УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн МЭДЭГДЭЛ

Хуучирсан мэдээ: 2020.02.05-нд нийтлэгдсэн

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн МЭДЭГДЭЛ

Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлээс гэсэн эх сурвалжтай өдөр тутмын "Өдрийн сонин", "Өнөөдөр", "Зууны мэдээ" сонины 2020 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн дугаарт, мөн “Эрэн сурвалжлагч” нэгдэл нэртэй пэйж хуудаснаас “УИХ-ын дэд дарга сайдад нь хэлж, зөвлөх нь ЖДҮХС-гийнхныг дарамталсаар санхүүжилт авчээ” гэсэн гарчигтай материал нийтлэгджээ.

Нэг талыг баримталсан, гүтгэлгийн шинжтэй бичигдсэн энэхүү материалыг Монголын ардчиллын тулгуур болсон хамгийн том өдөр тутмын хэвлэлүүд нэгэн зэрэг ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ нийтэлж, сошиал сүлжээнд тарааж буйд харамсаж байна. Нийтлэлд дурдсан төслүүд нь миний сонгогдсон тойрогт хэрэгжих байсан бөгөөд зохих журмын дагуу дэмжлэг үзүүлэхийг хүсье гэсэн хүсэлтийг өөрийн албан бланк дээр салбарын яаманд хуулийн дагуу уламжилсан. Үүнийг хувьдаа завшсан, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан мэтээр гуйвуулжээ.

Зөвхөн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд хэрэгжсэн “Төмсний үрийн аж ахуй-зоорь” төслийн 240 сая төгрөгтэй намайг холбон буруутгаж байгаа бол дахин шалгуулахад би бэлэн байна. Хувийн хэвшилд олон жил ажилласан хүний хувьд жижиг дунд үйлдвэрлэгчид арай ядан оногдсон 240 сая зээлээс хумсалж хувьдаа завших ёс суртахуун байхгүй гэдгээ нүүр бардам хэлье.

Хууль хяналтын байгууллагаас миний нэр дээр дарамт шахалт үзүүлсэн, хууль зөрчсөн гэх үндэслэл, хуулийн зүйл заалт бүхий албан бичиг, тайлбар ирүүлээгүй бөгөөд миний бие АТГ-т зохих журмын дагуу мэдүүлэг өгч үүнд холбогдолгүй болох нь тогтоогдсон. Хөвсгөл аймагт ЖДҮ-г дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх нь УИХ-ын гишүүн миний үүрэг мөн боловч миний бие ЖДҮХС-нд нөлөөлөх ямар ч боломжгүй. Хөдөө орон нутагт ажлын байр гаргаж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлт гаргасан иргэд, хоршоог дэмжих, өөрийн хамаарал бүхий компанид зээл авах хоёрын хооронд асар том зөрүү байгаа гэдгийг Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэлд анхааруулж байна. Хэвлэл мэдээллийн байгууллага аливаа мэдээллийг бэлтгэх, нийтлэхдээ талуудын байр суурийг ижил тэнцүү байдлаар тусгаж холбогдох эх сурвалжийн тайлбар баримтыг үнэн эсэхийг нягтлах ёстой байтал надаас энэ талаар огт тодруулж нягтлаагүй болно. Миний нэр төрд халдсан дээрх нийтлэлийн дагуу залруулга гаргаж, сошиал сүлжээнд зохион байгуулалттай тарааж байгаа ташаа мэдээллээ зогсооно уу.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж