Замын-Үүдээс ирэх 300 иргэнийг тусгаарлахгүй

Хуучирсан мэдээ: 2020.02.05-нд нийтлэгдсэн

Замын-Үүдээс ирэх 300 иргэнийг тусгаарлахгүй

Замын-Үүдээс ирэх 300 иргэнийг тусгаарлахгүй

Дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа шинэ төрлийн коронавирусийн голомт болсон Ухань хотоос хоёрдугаар сарын эхний өдөр Монгол Улс 31 оюутнаа авчирч,  Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д тусгаарласан. Тусгаарлалт 14 хоног үргэлжилнэ. Шинэ төрлийн коронавирусийн халдвараас ард иргэдээ хамгаалахад ХӨСҮТ-ийн хамт олон хамгийн их ачаа үүрэн ажиллаж буй. Бодит байдлыг сурвалжлахаар өчигдөр /2020.02.04/ 16.00 цагт тус төвд очиход Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөл эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, хуралдаж байлаа. Хурал 17.00 цагт тарж, ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа эхний мэдээллийг өглөө. Тэрбээр “Өдөр бүр хурал, зөвлөгөөн хийж, шаардлагатай арга хэмжээг авч, завгүй ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна” гэдгийг тодотголоо.

-Коронавирустэй холбоотойгоор ХӨСҮТ-д одоогоор хэчнээн хүнийг тусгаарлаад байна вэ. Тусгаарласан иргэдтэй эмнэлгийн хэдэн ажилтан шууд харьцаж байгаа вэ?

-ХӨСҮТ-д одоогоор Ухань хотоос ирсэн 31 оюутнаас гадна БНХАУ-д аялж ирээд халуурсан гэх хоёр иргэнийг тусгаарласан. Гэхдээ хоёр иргэний нэг нь эмнэлгээс гарсан, нэгийнх нь шинжилгээний хариу өнөөдөр гарна.

Шинэ төрлийн коронавирусийн талаарх мэдээллийг ХӨСҮТ нэгдүгээр сарын 6-нд авсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл шуурхай бэлэн байдалд ажиллаж байна. Уханиас тусгаарлагдаж ирсэн 31 оюутан, хилийн боомтууд, Буянт-Ухаа нисэх онгоцны буудал, төмөр замаар орж ирсэн 41 хүнийг улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол гэж үзэн, лабораторийн шинжилгээ хийж, эмнэлзүй, халдвар зүйн асуумжаар оношийг тодруулахад үгүйсгэсэн. Одоогоор шинэ төрлийн коронавирус Монгол Улсад орж ирээгүй байна. Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд тохиолдлын удирдлагын тогтолцооны 50 гаруй хүн бэлэн байдалд ажиллаж байгаа. Мөн эмч, халдвар судлагч эмч, лабораторийн мэргэжилтэн, ариутгагч, жолооч зэрэг 8-9 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай арга хэмжээний дөрвөн баг дуудлагаар ээлжлэн очиж, 24 цагаар ажиллаж байгаа.

Зөвлөгөө өгөх 80086829 дугаарын 24 цагийн утас ажиллуулж байгаа. Зөвлөгөө өгөх утсанд иргэд холбогдон коронавирусийн талаарх мэдээллийг асууж байна, мөн “БНХАУ-д аялаад ирсний дараа биеийн байдал эвгүйрхлээ. Шинжилгээ өгье” гэсэн хүмүүс ч холбогдож байна. Энэ утсыг нэгдүгээр сарын 22-ноос эхлэн ажиллуулсан. Тухайн дугаарт өдөрт 170-180 дуудлага ирдэг байсан бол өчигдрөөс 27-30 дуудлага ирж буурсан. Эндээс иргэд коронавирусийн талаар мэдлэгтэй болжээ гэж дүгнэж байгаа.

Шинэ халдварын эрсдэлээс сэргийлэх ажилд ХӨСҮТ-өөс гадна Зоонозын өвчин судлалын үндэсний төв, ЭМЯ-ны шуурхай удирдлага хамтран ажиллаж ард иргэдийг шаардлагатай мэдээллээр хангаж байгаа.

-Тусгаарлагдсан иргэдэд одоогоор ямар эмчилгээ хийж байна вэ. Эмчилгээний төлбөрийн асуудлыг яах вэ?

-Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тохирох эмчилгээг хийнэ. Одоогоор шинж тэмдэг илэрсэн, эмчилгээ хийлгэх шаардлагатай оюутан байхгүй. Халдварт өвчнийг төлбөр авалгүйгээр, улсын төсвөөр орж ирсэн санхүүжилтээр эмчилдэг. Халдварын голомтоос ирсэн учраас бүгдийг нь тусгаарласан.

-Замын-Үүдийн боомтоос 300 гаруй иргэнийг авчирч байна. Эдгээр иргэнийг тусгаарлах уу, олон хүнийг тусгаарлах байр бий юу?

-Өвчлөл гарсан, голомтоос ирсэн хүмүүс биш болохоор эдгээр 300 хүнийг тусгаарлах шаардлагагүй. Эрээний боомтод тэднийг маш сайн шалгаж гаргаж байгаа. Хоёрт, Замын-Үүдэд иргэдээс асуумж авч, халууныг нь үзэж нэвтрүүлсэн. Хэрэв халуунтай, шинж тэмдэг илэрсэн хүн байвал Замын-Үүдэд тусгаарлаад, шинжилгээний дээж авч ХӨСҮТ- рүү явуулаад, хариу нь хэвийн гарвал Улаанбаатар руу явуулж байгаа.

-Японоос 200 оношлуур авчирсан. Одоо хэд үлдээд байна вэ. ДЭМБ-аас авах оношлуур хэзээ ирэх вэ?

-Одоо манай төвд 100-гаад оношлуур байна. ДЭМБ-аас 7-14 хоногийн дотор 3000 оношлуур өгөхөөр болсон. Хүссэн хүн бүрт коронавирусийн шинжилгээ хийхгүй. Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн эсэх зэрэг тодорхой шалгуурыг үндэслэн шинжилгээ авч байгаа.

-Тусгаарласан тасаг нь агаарын шүүлтүүртэй байх зэрэг вирусийн халдварыг гадагш нэвтрүүлэхгүй байх шаардлагатай. Оюутнуудыг тусгаарласан тасаг нь тийм байж чадаж байгаа юу. Магадгүй халдвар нь нууц үедээ яваа оюутныг тусгаарласнаар халдвараас хэдэн хувь хамгаалж чадах вэ?

-Оюутан бүрийг тус тусад нь тусгаарласан. Хэрэв халдвар нууц үедээ байсан бол тухайн халдвар тээгч нь өвчилнө. Эмч нар тусгаарласан иргэд дээр зориулалтын хамгаалах хэрэгсэлтэй орж байгаа. Оюутнуудыг тусгаарласнаар вирусийн халдвараас 100 хувь хамгаалж байгаа. Халдвартын эмнэлэг нь 1980 оны үед халдварын эсрэг, зориулалтын дагуу баригдсан эмнэлэг. Тусгаарлах өрөө бүр нь гаднаас шууд ордог хаалгатай, эмнэлгээр дамжиж нэвтрэх боломжгүй, халдварыг дамжуулахгүй байх зориулалтын өрөө. Шаардлагатай бол зөвхөн эмч л эмнэлэг дотроос нэвтэрч, үзлэг шинжилгээ хийж болдог. Хоолыг нь тусгай шүүгээгээр дамжуулан өгч байгаа.

Манай төв олон улсын стандартын дагуу баригдсан “Шинэ болон сэргэж байгаа халдвар”-ын 50 ортой тасаг байдаг. Энэ тасагт оюутнуудыг тусгаарласан.

-Танай эмнэлгийн хашаанд био аюулгүйн гуравдугаар зэрэглэлийн лаборатори одоогоос 10 жилийн өмнө баригдаж байсан ч барилгын ажил нь зогсчихсон. Яагаад зосчихов, хэзээ ашиглалтад орох вэ?

-Энэ лабораторийн суурийг 2009 онд томуугийн цар тахал гарах үед тавьсан. Барилгын тендер авсан компанийн бүтэлгүйтлээс болоод барилгын ажил зогссон. Энэ лаборатори ашиглалтад орох юм бол улсад маш хэрэгтэй. Улсын хэмжээнд Дархан, Орхон, Ховд, Дорнод зэрэг дөрвөн аймагт вирус судлалын лаборатори ажиллаж байгаа. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд вирус судлалын лавлагаа лаборатори ч ажиллаж байгаа.

-Коронавирус нь хүндэрвэл уушигны хатгалгаа үүсгэдэг. Хүндэрсэн хатгааны үед цусыг хүчилтөрөгчөөр баяжуулж, буцааж биед нь шахдаг төхөөрөмж бий юу?

-Шинэ халдварын тасаг нь амьсгалыг дэмжих амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн аппараттай. Хатгаа туссан үед амьсгалын дутагдалд ордог. Тэр үед нь амьсгал дэмжих аппарат, тоног төхөөрөмжийг суурилуулсан байгаа.

-Амьсгал дэмжих аппаратаас гадна, цусыг хүчилтөрөгчөөр баяжуулдаг төхөөрөмж байгаа гэж үү?

-Эмчилгээ, оношилгоонд шаардлагатай бүх зүйлээ бэлдчихсэн байгаа. Олон хүн халдвар аваад, ачаалал ихэсчихвэл асуудал хүндэрнэ. Тиймээс шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг захиалчихсан байгаа.

 ӨГСӨН ЭМИЙГ НЬ ХУГАЦААНД НЬ УУЖ БАЙГАА

Уханиас ирсэн оюутнуудыг тусгаарлаад байгаа “Шинэ болон дахин сэргэж буй халдвар”-ын тасагт нэвтрэх боломжгүй байсан тул тусгаарлагдсан оюутнуудын төлөөлөлтэй интернэтээр холбогдсон юм. Тэрбээр нэрээ нууцлахыг хүсээд дараах богино яриаг өгөв.

-Халдвартай газрыг орхиод эх орондоо ирэхэд ямар сэтгэгдэл төрсөн бэ. Тусгаарлагдсанаар нөхцөл байдал ямар байна. Эргэлт авч байна уу. Гэрийн Монгол хоол идмээр л байгаа биз дээ?

-Эх орондоо ирэх үнэхээр сайхан байсан. Бидэнд эмнэлгээс өдөрт дөрвөн удаа хоол өгч байгаа, амттай юм. Харин өнөөдөр л адууны мах эргэлтээр авсан. Журмын дагуу эргэлт оруулах хүн нь авчирсан зүйлээ тусгай газар орхиод явдаг. Түүнийг нь сувилагч аваад зориулалтын шилэн хоргоор дамжуулж өгдөг.

-Эмч нартайгаа утсаар холбогддог гэсэн үү?

-Үзлэгээс бусад үед эмч сувилагч нартайгаа утсаар харилцаж байгаа. Бид утсаа халдваргүйжүүлээд зориулалтын хамгаалах гэрэнд хийж ашиглаж байгаа.

-Тусгаарлалтыг хэр сайн хийж байна вэ?

-Тусгаарлалт маш сайн, олон улсын стандартын дагуу явж байна. Халдвартай тэмцэх бэлэн байдал, үйлчилгээнд сэтгэл хангалуун байна.

-Та нарт ямар нэгэн эмчилгээ хийж байна уу?

-Дархлаа дэмжих эм ууж, эмчилгээ хийлгэж байгаа. Анагаахын салбараас хол хүн болохоор өгч буй эмний нарийн үйлчилгээг нь мэдэхгүй ч хугацаанд нь ууж байгаа.

Шинэ төрлийн коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй ч ДЭМБ-аас байнгын бэлэн байдалтай байхыг зөвлөж байгаа. Энэ хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт шинэ коронавирусийн халдварыг тусгаарлах, эмчлэх зорилгоор 65 ортой тасаг бэлдээд байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж