хувьд жагсаалтын дээгүүр байршдаг учраас бусад намуудтай эвсч, сонгуульд оролцох нь элбэг. Хамгийн сүүлд гэхэд Хөдөлмөрийн үндэсний нам болон Монголын Социал Демократ Нам эвсэл болж, хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр хоёр нам нэгдэн эвсэл болж, сонгуульд хамтран оролцоно гэсэн үг. Яг ийм эвсэл, нэгдэл сонгууль хүртэл хэд хэдэн байгуулагдах болов уу.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж