У.Хүрэлсүх бол “доголон нугас”

Хуучирсан мэдээ: 2020.02.05-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх бол “доголон нугас”

У.Хүрэлсүх бол “доголон нугас”

 ДОГОЛОН НУГАСНЫ ЗАМ

Улс төрийн зах зээлд лидерүүдийн оргил дээрээс тойрч биш дайрч дуусгадаг нэгэн уруу жим бий. Бүрэн эрхийн хугацаа нь шувтарч буй, дахин сонгуульд өрсөлдөх хуулийн боломжгүй эсвэл сонгогчдынхоо дэмжлэгийг өдөр өнгөрөх бүр алдаж буйгаа мэдэрсэн, дараагийн сонгуулиар албан тушаалаа алдах нь тодорхой болж залгамжлагч нь тодорсон лидерийг Доголон нугас гэж хочилдог уламжлалтай. Товчхондоо, ирээдүй цаг дээр нэр нь байхгүй байгаа эрх мэдэлтнийг тодорхойлсон нэр томъёо юм.

Судлаачид, хэвлэл мэдээллийнхний хувьд гүйцэтгэх эрх мэдлийг атгаж, улсын төсөв санхүүг захиран зарцуулж, томилгооны албан тушаалтнуудыг шийдэж байдгаар нь Ерөнхий сайдтай холбоотой энэ нэр томъёог түлхүү ашигладаг. Нэмээд бүрэн эрхийн хугацаа нь болоогүй байсан ч төлөөлөгчдийн танхимд сөрөг хүчин нь олонх болж дэмжлэггүй болсон ерөнхийлөгчийг ч америкт хамаатуулж хочлох нь бий. Монголын нөхцөлд зөвхөн Ерөнхий сайдыг биш Ерөнхийлөгч, Их хурлын даргыг ч хамаатуулах ёстой. Хууль тогтоох байгууллагын спикер нь парламентын гишүүдээсээ харьцангуй статус өндөртэй, Ерөнхийлөгч нь хагас Ерөнхий сайдын эрх мэдэлтэй засаглалын онцлогоос шалтгаалж тэр л дээ. Ерөнхийлөгч гэснээс, 2013-2017 оны хооронд би Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн зөвлөхөөр нь ажиллаж байхдаа “доголон нугас”-ны зовлонг хажуугаас нь харж мэдэрч билээ.

Хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь дуусах дөхөж байхдаа Ерөнхийлөгч “Би 2017 оны зургадугаар сард ажлаа өгнө” хэмээн хэвлэлд мэдэгдсэнээр түүний “доголон нугас”-ны амьдрал албан ёсоор эхэлсэн юм. Овоо доо, Үндсэн хуулиа баримтлах нь гэж иргэд, хэвлэлийнхэн бодсон бол улстөрчдийн хандлага ч эрс өөрчлөгдөж, Ерөнхийлөгчийн үүдэн дэх нам, намын дарга нарын оочер шингэрч, бизнесменүүд Ерөнхийлөгчийн туслахын утас байнга асуухаа болино. Ерөнхийлөгчийн санаачилсан санаачилгууд яамд дээр гацаж, түшмэдүүд “за Ерөнхийлөгчөө” гэх боловч цаашаа хараад юу ч хийхгүй унтаа байдалд орно. Хэн ч эсэргүүцэхгүй боловч бас хэн ч дэмжихгүй тийм хаос харилцаа үүсдэг. Энд би экс Ерөнхийлөгчийн өмнөөс гомдоод гоншигноод байгаа юм биш. Ерөнхийлөгчийн доголон нугас болох үеийн хүмүүсийн хандлагыг л сонирхуулж байгаа ухаантай. Энэ хандлагыг өмнөх бүх Ерөнхийлөгч туулсан. Одоогийн Ерөнхийлөгч ч туулах нь гарцаагүй юм.

У.ХҮРЭЛСҮХ ДОГОЛОН НУГАС БОЛСОН

Монгол улсад дөрөвхөн сарын дараа парламентын сонгууль болж улс төрийн орчин бүхэлдээ өөрчлөгдөнө. Сонгуулийн дүн яаж ч гарсан Ерөнхий сайд өөрчлөгдөнө. У.Хүрэлсүх яаж ч хичээгээд МАН дахин 65 суудал парламентад авахгүй. МАН өмнөхөөсөө цөөн тоотой ч хамаагүй олонх боллоо гэж тооцоход түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд “цөлнө”. Тэр намын даргын суудлаа ч давхар өгнө. Товчхондоо У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувиар ирээдүй цагт байхгүй учраас тэр одоо “доголон нугас” болсон. Ингээд У.Хүрэлсүх доголон нугас болсон Ерөнхий сайдын хувиар гурван зовлонг туулах замдаа гарч байна.

ГАДНЫХАН ЯВЖ БУЙ БИШ ИРЖ БУЙ ЗАСАГТАЙ ХАРИЛЦАХ ПРАГМАТИК БОДЛОГОТОЙ БАЙДАГ

Ерөнхий сайд сонгуулийн жил “доголон нугас” болдог нь бараг жам юм. Ялангуяа Монгол шиг засаглалын хувьд тогтворгүй улсын доголон нугастай гадаадын байгууллагууд том тохиролцоо хийхээс аль болохоор зайлсхийж шинээр байгуулагдах засгийн газрыг хүлээх сонирхолтой байдаг. Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк зэрэг нь Монголд шинээр хийх хөтөлбөрүүдийг сонгуулийн дараа хүртэл түр түдгэлзүүлдэг уламжлалтай. Уул уурхайн төлөвлөгдөж байсан хөрөнгө оруулалтууд түр царцана.  Үүнийг гадныхантай өдөр тутам харилцдаг ямар ч монгол хүн, байгууллагууд мэдэрч ажиллаад сурчихсан байдаг. Ноён доголон нугасны хувьд гадныхнаас орж ирэх байсан санхүүжилтийн дутагдлыг Сангийн сайдын хамтаар сонгуулийн жилийн улстөржсөн төсвийн үрэлгэн байдлаар нөхөхөөс өөр зам үлддэггүй. Ингээд Монголоор нэг сургууль, цэцэрлэг, соёлын төвийн шавууд энэ хавар тавигдаж, тууз хайчилж эхэлнэ.

БИЗНЕСМЕНҮҮД  БООЦООГОО ШИНЭ ХҮМҮҮС ДЭЭР ТАВЬЖ ЭХЭЛДЭГ

Ер нь улс төрийн талаар хамгийн бодит мэдээлэлтэй, зөв мэдрэмжтэй улс бол бизнесменүүд байдаг. Жижиг болон дунд бизнесменүүдийн өдөр тутмын ажил хэрэг нь төрөөс төдийлөн хараат биш учраас энд зөвхөн том бизнес акулуудын хувьд л хамаатай дүгнэлт юм. Сайн муугаар хэлэгддэг Монголын гурван үсэгтэй нэртэй олон том компанийн хувьд улс төр дэх дүрэм зохиогч хэн байх нь маш чухал. У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий сайд болсныхоо дараа ХХБ, МАК гэх зарим нэг гурван үсэгтэй компанитай нэр цохож нэлээд үзэлцэж яваа. Гэвч одоо тэр явах гэж байна. Дараагийн удаа өөрсөдтэй нь “үзэлцдэггүй” дүрэм тогтоогчтой байхыг тэд илүүтэй хүсэх нь лав. Иймээс тэд шинэ хүмүүс дээр бооцоо тавьж эхэлдэг. Үзэлцээгүй том компаниудын хувьд ч ялгаагүй шинэ кандидатын эрэлд сэмхэн гардаг нь нууц биш.

ДАРААГИЙН “ДУРТАЙ” ЗАЛГАМЖЛАГЧИД СЭМХЭН ТОДОРЧ БАЙДАГ

Улс төр бол хатуу тоглоом. Утга уянгын сүлэрсэн, омогшсон мессежүүд нь улс төрчдийн дунд биш зөвхөн улс төрчөөс сонгогч уруу л чиглэсэн байдаг. Улс төрийн тайзны ард хөшигний цаана болж буй далд тэмцэл нь хайр найргүй, хэрцгий. Удирдагч доголон нугас болсон гэдэг нь батлагдсан л бол түүний орыг авах тэмцэл нам дотор нь намын гадна ч зэрэг өрнөж эхэлнэ. Заавал орыг нь авахгүй ч удирдагч өгсөх замдаа гомдоосон, дээрэлхсэн, боломжийг нь булаасан, муриулсан гэгдэх хүмүүсийн асар том цуваа үүсдэг. Мөн энэ хүнтэй цаашид явбал засаглах, эрх мэдэлд хүрэх боломжгүй юм гэсэн эргэлзээ дундыг баригч, дарга дагаж амь зогоогсдод төрж эхэлнэ. Энэ бүхэн нийлээд лидерийн легитим төлөв эвдэгдэж түүнийг хурдан солихоос өөр аргагүй гэсэн уур амьсгал бий болж үүн дээр дараагийн залгамжилна гэх хүмүүс далдуур нэрээ дэвшүүлж эхэлдэг. Одоо МАН-ын залуу удирдагч дунд хэн дараагийн МАН-ын дарга болох вэ гэсэн тэмцэл эхэлж байна. Энэ бүхнийг мэдэрсэн У.Хүрэлсүх хатуу байхаа больж сөргөлдөгч бүлгүүдтэй далдуур эвлэрэхийг оролцох болжээ. Хамгийн сүүлийн мэдээгээр тэр М.Энхболдын гэгдэх одоогийн нөлөө бүхий гишүүдийг дахин дэвшүүлэхээр тохирсон байна. Дэвшүүлнэ гэж амласан залуучуудаа мурьсан гэсэн үг л дээ.

Улс төр судлаач О.ЧУЛУУНБИЛЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж