С.Бямбацогт: Шатахууны үнийг бууруулах ёстой

Хуучирсан мэдээ: 2015.10.26-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт: Шатахууны үнийг бууруулах ёстой

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Монгол Улсын 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн хуулийн төслүүдийг тус бүр хэлэлцэж байр сууриа нэгтгэжээ. Монгол Улсын 2016 оны төсвийн хуультай холбоотойгоор 2900 орчим улстөр, захиргааны албан тушаалтнуудын цалин 30 хүртэл хувиар хасагдах болж буй. Үүнийг тус бүлэг дэмжих боломжгүй хэмээн үзсэн байна. Хямралын үед орлогын гол эх үүсвэр болж байгаа цалинг бууруулах нь нэрмээс болно. Үүний оронд шаардлагагүй зардлыг танах. Тухайлбал, шатахуун, унаа, хурал зөвлөгөөн, гадаад, дотоодын томилолтын зардлыг бууруулж 2012 оны төвшинд нь авчирах. Шинээр байгуулагдсан 119 төрийн өмчит үйлдвэрийн газрыг  эргэж харж цомхотгон,  цалин, тэтгэврээ нэмэгдүүлэхэд эх үүсвэр болгох боломжтой хэмээн үзсэн аж. Мөн Малчдын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхэд анхаарах.

Засгийн газар Онцгой албан татварыг нэмэх бус шатахууных нь үнийг бууруулах бодлого барих. Энэ тухай тус бүлгийн дарга С.Бямбацогт “Дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ 2 дахин буурчихсан байхад монголчууд үнэтэй шатахуун хэрэглэж байна. Жишээ нь Хиагтад 1 литр шатахуун 1000 төгрөгийн үнэтэй бол Улаанбаатар хотод 1800 төгрөг байгаа. Тайвань зэрэг улс орнууд шатахууныхаа үнийг литр тутамд 500 төгрөгөөр бууруулсан. Иймээс Засгийн газар шатахуунд ногдуулах ОАТ-ыг нэмэгдүүлэх бус үнийг нь бууруулахын төлөө ажиллах шаардлага байна” мэдэгдлээ.  

Үүнээс гадна бүлэг Зарлагын дэд хороонд хандаж нийслэлийн төсвийг хянаж үзэх ёстой гэсэн шаардлага тавихаар болсон байна.


Дээрх мэдээллийг хийсний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

-Цалинг бууруулахад улс төрийн албан тушаалтнууд хамаарна. Үүнийг та бүхэн дэмжихгүй байгаа гэсэн үг үү?

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Төрийн албан тушаалтнуудыг энэ нь төрийн жинхэнэ албан хаагч, энэ үйлчилгээнийх, тэр нь улс төрийн албан тушаалтан гэж ялгах нь буруу. УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахууд бусдын л нэгэн адил гэр бүлээ авч явах гээд цалингийн, байрны зээлтэй байгаа. явж байгаа. Тийм учраас цалинг бууруулахгүй байх ёстой гэж үзэж байна.

-Шатахууны үнийг хэдэн төгрөгөөр бууруулна гэж тооцоолж байна вэ?

-Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ буурснаар Тайвань улс 1 литр шатахууныг 500 төгрөгөөр бууруулсан. Улаанбаатар хотоос 300 гаруй км-т орших Алтанбулагт 1 лирт шатахуун 1000 төгрөг байгаа. Гэтэл нийслэлд 1700-1800 төгрөг. Холбогдох байгууллагууд нь тооцоо судалгаагаа хийгээд нефтийн бүтээгдэхүүний үнийг буулгачих юм бол иргэдийн амьдралд шууд эерэгээр нөлөөлнө.

-Өршөөлийн хууль дээр бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-МАН-ын Удирдах зөвлөл, намын бүлэг хуралдаад авлига, албан тушаалын хэргийг өршөөлд хамруулахгүй гэдэг байр сууриа аль хэзээний хүрсэн. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үед зүйл бүрээр нэг бүрчлэн санал хураалгах ёстой, гэвч УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг удаа дараа завсарлага аваад байгаа учраас хэлэлцэгдэхгүй, хууль батлагдахгүй удааширч байгаа.

-2016 онд шинээр баригдах обьектуудыг та бүхэн яагаад хасах ёстой гэж үзээд байна вэ?

Д.Хаянхярваа: Шинэ хөрөнгө оруулалтын тухайд чухалчлаад заагаад байвал Монголд чухалгүй юм байхгүй. Гол нь урьд өмнө эхэлсэн маш олон обьектуудаа дуусгахгүй он дамнуулаад байхаар гарах зардал нь улам ихэсч байна. Тийм учраас урьд эхлүүлсэн ажлаа дуусгахад анхаарахаас аргагүй байна.

-Хотын төсвийг шалгах ёстой гэж та бүхэн үзэж. Жишээ нь юу нь хууль зөрчөөд байгаа юм бэ?

-Шилэн данстай холбогдож хэвлэгдэж байгаа баримтуудыг та бүхэн харсан болов уу. Хоёр орлогчтой байх ёстой атал зургаан орлогч даргатай. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зардал, утасны зардал гээд анхаарал татах асуудлууд байгаа учраас шалгаж, төсвийг нь зөв талд нь оруулахын тулд Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хандаж байгаа.

-2016 оны төсвийг алдагдалгүй батлах боломж байна уу. Зоригтой таначих зардал нь юу юм бэ?

-2016 оны төсвийн алдагдлыг ДНБ-ийн 0 хувьд барихыг бодно. Гэхдээ 2015 оны төсвийн тодотголоос энэ нь хамаарна. Хасагдах зардлууд дээр маш тодорхой санал хэлсэн. 2016 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцээд эхлэх үед дотор талд нь судалж үзэх харах олон зүйл бий.

-Гацууртын ордыг ашиглах асуудалд ямар байр суурьтай байна вэ?

С.Бямбацогт: Өнгөрсөн хавар УИХ-аар Гацууртын ордыг хэлэлцэж байхад байр сууриа тодорхой болгосон. Тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэж үзэж байгаа. Энэ байр суурь хэвээрээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж