2015 оны Төсвийн тодотголыг УИХ-ын чуулганы хуралдаанаар ид хэлэлцэж байна. Ирэх лхагва гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэх бөгөөд Засгийн газраас дэд сайдуудыг цомхотгож, УИХ-ын гишүүд болон Засгийн газрын сайд, дарга нарын цалинг 30 хувиар бууруулах бодлого барьж буй. Тэгвэл Б.Болорын оруулж ирсэн төсвийн тодотгол дээр УИХ-ын зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа билээ. Тодруулбал дэд сайдуудыг цомхотгох гэсэн Б.Болор сайдын хэмнэлтийг зарим улстөрчид дэмжихгүй байгаагаа илэрхийлэх болсон билээ. Шийдлийн Засгийн газар уг нь 17 дэд сайдтай. Гэхдээ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн МАН-ын дэд сайдуудын орны хүмүүсийг одоо болтол томилохгүй байгаа шалтгаан нь ирэх жилээс Ч.Сайханбилэгийн танхим дэд сайдгүй ажиллахаар төлөвлөсөн явдал.
Монголын төрд чухал үүрэггүй хэрнээ сайдын хэмжээний эрх ямба эдэлдэг албан тушаал бол дэд сайд. Иймээс хэрэгтэй, хэрэггүй албатуудаа цөөлж, том төрөөс ухаалаг төрд ойртох гэсэн Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бодлого нэг талдаа зөв. Харин нөгөө талдаа үүнийг улстөржүүлж, эсэргүүцэх хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
Монгол Улсын төрийн бүтэц уул уурхайн өндөр өсөлт дээр жил ирэх тусам томорсоор, өнөөдөр 170 мянган хүн баялаг бүтээгчдийн нуруун дээр амьдарч байна. Тиймээс энэхүү 170 мянган хүнийг цөөлж, төрийн данхайсан бүтцийг цомхотгосноор төсвийн ачаалал буурна. Төсвийн ачаалал буурахаар хувийн хэвшлийнхний нуруун дээрх ачаа багасна. Статистик мэдээнээс харахад төрийн албаны 4000 гаруй секторт 170 мянга орчим төрийн албан хаагч ажилладаг аж. Үүнээс 1,7 хувь нь төрийн улс төрийн салбарт, 17,7 хувь нь төрийн тусгай албанд, 70,7 хувь нь төрийн үйлчилгээнд ажилладаг аж. Насны хувьд дийлэнх нь буюу 41,5 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг юм байна.
Монголын төрийн алба төрлийн алба болоод удаж байгаа. Тиймээс төрийг төрлийн албанаас цэвэрлэхийн тулд Б.Болорын оруулж ирсэн бодлогыг дэмжих нь зөв. Чиг үүрэг, ажил мэргэжил нь давхардсан, төрд хэрэггүй олон албатаа цөөлж, цомхон чадварлаг хүмүүсээр төрийг бүрдүүлэх нь эдийн засгийн шинэ бодлогуудын нэг. Гэхдээ хэн нэгний цалинг бууруулснаар бодит хэмнэлт болж чадах үгүйг бодолцох ёстой. Төсвийн тодотголын хүрээнд төрийн албан хаагчийн цалинг бууруулахыг төрийн албаныхан ч өөрсдөө ч эсэргүүцэх болсон. Өөрөөр хэлбэл, эмч, багш, цэрэг, цагдаагаас бусад төрийн албна хаагчийн цалинг бууруулна гэсэн Б.Болорын бодлогыг эсэргүүцэж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр хэвлэлийн бага хурал ч хийлгэв. 2016 оны төсөвт шүүхийн төсвийг 24, шүүгчдийн цалинг 30 хувиар бууруулахаар тусгасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс буруутгаж байгаа юм. Харин дараагийн эсэргүүцлийн хэн зарлах бол?
Энэ бүхнээс харахад Б.Болорын оруулж ирсэн 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөл улстөрчид болон төрийн албан хаагчдын эсэргүүцэлтэй тулгарч, энэ байдлаараа бол төрийн албаа ч цөөлж чадахгүй, төсвийнхөө хөөсийг шахаж чадахгүй батлагдаж магадгүй байна.
А.ШАРХҮҮ