Улсын онцгой комисс хуралдаж дууслаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нөхцөл байдал ярвигтай болж эхэлж байна. Шинэ коронавирусийн дэгдэлтийн тоо хоногоор өсч байна. Нас барсан хүний тоо хоногт 60 орчим хүрч нэмэгдэж байна. Мөн Коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотын ойролцоох Хунань мужид шувууны H5N1 ханиад дэгдсэн. БНХАУ-тай хил залгаа байрладаг Азийн улс орнуудад мөн коронавирусийн өвчлөл гарсан. Тиймээс Монгол Улсын хувьд зохих арга хэмжээнүүд авах талаар шинэ төлөвлөгөө гаргах шаардлагатай байна. Үүний хүрээнд Улсын онцгой комиссын хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гарлаа. Тухайлбал, шувууны H5N1 ханиад гарсантай холбоотойгоор тахианы мах, бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглож байна.
Мөн хилийн боомтуудад хаасан тул гаднаас эх орондоо ирэх иргэдийн хүсэлт ихээр ирж байна. Хилийн боомтуудын халдвар, хамгааллын асуудалд анхаарах шаардлага бий. Замын-Үүд боомтод ажлын хэсэг ажиллуулж, холбогдох байгууллагуудын хангамж, хүрэлцээ болон ажлын явцыг шалгах ажлын хэсэг маргаашаас /2020.02.06/ гарна.
Коронавирусээс сэргийлэх зорилгоор салбар бүр шинэ төлөвлөгөө гаргаж, маргааш нэгтгэн, холбогдох хөрөнгө мөнгөний асуудлыг Засгийн газарт танилцуулахаар боллоо. Түүнчлэн коронавирусийн халдвар илэрсэн байж болзошгүй, сэжигтэй хүмүүсийг эмнэлэг тус бүр хүлээж авах нь хөрөнгө санхүү их гарах учраас өнөөдөр /2020.02.05/ тусгай эмнэлэг гаргах асуудлыг Эрүүл мэндийн яам судлаад, маргааш дахин Улсын онцгой комисс хуралдана" гэв.
Холбоотой мэдээ