УИХ: Зээл тэглэж, хунтайжаа үдэв

Хуучирсан мэдээ: 2020.02.05-нд нийтлэгдсэн

УИХ: Зээл тэглэж, хунтайжаа үдэв

УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент намрын отгон чуулганаа завсарлуулж, ирэх дөрөвдүгээр сар хүртэл түр амсхийх боллоо.

Намрын чуулган 86 өдөр үргэлжлэх хугацаанд нэгдсэн хуралдаан 32, Байнгын болон түр хороод давхардсан тоогоор 119 удаа хуралдаж, нийт 154 хууль, 51 тогтоол хэлэлцэн баталснаас онцлох төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт байв.

“NEWS” агентлаг энэ удаад УИХ-ын намрын чуулганы хугацаанд өрнөсөн хамгийн дуулиантай үйл явдлаас онцоллоо.

З.Энхболд: Ч.Хүрэлбаатар хариуцлагаа хүлээнэ биз

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс санаачилж, УИХ-аар өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд баталсан Ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай хуулийн төсөл нь энэ парламентын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргасан хамгийн дуулиантай шийдвэр болов.

Хуулийн төслийг дагаж нийт 410 мянган иргэний асуудал хөндөгдөв. Тэдний 229 мянга нь тэтгэврийн зээл авсан байсан бөгөөд зургаан сая хүртэлх зээлийг нь тэглэх, зээлгүй 194 мянган ахмадад 1 сая төгрөгийн үнэт цаасыг 2021 оны тавдугаар сард олгох шийдвэр гаргасан юм.

УИХ-аас баталсан энэхүү төсөлтэй холбогдуулж, Олон улсын валютын сан /ОУВС/-гийн Улаанбаатар дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Жефф Готтлиб “Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай байгуулсан гэрээгээ зөрчлөө. Энэ шийдвэр нь өндөр байсан татварын хэмжээг нэмэгдүүлэх, инфляцийг өдөөх, валютын ханшийг барьж чадахгүйд хүрэх сөрөг талтай” хэмээн мэдэгдэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь зөв. Хариуцлагыг ОУВС-тай гэрээ хийснээрээ Ч.Хүрэлбаатар сайд хүлээдэг юм байгаа биз. Ерөнхийлөгч гэрээ байгуулаагүй. ОУВС-гийн үгэнд орж, гэрээ хийгээд есөн төрлийн татвар нэмсэн нь МАН-ын буруу. Сонгуулиар хариуцлагаа хүлээнэ биз” хэмээн Сангийн сайдад үг хаягласан.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Бид ОУВС-д гэрээнд заагаагүй зүйл хэрэгжүүлснийг хэлсэн. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны ерөнхийлөгч хоёроос асуугаарай. Энэ бол төсөвт ямар ч хамааралгүй. Сангийн яам ямар ч оролцоогүй" хэмээн хариу тайлбар хийсэн юм.

Ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэхэд нийт 780 орчим тэрбум төгрөг шаардагдана. Эх үүсвэрийг бонд гаргаж, босгохоор төлөвлөсөн ч одоогоор эцэслэгдээгүй байна. Гэхдээ сар шинийн өмнө тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд мэдэгдээд байна.

Дахин нэг гишүүнээ үдэв

Олдсоноосоо өлдөхийн зовлон эдэлж яваа УИХ дахь МАН-ын бүлэг намрын чуулганыг өндөрлүүлэхийн өмнө УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлж,  64-үүлээ болов.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гийн хэргээр нэр бүхий таван гишүүн нь шалгагдах шаардлагатай болсныг Улсын Ерөнхий прокурор сануулж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг тавихад олонхиороо хамгаалаад үлдсэн ч энэ удаад Н.Номтойбаярт хатуурхсан нь МАН шударга ёс тогтоохоос илүүтэй улстөржилтөндөө дийлдэв үү гэх хардлагад хөтлөөд байна.

Хардлагыг батлах бас нэгэн анхаарал татах зөрчил үүссэн нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж байгаа эсэхээр нууцаар санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 32 нь дэмжиж, 28 нь татгалзсан. Харин энэ саналаа баталгаажуулах тогтоол батлах болж, илээр санал хураахад өмнөх шийдвэрээ үгүйсгэж, санал унасан.

Эцэст нь УИХ дахь МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авч, УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар ярилцаж, дахин тогтоолыг батлах саналыг гишүүдээс хураан баталгаажуулсан юм.

УИХ-аас дээрх шийдвэр гарахын өмнө УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Намайг УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ түрий барьж, хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаанд саад болж байна гэсэн ойлголтыг нийгэмд зохион байгуулалтайгаар хүргэж байна. Тийм зүйл байхгүй.

Аливаа зорьсон зүйлээсээ би ухардаг хүн биш. Дунд нь хөндлөнгөөс саад болж байна уу гэвэл болж байна. Тодорхой хугацаанд улс төрөөс чөлөө авах зайлшгүй шаардлага байна. Гэлээ гээд улс төрөөс гарч байна гэсэн үг огт биш” хэмээн хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлсэн юм.

Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн тойргийг хуваав

УИХ өнгөрсөн оны сүүлээр УИХ –ын сонгуулийн тухай хуулийн төслийг баталсан. Уг төсөлд УИХ-ын сонгуулийг томсгосон 26 тойргоор зохион байгуулахаар болсон.

Гэхдээ УИХ-ын сонгуулийн тойрог, мандатыг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг батлахдаа нийслэлийн тойргийг жижигрүүлсэн нь тойргийн тоог нэмэгдүүлээд байна. Тодруулж хэлбэл, аймгийг 20, нийслэлийг есөн тойрог болгож хувааснаар УИХ-ын сонгууль 29 тойрогт зохион байгуулагдах болсон гэсэн үг.

Энэ асуудлаас үүдэж, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт нарын дунд маргаан өрнөснийг эргэн сануулъя.

Томсгосон тойрог нь нэг намаас нэр дэвшигчдэд илүү халтай, дотроо дайтах болдог. Тэр дундаа МАН-ын нэр хүнд мэдээлэл сайтай байдаг нийслэлчүүдийн дунд навс унасан нь сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөнө гэж үзэн, тойргийг жижигрүүлэх хувилбар сонгоход хүргэсэн гэж хэлж болно.

Казиногийн дуулиан дэгдэв

Австрали улсын Сидней хотод өнгөрсөн нэгдүгээр сард болсон олон улсын хуралд оролцсон УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар казиногоор зочилсон гэрэл зураг цацагдсан нь дуулиан дэгдээв.

Энэ асуудалд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-аар Казиногийн тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж магадгүй гэж үзээд казино судлахаар орсон” гэж тайлбарласан бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Монголд казино байгуулах цаг болоогүй юм байна гэдэг бат итгэлтэй болсон” гэж байр сууриа илэрхийлсэн.

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Сиднейд аялал жуулчлалын төвдөө нээлттэй казино ажилладаг юм байна лээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн бид хэд ороод гарсан. Казиногоор орсноо зөвтгөхгүй ч тоглоогүй” хэмээн мэдэгдсэн юм.

УИХ-д Казиногийн тухай хуулийн төсөл өргөн баригдсанаас хойш таван жил болж буй. Эрх баригч хүчин болох МАН уг хуулийн төслийг хөдөлгөхөөр болж, ажлын хэсэг байгуулан, О.Батнасан гишүүнээр ахлуулсан ч өнөөдрийг хүртэл хэлэлцэгдээгүй байгаа.

Энэхүү төсөлд хоёр ч казино байгуулахаар, түүнд Монгол хүн тоглохгүй, зөвхөн гадаад иргэн тоглох боломжтой байхаар тусгасан ч олонх нь сөрөг талаас нь харж хүлээн авч буй нөхцөлд УИХ хуулийн төслийг батлах боломжгүй болгож буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж