2015-2016 оны хичээлийн жилд ХААН Банкны нэрэмжит дахин тэтгэлэгт хамрагдах ахлах курсын 20 оюутан тодорлоо
Монгол улсын оюунлаг ирээдүй болсон оюутан залуусын сурах их үйлсд дэмжлэг болох үүднээс ХААН Банк Сангаас сурлага хөдөлмөр, авьяас чадвараар манлайлагч шилдэг оюутан залууст зориулан “ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлдэг билээ.
“ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр”-т жил бүр 100-110 оюутан сурагчийг хамруулдаг. Ерөнхий боловсролын сургууль төгсөгч буюу Их дээд сургуульд шинээр элсэн суралцаж буй оюутнуудад зориулсан “Шинэ оюутны тэтгэлэлт хөтөлбөр”-ийг жил бүрийн 3-р сард нээлттэй зарлаж, 3 үе шаттайгаар шалгаруулалтыг явуулдаг.
2015-2016 оны хичээлийн жилийн тус хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг, Замын-Үүд, Зүүнхараа болон Улаанбаатар хотын Багахангай, Налайх, Багануур зэрэг захын дүүргийн нийт 80 шинэ оюутан шалгарч, сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгийг гардан аваад байгаа.
Харин хичээлийн шинэ жилийн эхээр уламжлал болгон зохион байгуулагддаг “ХААН Банкны нэрэмжит дахин тэтгэлэгт хөтөлбөр”-ийг өмнөх хичээлийн жилүүдэд тэтгэлэгт хамрагдаж байсан ахлах курсын оюутнууд дунд 10-р сарын эхээр зарлаж, шилдэг 20 оюутанг шалгарууллаа. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь Их дээд сургуульд элсэн суралцаж буй тэтгэлэгт оюутнуудаа дараа дараагийн курстээ хичээл зүтгэл гарган, амжилттай суралцсан тохиолдолд үргэлжлүүлэн дэмжих зорилготой.
2015-2016 оны хичээлийн жилд ХААН Банкны нэрэмжит дахин тэтгэлэгт шалгарч, сургалтын төлбөрийн тодорхой хувийг хөнгөлүүлэх эрх авсан шилдэг 20 оюутныг танилцуулж байна.
Шалгарсан 20 оюутны овог нэр, сургуулийн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
“ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр” нь 2007 оноос одоог хүртэл нийт 1200 гаруй оюутанд шинээр болон үргэлжлүүлэн тэтгэлэг олгож байгаа бөгөөд хариуцлагатай, найдвартай ирээдүйн боловсон хүчнийг дэмжихэд ийнхүү жил бүр хөрөнгө оруулалт хийсээр байна. Сурах идэвх зүтгэл, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн эдгээр оюунлаг залуус Монголын ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэдэг.