“The Unicode Consortium” өнгөрсөн долоо хоногт 117 төрлийн шинэ эможи дүрслэлийг хэрэглээнд нэвтрүүлж буйгаа зарласан. Үүний нэг нь хуруугаараа чимхэж буй мэт гарын дохио байв. Энэхүү дохио нь улс орон бүрт харилцан адилгүй утга санааг илэрхийлдэг бөгөөд цахим сүлжээнд уг шинэ эможийн утгын талаар мэтгэлцээн өрнөж байна.
Италиас үүдэлтэй энэхүү гарын дохиог италичууд өөрсдөө “Юу хүсээв?” гэсэн утгаар хэрэглэдэг бол Израильд “Түр хүлээгээч”, “Дахин бодож үзээч” гэх утгаас гадна заримдаа бүр “WTF” гэсэн хараалын чанартай үгийг ч илэрхийлдэг аж. Харин Арабын соёлд энэ нь “Тайвшир, хүлээ” гэх утгыг ихэнхдээ илэрхийлдэг байна. Мөн түүнчлэн бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор “Чамд юу тохиолдохыг харъя” гэсэн утгаар ч хэрэглэгддэг гэнэ.
Гэтэл Энэтхэгт энэ дохиог хэн нэгнийг өлсөж буй эсэхийг асуухдаа хэрэглэдэг байна. Мөн зарим хүмүүс үүнийг К-поп соёлтой холбон тайлбарлаж байгаа аж. Учир нь Өмнөд Солонгосын дуучин Квон Юри солонгос үндэсний баншийг үүгээр илэрхийлснээр трэнд болгож байсан ба үүнээс хойш “I mandu you” буюу “Би чамд хайртай” гэдгийн хошин хэлбэрийг ч гарын энэ дохиогоор илэрхийлэх болжээ.
Үүнээс гадна зарим хүмүүс өөрсдийнхөөрөө “халбага сэрээ ашиглахгүйгээр гараараа хоол идэх”, “чимх давс” зэргээр тайлбарлаж байна. Харин Монголд энэ дүрслэл ямар утга санааг илэрхийлдэг бол?
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ