НЭМЭЛТ:
БНХАУ-ын коронавирусийн голомт болсон Ухань хотоос ирсэн иргэнийг Орхон аймагт тусгаарлаад буй. Энэ асуудаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл мэдээлэл хийлээ. Тэрбээр “Орхон аймгийн Өрхийн эрүүл мэндийн төвд нэгэн иргэн ирж үзүүлээд “Ухань хотоос нэгдүгээр сарын 27-нд ирсэн” гэж хэлсэн ч тийм байх боломжгүй. Учир нь, нэгдүгээр сарын 23-нд Ухань хотод хөл хорио тогтоосон байсан. Одоогоор тухайн иргэний биед ямар нэгэн зовуурь байхгүй. Тиймээс сэжигтэй тохиолдол гэж үзэхгүй ч асуумж авч, тандалт судалгааг хийж байна” гэлээ.
Мөн “Сэжигтэй тохиолдол бүртгэгдэх эрсдэлтэй гэдгийг иргэд санаж, байнгын сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Өдөрт 300 гаруй Монгол хүн урд хөршөөс ирж байгаа. Энэ хугацаанд 6000 гаруй хүн зорчиж ирлээ гэх мэдээллийг өгсөн.
БНХАУ-тай хиллэдэг орнуудад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдэж, бүгд Ухань хотод аялсан өгүүлэмжтэй байгаа тул халдвар зөөвөрлөгдөж орж ирэх тэр дундаа нууц үедээ зөөвөрлөгдөх эрсдэлтэй байна. Ийм шалтгаанаар ХӨСҮТ гурван иргэнд шинжилгээ хийсэн. Бүгд БНСУ-аар дамжин ирсэн хүмүүс байгаа. Шинжилгээний хариу маргааш /2020.02.06/ гарна. Тиймээс нийгмийн сүлжээгээр цацагдсан шиг Дархан-Уул болон Завхан аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ гэж мэдээлж болохгүй. Завхан аймгаас нэгдүгээр сарын 29-нөөс хойш есөн сорьц ирсэн. Эдгээрийн таван сорьцоос ямар нэгэн вирус илрээгүй. Харин дөрвөөс нь томуугийн А хүрээний вирус илэрсэн. Одоогоор Завхан аймагт шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй.
Шинжилгээний хариу гараагүй, тандалт хийх хугацаанд сэжигтэй тохиолдол илэрлээ гэж цуу яриа үүсгэхгүй байхыг хүсье. ДЭМБ-аас ойрын 21 хоногт БНХАУ руу зорчихгүй байх зөвлөгөө өгч байгаа. Энэ зөвлөмжийг дагах, хэрэв аялсан бол халдварын нууц үе дуустал өөрийгөө тусгаарлах шаардлагатай байна” гэсэн юм.
ОРХОН АЙМАГТ КОРОНАВИРУСИЙН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ
НЭМЭЛТ:
Орхон аймагт Хятадын Ухань хотод ажиллаж байсан, тээврийн жолооч иргэнийг коронавирусийн халдварын сэжигтэй байж болзошгүй гэж үзэн, тусгаарлажээ. Тэрбээр 25 настай, өчигдөр Орхон аймагт ирсэн юм байна. Одоогоор бие нь өндөр халуунгүй, бусад шинж тэмдэг илрээгүй хэвийн юм байна. Уг иргэн нь БНХАУ-ын Ухань хот руу тээвэр хийсэн гэж эхний асуумжаар хариулсан тул ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу тусгаарлаад байна гэдгийг эх сурвалж хэллээ. Яг одоо Орхон аймгийн Онцгой комисс хуралдаж байна.
Орхон аймгийн Онцгой комисс тухайн иргэнийг Уханьд ажиллаж байсан эсэхийг нь нарийвчлан шалгах ажлыг зохион байгуулна гэв. Мөн холбогдох хууль хүчний байгууллагуудад дээрх асуудлаар үүрэг чиглэл ѳгч байна.
ДАРХАН-УУЛ АЙМАГТ КОРОНАВИРУСИЙН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ГАРЛАА
Шинэ төрлийн коронавирусийн халдварын асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.2.5/ мэдээлэл хийлээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Д.Нямхүү “Дархан-Уул аймагт хоёрдугаар сарын 4-нд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрснийг тусгаарлан, хянаж байна. Уг иргэн нь 2020 оны нэгдүгээр сарын 30-нд Сөүл- Улаанбаатарын онгоцоор ирээд Дархан-Уул аймагт очсон, аймагт нь тусгаарласан.
Мөн хоёрдугаар сарын 4-нд 23.00 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор хоёр тохиолдол илэрч, ХӨСҮТ-ийн тусгай тасагт тандалт судалгаа, эмчилгээ, эмчийн хяналтад ороод байгаа. Шинжилгээний хариу маргааш гарна. Японоос ирсэн оношлуураас 100 гаруй байгаа. Шинээр захиалсан 3000 оношлуурын 500 нь эхний ээлжид ирэх долоо хоногт ирнэ” гэлээ.
Өмнөх сэжигтэй тохиолдлуудын хариу бүгд сөрөг гарсан. Нийтдээ сэжигтэй гэсэн 71 хүнээс шинжилгээ авахад сөрөг гарсан. Үүнд Уханиас ирсэн 31 оюутан ч багтана" гэлээ.
ӨВЧЛӨЛ ГАРСАН ГАЗАР УДААН ХУГАЦААГААР АЯЛАСАН ИРГЭНИЙ БИЕ ЭВГҮЙРХСЭН
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байна. Монгол Улс нь эрсдэл өндөртэй оронд тооцогдож байгаа. Учир нь хилээр орж ирж буй Монгол иргэдийн тоо эрс өсч, халуурсан зэрэг сэжигтэй тохиолдол эрс нэмэгдэж байна. Нэгдүгээр сарын 3-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ талаар мэдээлэл авснаас эхлээд иргэдэд сэрэмжлүүлэг хүргэсэн байтал түүнээс хойш өвчлөл гарсан газраар удаан хугацаагаар аялаад ирсэн. Биеийн байдал нь эвгүйрхсэн тохиолдлууд гарч байна. Тухайлбал, Дархан-Уул аймагт нэг хүн байна. Коронавирусийн талаар сэрэмжлүүлэг хүргэсээр байхад халдвартай газраар аялсан тохиолдол гарч байгаа тул иргэд дор бүрнээ сэрэмжтэй байх хэрэгтэй. ДЭМБ-аас өгч буй зөвлөмжийг анхаарч халдвартай газраар зорчихгүй байх, хоёрт, цээжээр өвдөх, ханиалгах, халуурах зэрэг сэжигтэй зүйл байгаа бол маск зүүгээд эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байгаа” гэлээ.
НЭГ САРААС 97 НАСТАЙ ХҮН ӨВЧИЛСӨН
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “ДЭМБ-т 2020 оны хоёрдугаар сарын 4-ны байдлаар шинэ коронавирусийн халдварын 20 мянга 630 тохиолдол бүртгэгдэж, 426 хүн нас барсан байна. Нас баралтын төвшин 2.1 хувьтай тэнцүү байна. Нийт тохиолдлын 99 хувь нь хятадад бүртгэгдсэн байна. БНХАУ-аас гадна 23 улсад 159 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагийн байдлаар БНСУ, Малайз, Вьетнам, Герман зэрэг дөрвөн оронд зургаан тохиолдол шинээр нэмэгдсэн. БНХАУ-ын Өвчин судлалын төвөөс 7711 тохиолдолд хийсэн дүнгээс харахад өвчлөл эрэгтэйчүүдэд давамгайлж байгаа бөгөөд хүйсийн харьцаа 1.2:1 хувьтай байна. Насны хувьд 87 хувийг 30-79 насныхан эзэлж байгаа бөгөөд халдвар нэг сартайгаас 97 насны бүх хүмүүсийг хамарсан. Нууц үе 6.1 хоногтой байна. БНХАУ-аас бусад оронд гарсан халдвар нь халдварын бүсээр аялснаас үүдсэн байгаа. Тиймээс халдварын голомттой бүс нутгаас ирсэн хүн 14 хоног өөрийгөө тусгаарлаж ажиглаж, дэглэм сахихыг зөвлөлөө” гэсэн юм.
ДЭД АЖЛЫН ХЭСЭГ ГАРСАН
Онцгой байдлын ерөнхий газрын хэлтсийн дарга Д.Хонгор “Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх асуудлаар Улсын онцгой комисс хоёр удаа хуралдсан. Холбогдох яам, агентлагуудад үүрэг өгч ажиллаж байна. Хоёрдугаар хуралдаанаар Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан дэд ажлын хэсэг гарсан. Үүрэг нь мэргэжлийн байгууллагуудыг мэдээ мэдээллийг нэгтгэн цуглуулах, мэргэжлийн байгууллагад өгсөн даалгаврын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна” гэв.
ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН УСТГАСАН
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэндийн хэлтсийн дарга Н.Баярболд “Мэргэжлийн хяналтын газар нь 2020 оны нэгдүгээр сарын 7-ноос эхлэн өндөржүүлсэн байдалтай ажилласан. Энэ хүрээнд 47 эмнэлэг, 197 сургууль, 400 гаруй цэцэрлэг, 67 цахим тоглоомын газар зэрэг газруудад зөвлөмж мэдээлэл өгч ажилласан. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасан байтал хоёр сургалтын төв үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрсэн. Хариуцлага алдсан нэгэнд нь торгуулийн арга хэмжээ авч хоёр зөрчлийг арилгуулсан. Цагаан сарын баяртай холбоотойгоор шалгалт явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар эрүүл ахайн шаардлага хангаагүй 15 тэр төрлийн 1166 ширхэг буюу гурван сая гаруй төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгасан” гэсэн юм.
Холбоотой мэдээ