"Эмнэлэгт хэвтэхэд 400 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ"

Хуучирсан мэдээ: 2020.02.05-нд нийтлэгдсэн

"Эмнэлэгт хэвтэхэд 400 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ"

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Байнгын хорооны гишүүн Д.Сарангэрэл, Н.Учрал нар өнөөдөр /2020.02.05/ хэвлэлийн бага хурал зарлан, 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооноос хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ.

2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 10 удаа хуралдаж, бие даасан гурван хууль, хамт өргөн мэдүүлсэн гурван хууль, Улсын Их Хурлын дөрвөн тогтоолыг батлуулсан хэмээн Байнгын хорооны дарга Д.Оюунхорол мэдээллээ. 2019 намрын чуулганы хугацаанд харьяа хоёр байгууллагын тайланг хэлэлцэж хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 19 удаа хуралдсан байна. Хэвлэлийн бага хурлын үеэр Байнгын хорооны дарга УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан хуулиудын талаар танилцуулсан юм.

  • Иргэдийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах эрх зүйн орчин бүрдлээ.
  • Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийг батлуулав.
  • Инновацид суурилсан шинэ бүтээгдэхүүн, технологи бий болж, олон улсын зах зээлд үндэсний брэндийг нэвтрүүлэх боломж бүрдэнэ.
  • Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль батлагдав.
  • Үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах хуулийг батлуулав.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлгийн шатанд одоо Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/, Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 10 хуулийн төсөл, Улсын Их Хурлын нэг тогтоолын төсөл хэлэлцэгдэж байгааг хэвлэлийн бага хурлын үеэр Байнгын хорооны дарга мэдээлсэн.

Мэдээллийн дараа байнгын хорооны гишүүдээс сэтгүүлчид сонирхсон асуултаа асуулаа.


-Гэр бүлийн тухай хуульд хүүхдийн тэтгэмж төлөхөөс зайлсхийсэн эцэг эхчүүдийг баривчлах заалт тусгагдсан. Энэ тухай тодруулбал?

НББСШУБХ-ны дарга Д.Оюунхорол: Өнөөдөр ШШГЕГ-т хүүхдийн тэтгэмж төлөх тухай асуудал маш хүндрэлтэй болсон. Гэрийнх нь хаягаар ШШГЕГ-аас очиж мэдэгдлүүдээ өгдөг ч гэсэн шийдэгддэггүй. Тиймээс төрөөс хүүхдийн тэтгэмжийг олгоод буцаагаад тухайн эцэг эхээс нь гаргуулж авдаг байх тусгай санг бий болгоё гэдэг санал гаргасныг Сангийн яам болон холбогдох яамд дэмжээгүй. Иймээс хүүхдээ тэжээх үүргээсээ татгалзсан эцэг эхийн тухайн хугацааг нь  хуулиар нарийвчлан зааж, Иргэний болон Эрүүгийн хуулиар зохицуулахаар хуульд тусгасан.  Хэрэв шалтгаангүйгээр хүүхдээ тэжээх үүргээсээ татгалзсан эцэг эхэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

-Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар иргэдэд ямар давуу талууд бий болох вэ?

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар хүн амын дунд зонхилж буй долоон төрлийн хорт хавдрын эрт илрүүлгийн тоног төхөөрөмж болон бусад нөхцөл боломжийг бүрдүүлэх маш ач холбогдолтой хууль батлагдсан. Ингэснээр хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн тоног төхөөмжийг нэмэгдүүлж байгаа юм. 2018 оны аравдугаар сараас эхлэн насны дөрвөн төрөлд буюу 18-34 нас, 35-45, 46-64, 65-аас дээш нас тус бүрийн аль насанд ямар хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй вэ гэдэг олон улсын жишигт нийцсэн нас, хүйст нь суурилсан урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж байгаа. Түүнчлэн өмнө нь иргэд хувийн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэхдээ Эрүүл мэндийн даатгалын сангаас хангалттай санхүүжилтийг авч чаддаггүй байсан. Өөрөөр хэлбэл, улсын эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэхэд 300 мянган төгрөгийн, хувийн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэхдээ 175 мянган төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас авдаг байсан. Шинэ хуулиар үүнийг жигд болгож, улсын болон хувийн эмнэлгүүдэд үйлчлүүлэхдээ Эрүүл мэндийн даатгалын сангаас 400 мянган төгрөгийн ижил хөнгөлөлт авах боломж бүрдсэн.

-Хар тамхины тухай хууль өнгөрсөн намрын чуулганы хугацаанд орж ирсэнгүй. Энэ чиглэлд эмэгтэй гишүүдийн зүгээс хэрхэн анхаарч байгаа вэ?

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Хар тамхины асуудалд холбогдсон бол хариуцлагыг чангатгах хуулийн төсөл дээр манай байнгын хороо идэвхтэй ажиллаж байгаа. Хар тамхины асуудалд анхаарал хандуулах шаардлага зайлшгүй бий. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо энэ чиглэлд анхааран ажиллаж байна. Бид энэ чиглэлээр удаа дараа төрийн болон төрийн бус байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж үр дүн нь эхнээсээ гарч байна. Тухайлбал, Филиппин улсын туршлагыг Монголдоо нэвтрүүлж гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудалд  хууль хяналтын байгууллагын удирдах шатанд эмэгтэй хүн оролцож байж асуудал илүүтэй шийдэгдэнэ гэж үзсэн. Энэ хүрээнд өнөөдөр ЦЕГ-ын бүтцэд гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн асуудал хариуцсан эмэгтэй удирдлага томилогдсон.

-Элэгний В, С вирусийн шинжилгээ хийдэг 13 лаборатори  90 гаруй мянган хүний шинжилгээний хариуг  буруу гаргасан гэх мэдээлэл гарсан. Энэ нь хэр бодитой мэдээлэл вэ?

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Засгийн газар 2017 онд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн үр дүн маш сайн байгаа. Одоогийн байдлаар 1.3 сая хүн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагдаж, вирустэй эсэхээ тодорхой болгож, эрүүл мэндийн даатгалын сангаасаа хөнгөлөлттэй эм авч, эрүүлжиж байгаа. Энэ үеэр элэгний В, С вирусийг илрүүлэх 22 лабораторийг шалгаруулж, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх өгсөн байдаг юм билээ. Эдгээр лаборатори Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай тухайн үедээ гэрээ хийж ажиллаж, тогтмол хяналттай байсан. Явцын дунд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, “Элэг” төвийн удирдлагууд нэгдсэн ажлын хэсэг байгуулж, явцын үнэлгээ хийсэн юм билээ. Үүний дараа 90 мянган хүний шинжилгээний хариу буруу гарсан гэсэн асуудал яригдаж эхэлсэн. ЭМДЕГ болон лабораторийн мэргэжлийн зөвлөлийнхөн ажиллаж, үүнийг үндэслэлгүй ташаа мэдээлэл гэдгийг тогтоосон.

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагийн “Хаппи веритас” лаборатори шаардлага хангаагүй эсэх, хуурамч материал бүрдүүлэн их хэмжээний мөнгө авсан гэх мэдээллийн тухайд хариулахад би тухайн үед сайд байгаагүй болохоор сайн мэдэхгүй юм. Харин ажлын хэсгийнхний зүгээс дэд сайд байсан хүний лаборатори “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт оролцохдоо бүрэн автомат тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхээр гэрээ хийсэн ч хагас автомат болгон шинэчилсэн гэж байгаа. Хагас болон бүрэн автомат төхөөрөмжийг шинэчлэх тариф нь өөр. Тиймээс өөр асуудлаар санхүүжилт авсан гэдэг асуудал яригдаж байгаа юм билээ. Энэ нь хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. Бусдаар бол энэ лабораториуд иргэдийнхээ  шинжилгээг буруу гаргасан зүйл байхгүй гэдгийг мэргэжлийн байгууллага нь тогтоосон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж