Түргэн хоол эрүүл мэндэд муу гэдэг шүү дээ. Яг түүнтэй ижилхэн түргэн загвар /Fast fashion/ гэж бий. Түргэн загвар байгаль орчинд маш их хортой. Гэвч хүмүүс хямд үнэ, түргэн өөрчлөгдөх загварын чиг хандлагыг даган түргэн загварын хувцсуудыг худалдан авч, бас хаясаар байна.
Таны хувцасны шүүгээнд "Zara", "H&M" зэрэг түргэн загварын брендийн хувцас дор хаяж нэг байдаг л байх. Цахим худалдаа дэлгэрэхээс ч үл хамааран дээрх хоёр бренд хүмүүсийн сонирхлын төвд байсаар байдаг хүчирхэг бренд.
Эдгээр том, гялалзсан брендүүд дэлгүүрийн лангуун дээр мөөг шиг л ургаж, нарийн жийнс, бэлтгэлийн өмд, бариу даашинз зэрэг нь дуусна гэж байхгүйгээр "GAP", "Nordstorm" зэрэг брендээс хамаагүй хямд үнээр зарагддаг.
Гэвч тэр бизнес чөтгөрүүдийн ард чухам юу байдгийг хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй. Түргэн загварын брендийн тасалддаггүй түүхий эдийн нийлүүлэлтийн цаана ихэвчлэн нөөц нь дууссан байгаль, буурай орны цалингүй үйлдвэрийн ажилчид уйлаад сууж байдаг. Мөн үйлдвэрлэлийн үйл явц байгаль орчинд маш хортойгоор барахгүй гарсан бүтээгдэхүүн нь чанар муутай байдаг.
Хамгийн чухал нь тэрхүү чанаргүй хувцас хурдан муудахын хэрээр, бас загвар нь хуучрахын хэрээр хүмүүс түүнийг өмсч, хуучруулж, голж, хаяад өнөөх л брендүүдээсээ дахин шинэ хувцас авдаг. Харин даавууны хог хаягдал байгальд хичнээн хортойг та мэдэх үү?
Ихэнх хүмүүс энэ бүхнийг саяхныг хүртэл мэдээгүй, бас мэдэхийг хүсээгүй явсан. Гэтэл 2019 оны есдүгээр сард "Forever 21" бренд үйл ажиллагаагаа зогсоосон. Зарим мэргэжилтнүүд тэднийг дампуурсан гэж үзэж буй. Харин мэдээллээс харахад худалдан авагчдын сонирхол сүүлийн үед байгальд ээлтэй загвар /Sustainable fashion/-т ихээр татагдах болсон байна. Ингэлээ гээд түргэн загварын бизнес моодноос арай гарчхаагүй ч худалдаачид үүнийг анхааралдаа авах цаг нэгэнт болжээ.
ТҮРГЭН ЗАГВАР ХЭРХЭН ЭНГИЙН ХЭРЭГЛЭЭ БОЛОВ?
"Энэ хувцаснаас биш ердөө л хаягдал ихтэй нийгмээс болсон" хэмээн үйлчлүүлэгчийн хандлага судлаач Майкл Соломон ярьжээ. Түүнийхээр бол түргэн загварын хурдтай хөгжил нь даяарчлал, 21-р зууны сэтгэлгээний үр дүн гэнэ. Урьд цагт компаниуд бараагаа түгээхэд төвөгтэй байсан ч өдгөө хиймэл оюун ухаан тэр бүгдийг маш үр дүнтэй хийж чадаж байгаа.
1950-иад онд бол эмэгтэйчүүд бэлэн даашинз худалдан авахын тулд каталогоос харж байгаад ес /одоогийнхоор 72/ ам.доллараар захиалга өгдөг байсан. Харин өнөөдөр хэн хүссэн нь замын нөгөө талд буй дэлгүүр рүү алхаж ороод л дурын даашинзаа 12 ам.доллараар худалдаад авчхаж болно. Өнөөгийн хувцасны үнэ, түүхий эд, үйлдвэрлэлийн өртөг хямд байгаа ч нөгөө талаас чанарын хувьд муу дүн авах нь их.
Түргэн загварын бас нэгэн томоохон төлөөлөгч "Zara" таван долоо хоногтоо нэг буюу жилд дор хаяж, 20 өөр коллекци гаргадаг. Мөн сүүлийн үед цахим худалдаа өргөжихийн хэрээр "Хэт түргэн загвар" гэх тодотгол их харагдах болж. Тэд бол бүр солиотой. Сард л мянга гаруй шинэ бүтээгдэхүүн гаргадаг гээд бод. Тэр ч байтугай "Fashion Nova" түргэн загварын брендийн гүйцэтгэх захирал долоо хоног бүр 600-900 шинэ загвар гаргадаг хэмээн ярьж байжээ. Тэд ийнхүү худалдан авагчдын дуусашгүй шуналаар бизнес хийдэг байх нь.
Цаашлаад цахим харилцааны хэрэгслүүд хөгжиж, хүн бүр л өдөр тутамд ямар хувцас өмсч буйгаа бусдад харуулах боломжтой болсон. Мөн нөлөөлөгч буюу Influencer гэх бараг л мэргэжил үүсч хөгжсөн нь түргэн загвар, ялангуяа цахим худалдаачдад маш ашигтайгаар нөлөөлөх болсон.
Түүнээс гадна орчин үед нэг хувцсаа олон өмсөх нь "шал тэнэг" үйлдэл гэх ойлголт олны дунд их түгсэн. 2017 онд авсан нэгэн судалгаагаар 18-25 насны хүмүүс гэрээс гарах болгондоо ойрд өмсч харагдаагүй хувцас сонгон өмсөх гэж хэрэндээ л зүдэрдэг тухай ил болсон байна. Бас 2019 оны нэгэн судалгаанаас харахад британичууд зун цагт ердөө ганц л өмсөх хувцас худалдаж авахын тулд 2.7 тэрбум паунд үрдэг гэнэ.
ХУДАЛДАН АВАГЧДЫН НҮДИЙГ ХЭРХЭН СОХОЛДОГ ВЭ?
Түргэн загвар бол өнөөгийн худалдан авагчдын хувьд гол сонголт байсаар байна. Гэтэл тэдгээр хувцаснуудын үнийн шошгоны цаана юу байдгийг ихэнх хүмүүс мэддэггүй. Харин өнгөрсөн арванхоёрдугаар сард Нью Йорк Таймс түргэн загварын брендүүдийн үйл ажиллагааг судалж, тэдний үйл ажиллагааны доор хэтэрхий бага цалинтай ядуу ажилчид байгааг олж, нийтэд ил болгосон.
Тэрхүү мэдээлэл брендүүд хэрхэн тун бага үнээр маш хурдтай шинэ загварууд гаргадгийг олон нийтэд илчилж, алмайруулсан юм. Гэсэн хэдий ч хүмүүсийн гайхширал удаан үргэлжилсэнгүй. Учир нь Карди Би, Амбер Рөүз, Жанет Гузман зэрэг олонд нөлөөлдөг одууд түргэн загварын хувцас өмсөхөө больсонгүй. Тэднийг дагаад хүмүүс ч больсонгүй.
Зарим компаниуд нэр хүндээ сэргээхийн тулд Америк дахь ажилчдынхаа цалинг нэмсэн ч үнэндээ жинхэнэ ажилчид нь Энэтхэг, Этиоп, Бангладеш зэрэг улсуудад Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй нөхцөлд үнэгүй шахуу өдөр шөнөгүй ажиллаж байдаг.
БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЗАГВАР РУУ ХӨРВӨХ НЬ
Өнөөгийн хувцас үйлдвэрлэл байгаль орчинд дэндүү хортой байна. Чухам хэр хохирол учруулсныг тодорхой харуулсан албан ёсны судалгаа одоогоор байхгүй ч ямар ч ухаанаар бодоход хувцасны үйлдвэрлэл дэлхийн нөөцөөс хамгийн их цөлмөдөг салбар яалт ч үгүй мөн. Жишээ нь зөвхөн полиэстр материалын нэхмэл эдлэл үйлдвэрлэхэд жилд 706 сая тонн хүлэмжийн хий ялгаруулж, хэдэн мянган литр ус үрдэг.
Сүүлийн арван жилийн хэрэглэгчдийн хандлага, байгаль орчноо хайрлах ухамсар компаниудыг ил тод байх, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллөө эргэн нэг харахад хүргэж байна. 2015 оны нэгэн судалгаанаас харахад ихэнх дэлгүүрүүд байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг нийлүүлэгчээс нь өндөр үнэ төлж авахад бэлэн байгаа ажээ.
Харин түргэн загварын брендүүд энэ тухай анхаарал хандуулахгүй байна хэмээн мэргэжилтнүүд шүүмжилсээр байна. Харин 2019 оны МакКинсигийн мэдээлснээр түрээсийн хувцас, комиссын хувцасны эрэлт эрс нэмэгдэж байгаа бөгөөд эдгээр салбар нь 10 жилийн дотор түргэн загварын эрэлтийг гүйцэх боломжтой хэмээн таамаглажээ.
Харин үйлчлүүлэгчдийн зан төлөвийн мэргэжилтэн Соломон худалдан авагчдын дунд "Ногоон хувьсгал" гарах нөхцөл бүрдэж байна хэмээн үзэж байна. Ижил үйл явдал 2007 онд болж байсан ч их хямрал нүүрлэснээр хүмүүс байгаль дэлхийгээ бодохоос илүү халаасаа анхаарах болсон байна.
ЭХ СУРВАЛЖ: VOX.COM
Холбоотой мэдээ