УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж, намаасаа хөөгдсөн Н.Номтойбаяр Польш, Малайзад болох дэлхийн авторалли уралдаанд оролцох бэлтгэл базаасан шигээ өдрийг өнгөрүүлж байна.
Гэхдээ бас дуугаа хураасангүй, намаас хөөгдсөн, УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон асуудлын талаар дараах байр суурь илэрхийлээд буй. Тэрбээр “Үнэхээр шударгаар асуудлыг шийдье гэвэл МАН хүчин хийсэн Д.Гантулгаа хөө, зодоон хийсэн нөхрөө хөө. Бааранд зодоон хийснээс Төрийн ордонд хийсэн зодоон хоёрын аль нь илүү ноцтой байна. ЖДҮ-чдээ намаасаа гарга. Мэдээж УИХ нь аваад үлдчихнэ. Намаас хөөх эрх нь бол байгаа. Адилхан л зарчим үйлчлэх ёстой. 2020 онд МАН-аас нэр дэвшүүлэхээргүй болголоо. УИХ нь 2020 онд нэр дэвшүүлэхгүй гэж хичээж байна” хэмээжээ.
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нь 2012 оны УИХ-ын сонгуульд Дорнод аймагт нэр дэвшин, өрсөлдөн ялалт байгуулж байв. Улмаар 2016 оны УИХ-ын сонгуульд дараалан ялсан. МАН Засгийн эрхийг авсны дараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдож, ахмад настны тэтгэврийн зээлийг хүүг бууруулах, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зүй бус зарцуулалтыг илрүүлэх зэрэг ажлуудыг хийж байв.
Мөн 2012-2016 онд МАН сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байхад УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн "Говь повер" компани байгуулагдсан даруйдаа тендерт ялж, "Эрдэнэс тавантолгой" компанитай гэрээ байгуулан, ажилласан "но"-той, ноцтой асуудлыг илрүүлж, олон нийтэд мэдээлж байв. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн нь "Эрдэнэс тавантолгой" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар давхар ажиллаж байх үед энэхүү хамтран ажиллах гэрээ нь зурагдсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна гэх мэдэгдлийг тэрбээр тодотгож байсан удаатай.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ