Коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд эмнэлгийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэг шинэ коронавирусийн халдварыг тусгаарлах, хэвтэн эмчлүүлэх 40 ор бүхий тасаг, тасагт орж ажиллах эмч, сувилагч, асрагч, тэдний өмсөх нэг удаагийн хувцас хэрэгслийн бэлэн байдлыг хангасан байна. Мөн нэмэлтээр 15 ор гаргах боломжтой гэж УНТЭ-ийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан мэдээлэв. Тэрбээр “Эмнэлгийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн нөхцөлд хэрхэн ажиллах, хувцас хэрэгслээ өмсөж хэвших, хэрхэн ариутган халдваргүйжүүлэх зэргээр бэлтгэл ханган ажиллаж байна. Үүнээс сорьц өгсөн сэжигтэй өвчтөнийг тусгаарлах хэсэгт 6, сорьц эерэг гарсан, амьсгалын дутагдалгүй, цусны эргэлт хэвийн өвчтөнд зориулсан 24, амьсгалын дутагдалтай, хүчилтөрөгчийн хэрэгцээтэй өвчтөнд зориулсан 10 ор байна. Нэмэлтээр 15 ор гаргана” гэлээ.
Тус эмнэлэгт өнөөдөр /2020.02.04/ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээр ахлуулсан баг ажиллаж, шинэ коронавирусийн халдвар гарсан нөхцөлд эмнэлгийн болзошгүй аюулын бэлэн байдлыг хангасан эсэхийг шалгасан юм.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь үйлчлүүлэгчдэд халдвар тархаахгүйн тулд улаан, шар, ногоон гурван бүсээр ангилан ажиллаж эхэлсэн байна. Тодруулбал, улаан бүс нь тусгаарлах, шар бүс ариутгал халдваргүйжүүлэлт, ногоон бүс халдваргүй гэдгийг илэрхийлэх аж. Энэ дагуу Амбулатори болон Яаралтай тусламжийн тасгаас сорьц авагдсан шинэ коронавирусийн сэжигтэй өвчтөнийг тусгаарлах хэсэг рүү шилжүүлэхээр эмнэлгийн гадуур тээвэрлэх зураглал гаргажээ. Мөн тусгаарлах хэсгээс амьсгалын дутагдал гүнзгийрсэн, зохиомол амьсгал үргэлжлүүлэх шаардлагатай өвчтнийг эрчимт эмчилгээний тасгийн тусгаарлах хэсэг рүү шилжүүлэхээр зураглажээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл УНТЭ-ийн бэлэн байдалд сайн үнэлгээ өгч, өндөр бэлэн байдалд ажиллахыг үүрэг болголоо. Мөн тэрбээр “Хэрэв халдварын тохиолдол гарвал нэг өвчтөнтэй харьцахаар 4-5 эмч, сувилагч улаан бүсэд өдөрт таван удаа нэвтрэн ажилладаг. Тэгэхээр нэг удаагийн хувцас хэрэгсэл, ариутгалын бодис маш их хэрэгтэй юм. Одоогоор нэг удаагийн хувцас хэрэгсэл хангалтгүй байгаа учраас Засгийн газарт хандах болно” хэмээв.
Б.ЦЭЦЭГ