Коронавирусийн сургаар худалдаачид завшив

Хуучирсан мэдээ: 2020.02.05-нд нийтлэгдсэн

Коронавирусийн сургаар худалдаачид завшив

Коронавирусийн сургаар худалдаачид завшив

Коронавирусийн тархалт дэлхий нийтийг айдас хүйдэст автуулаад байгаа энэ үед дэлхийн өнцөг булан бүрт болзошгүй нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлж эхэлсэн. Коронавирусын сургаар иргэд хүнсээ нөөцлөж буй. Монголд ч энэ үзэгдэл "давтагдаж", иргэд өнгөрсөн долоо хоногт томоохон зах, худалдааны төвүүдийг "нүүлгэх" нь холгүй худалдан авалт хийцгээсэн билээ.

Иргэдийн худалдан авах эрэлтийг даган худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг багагүй нэмсэн нь "дайны хажуугаар дажин" гэгч болов. Нийслэлийн статистикийн газрын долоо хоног бүр гаргадаг судалгаанаас ажиглахад махны үнэ 14 мянган төгрөгт хүрсэн бол хүнсний ногоо 50-100 төгрөгөөр өсчээ. Харин бусад бараа бүтээгдэхүүний хувьд үнэ нь харьцангуй тогтвортой байна.


ГУРИЛЫН ҮНЭ  

2020 оны нэгдүгээр сарын IV долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт:

  • “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1730-2500 төгрөг
  • 1-р зэргийнх 1100-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1100 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1390-1470 төгрөгийн үнэ ханштай байна.

Харин “Хүчит шонхор”, “Баянзүрх”, “Барс” хүнсний захуудад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1400 төгрөг, 1-р зэргийн гурил 1200 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1399 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит Шонхор”, “Хархорин”  хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1399 төгрөгөөр худалдаалж байна.

ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ

2020 оны нэгдүгээр сарын IV долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 0.5 хувиар өсч 1544 төгрөг, байцай 0.5 хувиар өсч 1613 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

 

КОРОНАВИРУСЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨРӨНГИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦӨӨС ГАРГАЖ БАЙНА

Монгол Улс коронавирусийн халдварыг эх орондоо тархаахгүй байх бүх боломжит арга хэмжээг авч байна.  Засгийн газрын нөөц хөрөнгө, Эрүүл мэндийн сайдын төсөв болон холбогдох төрийн байгууллагын төсвөөс уг хөрөнгө гаргаж байгаа билээ.

Тухайлбал, коронавирусийн голомтын бүс болох Ухань хотоос Монгол Улс 31 оюутан нэг хүүхдийг эх орондоо авчирсан. Тэднийг эх оронд нь авчирч, ХӨСҮТ-д 14 хоног тусгаарлахад зориулж, Засгийн газрын нөөц хөрөнгөөс 53 мянган ам.доллар гаргасан.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, оношлуур, хилийн боомт дахь Мэргэжлийн хяналтын алба, хэлтэст нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах  таван тэрбум, 510 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

Нэн шаардлагатай эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн багцаасаа санхүүжүүлэхийг сайд Д.Сарангэрэлд Засгийн газраас даалгав. Шаардлагатай зүйлсийг шууд гэрээ байгуулан худалдан авч, эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилахыг холбогдох сайд нарт зөвшөөрсөн юм. Харин эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд 2020 онд  506,538.3 сая  төгрөгийг  зарцуулахаар төсвийг хуваарилж өгсөн ажээ.

Мөн томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсвэл гэрээр асарсан эцэг, эх, асран хамгаалагч нарт тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагуудад зөвлөв.   Засгийн газрын зүгээс шинэ коронавирусын өвчинтэй тэмцэхэд нь зориулж БНХАУ-д 200 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг үзүүлсэн.

Энэ мэтчилэн Монгол Улсын Засгийн газрын зүгээс хөрөнгө мөнгө гарган, өвчнийг эх орондоо оруулахгүй байх үүднээс ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна. Харин иргэдэд зориулан хэрвээ өвчний голомттой бүс нутгаар аялсан бол өөрийгөө 14 хоногт бусдаас тусгаарлаж, биеэ хянахыг зөвлөж байгаа юм.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж