Цэцийн дарга асан Д.Одбаярыг хариуцлагаа хүлээхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2020.02.05-нд нийтлэгдсэн

Цэцийн дарга асан Д.Одбаярыг хариуцлагаа хүлээхийг шаардав

Цэцийн дарга асан Д.Одбаярыг хариуцлагаа хүлээхийг шаардав

“Ялгаварлалыг хариуцлагажуулъя” хөдөлгөөнөөс өнөөдөр /2020.02.05/ Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаярыг огцруулах шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарт хүргүүлэв. Тус нэгдлээс Д.Одбаярыг хариуцлагаа хүлээж, ард түмнээсээ уучлал гуйхыг шаардаж байгаа юм. Тус хөдөлгөөний тэргүүн Л.Отгонцэцэгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Ямар учраас шаардлага хүргүүлэх болов?

-Бид зуун хувь хариуцлагаа хүлээдэг системийг хүсч байгаа учраас энд зогсож байгаа юм. Бид анхнаасаа үндсэн хуулийн Цэцийн гишүүний суудлаа өгөхийг шаардсан. Тэрнээс гадна Д.Одбаяр Монголын ард түмнээс уучлал гуйгаач ээ. Гаднын улс орнуудыг харахаар төрийн эрх мэдэлтэй хүмүүс хариуцлага алдсан тохиолдолд ард түмнийхээ өмнө бөхийгөөд уучлал гуйдаг юм билээ. Манайд бол тийм юм байхгүй. Мартагнуулах системээр явдаг. Чимээгүй болчих юм бол ард түмэн мартчихна. Аажуу тайван иргэдтэй учраас зориудаар мартагнуулах гээд байдаг юм болов уу.

-Танай нэгдлээс ямар шаардлага тавьж байна вэ?

-Д.Одбаяр зуун хувь хариуцлагаа хүлээгээсэй. Солонгост шившиглэсэн ард түмнээсээ уучлал гуйгаасай гэсэн шаардлага тавьж байна. Ганц Д.Одбаяр гэхгүйгээр ер нь төрийн эрх мэдэлдэн албан тушаалтай хүмүүс зөөлөн сандал дээр суучхаад хариуцлага алдсан тохиолдолд хариуцлагаа хүлээж мартагнуулахаа болиоч ээ гэж хүсч байна.

-Шаардлагынхаа хариуг хэзээ авах вэ?

-Гурваас тав хоногийн дотор хариу өгөх байх гэж бодож байна. Цэц шиг удаан байдлаар нэг сарын дараа хариу өгөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ аль болох хурдан хариугаа авчихвал сайн байна.

-Гаднын оронд ийм нөхцөлд ямар хариуцлага тооцдог юм бол. Судалгаа хийж үзсэн үү?

-Япон, Солонгост ажлын байрны бэлгийн дарамтыг нэлээн чухалчилж авч үздэг. Дэлхийн 110 гаруй орон энэ асуудлыг нэлээн том асуудал гэж авч үздэг юм билээ. Хүнээ дээдэлдэг улс асуудлыг маш тодорхой заасан байдаг. Манай улсын хувьд тийм юм байхгүй. Та бүхний мэдэж байгаагаар эрүүгийн хуульд байсан заалтыг аваад хаячихсан. Сая зөрчлийн хуулиар оруулах асуудал яригдсан. Тэгэхдээ эрүүгийн хуулиас авна гэдэг нь хохирогчийг хуулиар хамгаалах ямар ч зүйл заалт байхгүй болж байгаа нь харамсалтай. Цаашдаа бид энэ асуудлыг эрүүгийн хуульд тодорхой заалттайгаар бусад орны туршлагуудыг судалж байгаад оруулбал зүгээр юм болов уу гэж бодож байна.

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж