Коронавирусийн халдварын дэгдэлттэй холбоотойгоор дэлхийн ихэнх улс орнууд хөл хорио тогтоож, улмаар бизнес эрхлэгчид шинэ нөхцөл байдалд хэрхэн дасан зохицож, үйлдвэрлэлээ алдагдалгүй ажиллуулах вэ гэдэг нь толгойны өвчин болж байна. Өнөөдрийг байдлаар БНХАУ-д коронавирусийн улмаас 479 хүн амиа алджээ. Энэ үед Хятадын олон компаниуд ажилчидаа гэрээсээ ажиллах үүрэг өгчээ. Гэхдээ энэ нь тэдний бүтээмжийг хэр дээшлүүлэх вэ гэдэг нь гол асуудал болж байгаа талаар Bloomberg онцолжээ. Тодруулбал, “Reprise Digital” хэмээх Шанхайн зар сурталчилгааны агентлагийн захирал Элвин Фу хэлэхдээ “Бидний хувьд энэ цаг мөчид гэрээсээ ажлаа хийх схемийг турших боломж олдож байна” гэжээ. Түүний хэлснээр тус зар сурталчилгааны агентлагийн 400-н ажилтан гэрээсээ видео хурал хийж, утсаар холбогдож ажлаа хийцгээж байна.
Гэрээсээ ажлаа хийж буй ажилтнуудын тоо тун удахгүй армийн түвшинд хүрнэ хэмээн Bloomberg бичжээ.
Өнөөдөр ихэнх хятадууд цагаан сарын амралттай байгаа энэ үед Хонгконгийн банкир нөүтбүүк, гар утастай байхад дэлхийн хаанаас ч ажлаа амжуулах боломжтой гэж ярьжээ. Гэхдээ энэ зарим нэг банкируудад боломжгүй зүйл гэнэ. Учир нь, тэд ихэвчлэн үйлчлүүлэгчидтэй уулзах ажилтай байдаг бөгөөд коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор ямар ч товлосон уулзалтгүй, ажилгүй сууцгааж байна. Үүний зэрэгцээ, БНХАУ-ын компанийн удирдлагууд коронавирусийн цаг үеийн мэдээллийг харгалзан, ажлын төлөвлөгөөгөө өдөр бүр өөрчилж байгаа нь ажилчдад нь хүндрэлтэй байгаа гэнэ. Тодруулбал, Hyatt зочид буудлын нэгэн ажилтан амралтаа дуусгаад нэгдүгээр сарын 31-нд ажилдаа ортол түүний амралтыг хоёрдугаар сарын 03 хүртэл сунгасан байжээ. Дараагаар нь түүний амралтын дахин хоёр хоног, дараа нь дахин хоёрдугаар сарын 10 хүртэл хүртэл сунгажээ. Тэрбээр өдөр бүр байгаа газраа болон биеийн байдлынхаа талаар удирдлагууддаа мэдээлдэг ажээ.
Үүний зэрэгцээ, Casetify утасны гэр үйлдвэрлэдэг компани 2020 онд түүхэн амжилт үзүүлнэ хэмээн төлөвлөж байв. Тодруулбал, тэд ажилчдынхаа тоог 150-д хүргэж, борлуулалтаа хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Харамсалтай нь, коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор үйлдвэрлэл нь зогсож, борлуулалт нь буурч, ажилчид нь гэрээсээ ажиллаж байна.
Casetify үйлдвэрийн ерөнхий захирал Ин хэлэхдээ “Шоу ямар нэгэн байдлаар үргэлжлэх ёстой” гэжээ. Тэрбээр өөрөө гэрээсээ нөүтбүүкны тусламжтай ажиллаж байгаа бөгөөд гэртээ есөн хүүхэд эхнэрийн хамт амьдардаг ажээ.
Casetify компанийн бүтээгдэхүүн 30 хоногийн нөөцтэй байгаа аж. Гэхдээ хэрвээ үйлдвэрлэл ойрын хугацаанд нээгдэхгүй бол Б төлөвлөгөө тус компанид байхгүй гэнэ. Энэ мэтчилэн маш хүнд нөхцөлд Хятадын олон компаниас гадна гаднын компаниуд ажиллаж байна.
Харин зарим бизнес эрхлэгчид шинэ нөхцөл байдалд дасан зохицох гэж хичээж байна. Тухайлбал, Шанхайн Hi Funny спорт заалны эзэмшигч Феникс Чэнь спорт заалаа хаасан хэдий ч цахим орчинд хэрхэн дасгал хөдөлгөөн хийх талаар видео байршуулж, үйлчлүүлэгчдээ идэвхжүүлж байна.
Зарим менежерүүдийн хэлж буйгаар, гэрээсээ ажиллах нь бүтээмжийг буруулна гэж үзэв. Гэхдээ 2015 онд Стэнфордийн их сургуулийн явуулсан судалгаагаар, Хятадын аялал жуулчлалын компанийн ажилчид гэрээсээ ажиллахад бүтээмж нь 13 хувиар нэмэгдсэн ажээ. Тэдний хувьд завсарлагааны хугацаа бага байсан бөгөөд илүү тав тухтай орчинд ажилласан гэж үзэж байжээ. Иймээс коронавирус энэхүү онолыг шалгах бас нэгэн үндэс болж байна гэж судлаачид үзжээ.