"Хар тамхичдыг шоронд хорих бус эмчлэх нь зөв"

Хуучирсан мэдээ: 2020.02.05-нд нийтлэгдсэн

"Хар тамхичдыг шоронд хорих бус эмчлэх нь зөв"

Хар тамхи, мансууруулах бодисын тухай ойлголт саяхныг хүртэл монголчуудаас хол “хэрэглээ” байв. Тэгвэл өнөөдөр чимээгүй энэ тахал залуучуудын амь нас, сэтгэлзүйд заналхийлсэн аюулын харанга болон дэлдсэнийг сүүлийн үеийн тоо баримтууд нотолно. Сүүлийн хоёр жилд хар тамхитай холбоотой хэрэг 30 орчим хувиар нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой 193 хэрэгт 333 хүн холбогдон шалгагдсан тоо баримт байна.

Хар тамхинд донтогчдыг эмчилдэг ганц төв нь манайд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв. Тиймээс тус төвийн Донтох эмгэг судлалын клиникийн үзлэгийн их эмч Л.Мягмарсүрэнтэй ярилцлаа.


-Хар тамхины хэрэглээ гадаад орнуудын биш, Монгол Улсад ч тулгамдсан том асуудал болж хувирлаа. Мансууруулах төрлийн  бодис,  хар тамхины хамааралтай болсон хүмүүсийг эмчилдэг ганц газар нь танай төв. Бодит байдлыг дотроос нь харж байгаа эмчийн хувьд хар тамхины хэрэглээ ямар түвшинд байна гэж хэлэх вэ?

-Манай тасагт жилдээ дундаар 1000 гаруй хүн донтох эмгэгийн чиглэлээр хэвтэн эмчлүүлдэг. Үүний 90 орчим хувь нь архины шалтгаантай, үлдсэн 10 гаруй хувь нь нь хар тамхины хамааралтай хүмүүс байдаг. Мөн тоглоомын донтолт тодорхой хувийг эзэлнэ. Сүүлийн үед манайд хар тамхины хамааралтай хүмүүс их хандах болсон. Энэ хэрээр дагаад хар тамхи, мансуурах бодисын шалтгаантай гэмт хэргийн тоо өсч байна.

-Манай улсад илэрч байгаа хэргийн нөхцөл байдалд шинжилгээ хийхэд өсвөр насныхан ихээхэн холбогдох болсон. Тэд ямар шалтгаанаар хар тамхины хэрэглэгч болж байна вэ. Та бүхэн үйлчлүүлэгчтэйгээ илэн, далангүй ярилцдаг байх?

-Мансууруулах төрлийн бодис, хар тамхины хамааралтай болсон хүмүүс дийлэнх нь залуучууд. Залуучууд бусдын нөлөөнд автдагтай холбоотой. Ялангуяа насанд хүрээгүй хүүхдийн хувьд эцэг эхийн салалт, тухайн хүүхдийн хүмүүжил, гэр бүлийнх нь хараа хяналт, орчин, найз нөхөд гээд олон хүчин зүйл нөлөөлнө. Эхлээд сонирхож үзнэ, бусдад уруу татагдана, эцэст нь донтогч болдог. Тийм учраас хүүхэд, залуустаа хандан хэлэхэд, хар тамхийг бүү сонирхож үзээч гэж захимаар байна. Зорьж хэрэглэнэ гэж бараг байхгүй. Хуулиар хориглочихсон зүйл шүү дээ. Анхандаа сонирхож хэрэглэнэ. Хоёр дахь, гурав дахь болж, гурав нь дөрөв болж нэг л мэдэхэд хамааралтай болно. Хар тамхи нь өөрөө хууль бус асуудал учраас залуучууд эмчлүүлэхээр сайн дураараа ирэх нь тун ховор. Энэ нь цаг хугацаа алдсаар даамжирч сэтгэгчийн хувьд өөрчлөлтөд орсон, солиоролд орчихсон, амиа хорлох оролдлого хийх зэрэг хүнд хэлбэрт орсон үедээ л эмнэлэгт ханддаг. Ингэхдээ голдуу ар гэрийнхнийхээ ятгалтаар ирдэг. Хий юм сонсох, харах зэрэг ийм шинж тэмдэг илэрсэн тохиолдолд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай.

-Ядуу тарчиг амьдралтай айлын хүүхэд эсвэл ядарсан хүн хар тамхи хэрэглээд байгаа юм байхгүй. Харин аль боломж, бололцоотой, боловсролтой хүмүүс хэрэглэдэг гэх нийтлэг ойлголт нийгэмд бий. Нийгмийн давхаргын хувьд авч үзвэл ямар түвшний хүмүүс хар тамхины хэрэглэгч болж байна вэ?

-Давхарга хамаарахгүй. Манайд хандаж байгаа хүмүүсийг ажиглахад зөвхөн мөнгөтэй, баян айлын хүүхдүүд хэрэглэдэг гэж хэлэхэд өрөөсгөл.

-Хар тамхи дотроо олон төрөл бий. Манайд алийг нь илүү их хэрэглэж байна вэ?

-Хэрэглээний хувьд каннабис, мөс зэргийг хамгийн түгээмэл хэрэглэж байна. Зэрлэг олсны ургамал буюу каннабисыг дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрсөн гэсэн буруу, ташаа ойлголттой хүмүүс бий. Дэлхий нийтэд каннабисыг хар тамхинд орохын эхлэл наркотик гэдэг. Нэг ёсны хар тамхи, мансууруулах бодисын хэрэгт холбогдогчид анхандаа каннабисаар эхэлсэн байдаг. Энэ нь даамжирч хүнд төрлийн, мансуурах бодист донтуулдаг. Мөн “мөс” буюу “айс” /ice/ хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглээд донтсон хүмүүс манайд эмчлүүлэхээр ирдэг. Энэ нь илүү хүчтэй төрлийн наркотик.

Танайд эмчлүүлэхээр хандаж байгаа хүмүүсийн хувьд хар тамхи, мансууруулах бодист нэлээд донтсон гэж үзэх үү?

-Янз бүр. Хуулийн асуудлаар манайд хандах тохиолдолд ч бий. Зарим нь анх удаагаа хэрэглээд цагдаад баригдаад ирнэ. Энэ талын гэмт хэргийг илрүүлэхэд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар сайн ажиллаж байгаа гэж бид үздэг.

-Хар тамхинд донтчихоод эмнэлэгт хандсан боловч өнөөх эмнэлэг нь цагдаагийн газарт мэдээлэл өгсөн гэдэг яриа гарах нь олонтаа. Танайх Хар тамхитай тэмцэх газартай хамтарч ажилладаг гэсэн үг үү?

-Огт тийм зүйл байхгүй. Манайх эмнэлгийн байгууллага учраас Цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаггүй. Манайх эмчлүүлэгчдээ өвчтөн гэж хүлээж авах үүрэгтэй газар шүү дээ. Харин Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүсийг барьсан тохиолдолд манай дээр сэтгэцийн үзлэг хийлгүүлдэг. Энэ хүн сэтгэцийн хувьд эрүүл үү, өөрийнхөө хийсэн хэргийг хүлээх чадвартай байгаа эсэхийг нь тогтоолгодог гэсэн үг. Ингэж ирэх хүмүүсийн тоо маш их нэмэгдэж байна.

Ялангуяа олон нийтийг хамарсан үдэшлэг, шоу цэнгээний дараа манай эмнэлэгт хандах тоо ихэсдэг. Жишээ нь Playtime Festival зэрэг олон хоног үргэлжилдэг шоу цэнгээний дараа хар тамхи, мансууруулах бодисын хэрэгт холбогдоод манайхаар  шинжилгээ хийлгүүлэх нь эрс нэмэгддэг.

-Архи уусан хүнийг бид хараад л мэддэг. Харин хүүхэд нь хар тамхи хэрэглэдэг бол эцэг эх нь мэдэхгүй өнгөрч даамжруулах эрсдэлтэй. Донтсон хүнээс ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Хар тамхи, мансууруулах бодисын донтолтыг бие, сэтгэцийн эмгэг гэж үздэг. Зарим мансууруулах бодисыг хэрэглэсний дараа маш хүчтэй шарталтад ордог. Энэ нь донтолт үүсгэхээс гадна биед олон зовиур өгнө. Олсны ургамал буюу каннабис хэрэглэсний дараа биеийн хараат байдлаас илүүтэй сэтгэлзүйн хараат байдалд оруулдаг. Өөрөөр хэлбэл, сэтгэлзүйгээрээ тухайн бодисыг хэрэглэхийг хүсч үгүйлж эхэлдэг. Энэ нь сэтгэлзүйн хувьд хараат байдалд оруулж байна гэсэн үг. Эхлээд сэтгэлзүйн дараа нь даамжирч биеийн хараат байдалд орно. Хүн өөрт таатай аливаа зүйлээ хийхдээ тодорхой хэмжээгээр таашаал мэдэрдэг. Гэтэл хар тамхинаас тэр таашаалыг мэдэрсэн бол түүнийгээ дахин дахин мэдрэхийг хүсч сэтгэлзүйн нь аяндаа нэхдэг. Энэ нь улмаар амьдралын бусад зүйлээс сайн сайхныг олж авахаа больчихдог. Нөгөөх хар тамхи, мансууруулах бодисоо хэрэглэхгүй л  бол сэтгэл санаа нь тогтворгүй, гутралд орох зэрэг сэтгэлзүйн сөрөг мэдрэмжтэй болдог.

Бие махбодийн хувьд нөлөөлөхгүй эрхтэн систем гэж байхгүй. Элэг, бөөр, уушги, тархи, арьснаас эхлээд гундаж, хоолны дуршил буурч, нойр муудах, нүдний хүүхэн хараанд өөрчлөлт орох янз бүрийн шинж тэмдэг илэрнэ.

-Мансууруулах бодист донтсон иргэдэд ямар эмчилгээ хийдэг вэ. Ер нь эдгэрэх магадлал хэр өндөр вэ?

-Эдгэрдэггүй биш, эдгэрэх боломжтой. Гэхдээ цаг хугацаа маш их орно. Тухайн эмчлүүлэгчийн болон ар гэрийнхнийх нь сэтгэл санаа дээр нь эмчээс ихээхэн хичээл зүтгэл, хөдөлмөр шаардагдана. Мэдээж 10-хан хоногийн дотор эмчлэгдэнэ гэж байхгүй. Тэр хүний зан авир, амьдралынх нь хэв маяг, бодол санааг нь өөрчлөхөөс эхлээд цаг хугацаа шаардагдана. Ер нь бүрэн эдгэрнэ гэдэг тухайн хүнээс их шалтгаална. Олон улсын жишгээр эхний ээлжид нэг жил орчим эмчлэх шаардлагатай. Хордлого тайлах, солиорлын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тохирсон эмчилгээг нь хийнэ. Сэтгэл заслын эмчилгээ багадаа зургаан сар орчим хийгдэнэ.

-Хар тамхи, мансууруулах бодисын донтсон хүмүүсийг эмчлэхэд та бүхэнд хүндрэлтэй биз?

-Энэ төрлийн донтолтын эмгэг нь үгүйсгэлгүйгээр явагдана гэж бараг байдаггүй. Тухайн хэрэглэгч би хэрэглэдэггүй гэж нуудаг, худлаа хэлэх нь энүүхэнд. Бидний ажил мэргэжлийн л онцлог учраас ажлаа хэцүү гэж боддоггүй. Тухайн хүн өөрөө хүсээд, ар гэрийнхэн нь дэмжиж байгаа үед аль болох эрүүл саруул болгочихсон гэж хичээдэг.

-Хар тамхины хэрэглээний цаана гэр бүлийн хүчирхийлэл нуугдаж байдгийг амралтын өдөр дэлгэгдсэн бичлэгээс нийгэм харж, зэгсэн зэвүүцлээ. Ер нь иймэрхүү зүй бус тохиолдол хар тамхинд донтогчдын дунд элбэг үү?

-Дээр хэлсэнчлэн хар тамхины хамааралтай хүний зан авир нь өөрчлөгдөж, уур уцаар, бухимдалтай болно. Архины хамааралтай хүн ч гэсэн агсам тавьдаг шиг хар тамхи, мансууруулах бодист донтсон хүн зан араншингийн хувьд эрс өөрчлөгдөнө. Нөгөө л бодисоо хэрэглэхгүй бол байнгын сөрөг сэтгэл хөдлөлтэй, сэтгэл санаа нь тогтворгүй, ямар нэгэн зүйлд байнга санаа зовоосой, тавгүй болчихдог. Гоё хоол идлээ ч амттай гэж мэдрэхгүй, нөгөө бодисоо хэрэглэхгүй л бол амьдралаас гоё, сайхан таашаал мэдэрч чадахгүй уур уцаар сэтгэл гутралд орж, түүнийгээ ар гэрийнхэндээ гаргана.

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хар тамхины хамааралтай болсон хүмүүст ямар эмчилгээ хийдэг вэ?

-Урьдчилсан сэргийлэх ажлууд их хийдэг. Хар тамхинаас хараат болсон хүмүүсийг шоронд хорих бус эмчилдэг. Шоронд хоригдсоноор тухайн хүн эмчилгээ авна гэж байхгүй. Шоронгоос гарсан хойноо буцаад хар тамхийг хэрэглэхгүй гэсэн ойлголт бараг байхгүй. Сэтгэцийн хувьд өөрчлөлтөд орж тухайн бодист донтсон л бол эмчилгээ зайлшгүй шаардлагатай. Манайд өнөөдөр хар тамхи, мансуурах бодисын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг шоронд хийж байгаа болохоос биш эмчлэх боломжгүй нөхцөл байдалтай байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж