Хилийн тухай хуулийг өөрчлөх болсон шалтгаан…

Хуучирсан мэдээ: 2015.10.26-нд нийтлэгдсэн

Хилийн тухай хуулийг өөрчлөх болсон шалтгаан…

Хилийн тухай хуулийг өөрчлөх болсон шалтгаан…

Аравдугаар сарын 23-нд УИХ-ын чуулганаар Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжээд, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болсон шалтгааны талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол Улсын хилийн тухай хууль 1993 онд батлагдсанаас хойш улсын хил хамгаалалт, боомт, түүнд мөрдөх журам, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийн шалган нэвтрүүлэх, хил хамгаалах үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчийн нийгмийн асуудлын талаарх зохиуцуулалт зэрэг асуудлаар нийт 11 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэвч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын хилийн тухай хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох, хуулийн нэр томьёог олон улсын эрх зүйн зарчим, Улсын Их Хурлаас 2010 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцүүлэх, улсын хил хамгаалалтыг олон улсын түвшинд хүргэх шаардлага бий болж байгааг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулсан гэдгээ онцолсон юм.

Уг хуулийг хэлэлцэх үед гишүүдийн санал, шүүмжлэлийг эргэн сануулахад:

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Хамгийн гол нь хилийн шалган нэвтрүүлэхийг хилд нь буцаагаад өгөх тухай асуудал яригдаж байна. Намайг сайдын суудалд байхад авах гэж оролдсон юм, би өгөөгүй. 200-аад хүн шалган нэвтрүүлэхээс Иргэний харьяатад шилжсэн. Тэднийг  буцаана гэсэн үг юм. Монголдоо таарсан хууль байх ёстой…

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: БНХАУ-ын хилийн тухай тайланг хархад 192 мянган зорчигч 24 мянган тээврийн хэрэгслийг дутуу бүртгэж оруулсан байна. Энэ зөрчлийг арилгах үүднээс уг хуулийн төслийг оруулж ирсэн гэж ойлгож байна. Тэрнээс хоёр сайдын хэрүүл маргааны асуудал биш байх… гэх мэт зарчмын асуудлыг хөндсөн. Тиймээс Хил хамгаалах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болсон шалтгааныг Хууль зүйн сайд Д.Дорлигжав тайлбарлалаа.

Хилийн шалган, нэвтрүүлэх албыг хилээр гарч, орж байгаа хүмүүсийг шалгаж, тамга дардаг газар л гэж хүмүүс өнгөцхөн ойлгодог. Тиймээс Иргэний харъяат, шилжилт хөдөлгөөний газрын дэргэд байж байг гэдэг. Бүр зарим нь “Хил рүү ороод ирэхээр цэрэг хувцастай хүмүүс зогсож байхад муухай харагдаж байна” гэх мэтээр хачин зүйл ярьдаг. Гэтэл Хилийн шалганы хяналт нь зөвхөн хүмүүсийн паспортыг шалгаж тамга дарахаас гадна орж, гарч буй тээврийн хэрэгсэл, унаа, мал, бараа таваар гэх мэт бүх зүйлд үзлэг хийх ёстой байдаг юм. Нүүрсний вагонд нуусан элдэв барааг хилийн шалганы алба л хийнэ. Гаалийн байгууллага нь ажиллаж байхад хилийн цэргээр яах юм гэж хүмүүс андуурдаг. Гаалийн байгууллага юагон дахь ачааг шалгаад татвар тавьдаг. Хэрвээ гэрээнд тусгагдаагүй бараа байвал хурааж авдаг. Түүнээс биш үзлэг шинжилгээ хийдэггүй. Тэгэхээр хилийн хяналт бол хил хамгаалалтын нэг хэсэг.  Цаашлаад Орос, Хятадтай холбогддог хил дээр зөрчил гарвал тухайн орны Хил хамгаалах байгууллагатай уулзаж учрыг нь олдог. Одоо шалган нэвтрүүлэх алба нь ИХШХЕГ-ын дэргэд байгаа учраас нөгөө Орос, Хятад хоёр улсынхаа хилийн албадтай ярилцаж чадахгүй байгаа. Хил хамгаалахын үйл ажиллагааг хоёр өөр байгууллагад өгчихөж байна. Энэ байгууллага паспорт дээр тэмдэг дарахаас өөр үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Одоогийн байдлаар тус албаны хорь гаруй хүн жирэмсний амралтаа авчихсан. Тэгээд оронд нь түр хүн авч болдоггүй. Ингээд ажилчид ээлжгүй ажиллаж байна. Харин хилийн цэргийн дэргэд байвал хилийн хороо нь өөрөө зохицуулаад ажиллачихна. Хамгийн гол нь амьдрал дээр бэрхшээл учраад байна. Хилээр гарч буй техник, хэрэгслийг шалгахгүй байна. Хар тамхи,  хууль бус бараа нэвтэрч байгаа нь шалгалтыг сайн хийж чадахгүйтэй холбоотой. Тэгэхээр үүнийгээ буцаагаад Хилийн цэрэг рүү авахаас өөр аргагүй. Амьдрал үүнийг шаардаж байна. Улсын хилийн халдашгүй байдалд ноцтой хохирол учруулаад байгаа юм. Тийм байхад хариуцсан сайд нь нүдээ аниад яваад байж болохгүй. Тэнд зөрчил их гарч байна. Ажил ч урагшлахгүй байна гэлээ.

Мөн хилийн бүсэд бизнес эрхлэх, ашигт малтмал эрэн хайх, ашиглах, барилга барих зөвшөөрлийг хилийн цэргээс авах бус зөвхөн бүртгүүлдэг систем рүү оруулдаг болгохоор ажиллаж байгаа аж. Цаашлаад хилийн хамгаалалтын зурвасыг 50 км, хяналтын зурвасыг 10 км болгож тус, тус багасгах шаардлагатай гэдгийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэлж байна. Өмнө нь тус зай 100, 20 км байжээ. Аль ч улс орон өөрийнхөө хилийн орчимд барилгаа барьдаг, ажил үйлчилгээгээ явуулдаг. Тэгэж байж тухайн улсын бизнес нь өргөждөг. Тиймээс энэ жишиг рүү ойртох хэрэгтэй гэж салбар хариуцсан сайд нь үзэж байгаа юм байна.


Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

– Сайд асан Х.Тэмүүжин Хилийн шалган нэвтрүүлэх албыг ИХШХЕГ-руу шилжүүлэхдээ “Олон улсын жишиг ийм байдаг. Ингэхгүй бол болохгүй” гэж  хэлж байсан. Манай хоёр хөршөөс эхлээд бусад улсад тус алба нь хил хамгаалах байгууллага, иргэний харъяатын газар хоёрынхоо алинд нь хамааралтай байдаг юм бэ?

– Ингээд л Х.Тэмүүжин, Д.Дорлигжав хоёр болгохоороо хэрүүл нь үлдээд байгаа юм. Улс орон бүр өөр. Хилийн цагдаа болгоно гээд байгаа. Тэгэж болно. Дотоод яаман дотроо хилийн цагдаа, иргэний харъяатын газар нь хоёулаа байж байдаг.  Манай улсын хувьд хоёр хөрштэй. Хоёр хөрштэйгээ хил хамгаалах олон улсын гэрээ байгуулчихсан. Тэр гэрээндээ төлөөлөн харилцах байгууллагаа Хилийн цэргээ гээд томъёолчихсон. Хоёрдугаарт, ИХШХГ-т энэ албыг бүрэн хариуцуулах гээд байгаа бол хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл, хүн мал бүх зүйлд үзлэг нэгжлэг хийдэг хүчтэй байх ёстой. Тэгэхээр ийм шаардлага байхгүй. Хилийн цэргийнхэн энэ ажлыг хийгээд ирсэн. Алдааны хувьд засч болно. Цэрэг хувцастай хүмүүсээс айх хэрэггүй. Тэр хүмүүст энгийн хувцастай ажиллах журам гаргаад өгвөл асуудал байхгүй, ажиллачихна. Олон улсын жишиг дагна гэвэл хилийн цэргээ хилийн цагдаа болгоод хийвэл өөр хэрэг.

– Нийт хэдэн ажилтан буцаж Хилийн цэрэг рүү орохоор байна вэ?

– 300 гаруй хүн ирсэн. Тэр хүмүүс буцаад очно.

Т.ДАВААНЯМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж