“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаагийн ядарсан иргэн, ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдааг загнаж, занаж буй бичлэг олон хүнийг бухимдуулсан билээ. Үүнээс болоод цагдаа Загдаа юу, Загдаа цагдаа юу гэсэн шинэ трэнд үг гарахад ч хүрсэн. Ямартай ч Монголд хуульгүй мэт авирлаж буй "эх оронч" гэж өөрийгөө өргөмжилсэн хүчирхийлэгчид олширсоор байна. Тэд бусдын эрхэнд халдаж, хүчирхийлж байгаагаа "шударга ёс сахиулж буй үйлдэл" гэж ярьдаг, итгэдэг болоод удаж байгаа билээ.
Ганц Г.Загдаа ч биш, “Босоо хөх Монгол” тэргүүтэй бүлгэмийнхэн мод бэлтгэж байсан нэгэн иргэдийг зодож, занчиж байгаа бичлэг цацаснаас болж бусдыг амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй байгаа. Энэ хэргийг хууль шүүхийнхэн шалгаж буй. Эх оронч хэмээн өөрийгөө өргөмжлөгсөдийн хувьд хийсэн үйлдэлдээ харамсах нь бүү хэл биеэ өмөөрч, сошиалаар хэн нэгнийг гутаан доромжилж, загнаж зандарч байгаатай эвлэрсээр суух уу. Тэдэнд хуулиас дээгүүр авирлах, бусдын эрхэнд шууд ба шууд бусаар халдах эрх хэн өгсөн бэ.
Нэгэн цагт Монголын гоц авьяастнаар тодорч явсан зураач эмэгтэй бусдын биед халдаж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд тавьж байв. Тэрбээр гадаадын компаниудад очиж, дарамт шахалт үзүүлж буйгаа ил тодоор зарладаг болсон. Энэ мэт дураараа аашилж, өөрсдийгөө шүүх гэж бодсон хүмүүстэй Монголын төр хэзээ хариуцлага тооцдог, иргэний эрхийг хамгаалдаг болох вэ. Хэрэв хэн нэгэн гэм буруутай бол түүнийг Г.Загдаа эсвэл "Босоо хөх"-ийнхөн, Л.Өнөрчимэг нар шүүдэг юм биш, шүүх, хуультай улс мөн юм бол шүү дээ.
Г.Загдаа архины хамааралтай иргэдийг харж хандан, орон гэргүй, оочих хаяггүй иргэдэд тусалдаг сайхан сэтгэлтэй нэгний дүрд тоглодог байсан нь нэг бус удаа илчлэгдсэн. Тэр бодит байдал дээр ядарсан, зовсон иргэдийг дээрэлхэж, өөрийгөө давуу эрхтэй мэт бодож суугаа нь Монголын өнөөгийн нийгмийн гол эмгэнэл болчихоод байна. Эргэн сануулбал, тэрбээр өнгөрөгч долоо хоногт цагдаагийн алба хаагч болон хүүхдээ авахаар ирсэн эмэгтэй рүү орилж, хашхиран элдвээр хэлж, хараан, зүхэж байгаа нь баримтаар нотлогдсон.
“Зөв амьдрах ухаан" гэх сүржин нэртэй байгууллага 2012 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Ингэхдээ архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх, ажлын байртай болгох зэргээр элдэв янзын аргаар улсаас тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө авдаг аж. Одоогийн байдлаар тус төвийн хашаанд 65 том хүн, 62 хүүхэд амьдардаг. Тэднийг харж, ханддаг гэх нэрээр хүчирхийлдэг нь бичлэгээр тодорхой болсон. Тиймээс Г.Загдааг цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна.
П.ШИНЖЭЭРАВДАН МОД БЭЛТГЭСЭН ИРГЭНИЙГ АМИА ХОРЛОХОД ХҮРГЭСЭН ҮҮ?
Г.Загдаагийн дуулиантай зэрэгцээд “Босоо хөх Монгол”-ын удирдах зөвлөлийн гишүүн П.Шинжээравдан “Нойтон мод бэлтгэж байсан хүмүүст жавтий хүртээв” гэх тайлбартай бичлэгийг сошиалд цацсан билээ. Уг бичлэгт Сэлэнгэ аймагт мод бэлтгэж байсан иргэн Г болон хоёр иргэнийг тус бүлгэмийнхэн айлган сүрдүүлж зодож занчиж байгаа нь харагддаг.
Харамсалтай нь, уг бичлэгт гарсан иргэн Г нь Сэлэнгэ аймагт амиа хорлосон болох нь тогтоогдсон юм. Хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байгааг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлсэн. Үхсэн хүн үг хэлэх биш, амиа хорлосон иргэн Г нь бичлэг цацагдсанаас болж, нутаг усандаа адлуулж, сэтгэл санааны хүндхэн байдалд орсныг ар гэрийнхэн мэдээлж байв. Харин П.Шинжээравдан уг хэрэгт харамсах нь байтугай талийгаачийн үхэлд “Сентерра гоулд” ХХК буруутай гэсэн хэнэггүй хариулт өгчээ.
Тэрбээр “Тэд 40-50 насны амиа хорлоод байхаар улс биш байсан. Миний зүгээс талийгаач болсон хүний ар гэрийнхний өмнөөс маш их эмгэнэл илэрхийлж байна. Энэ асуудлыг сошиалаар иргэдийг талцуулах зорилгоор тавиагүй. Нутгийн иргэд нь битгий ийм үйлдэл гаргаач ээ гэдэг байдлаар асуудалд хандсан. Өчигдөр би Сэлэнгэ аймгийн Мандал суманд очоод гэрчийн мэдүүлэг өгөөд зөрчлийн хуулиар торгуулаад ирсэн. Энэ үеэр мөрдөн байцаагчаас амиа алдсан иргэний талаар асуухад гаднын нөлөөнөөс болсон эсэхийг шалгаж байгаа. Миний зүгээс энэ үйлдэлд “Сентерра гоулд” ХХК буруутай гэж хардаж байгаа” гэж тайлбарлажээ.
Хэрэв хүнийг амиа хорлоход хүргэсэн бол Эрүүгийн хуулийн 10.4-т зааснаар “Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.
Энэ мэт эх оронч нэрийн ард нуугдсан гэмт этгээдүүд, хуульд захирагддаггүй дураараа авирлагчдыг даврааж, даамжруулж болохгүй. Учир нь, тэд нийгмийн "коронавирус" юм. Иргэн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гэж заасан. Тиймээс сошиалаар хэн нэгнийг гутаан доромжилж, хууль, төрд захирагдахгүй амьдарч, бусдыг дээрэлхэж, зандчин эрхэнд нь халдах үзэгдэл сүүлийн үед гаарсан. Эх захгүй, ичиж айхгүй тэдэн шиг хүмүүс олширвол Монголын нийгэмд юу болох вэ?
Э.АРИУН
Холбоотой мэдээ