Сансрын салбарт сүүлийн 5 гаран жилийн хугацаанд хиймэл дагуулын тээвэрлэлт, хөөргөлтийн эрэлт урьд өмнө байгаагүйгээр огцом нэмэгдэж байна. Эрэлт нэмэгдэхийн хамтаар хиймэл дагуул хөөргөлтийн цагийн хуваарийн менежмент, өгөгдсөн хугацаанд нарийн тооцоолсон зардлаар чанартай хиймэл дагуул бүтээх, хиймэл дагуулын бүтээмжийг сайжруулах үүднээс найдвартай, зөв байршилтай агуулахыг сонгох зэрэг асуудлууд урган гарч ирнэ.
Энэ нь "Монголд үйлдвэрээс гарсан бараа бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгч хүртлэx замыг туулахад ямар асуудлууд тулгардаг билээ?" гэдэг яг одоо бидэнд тулгамдаж буй асуудалтай төсөөтэй юм хэмээн компьютерийн шинжлэх ухааны дэд доктор Ц.Нандинбаатар өгүүлнэ.
Түүнтэй туршлагаасаа хуваалцаж, зөвлөгөө өгч буй ”Т-Экосистем” төслийнх нь талаар ярилцлаа.
-Төсөөлөл нь сонирхол татлаа л даа. Яагаад сансрын салбартай холбож төсөөлсөн юм бол?
-Одоогоор Шведийн Mälardalen их сургуульд real-time embedded systems чиглэлээр судалгаа хийж, багшилж байна. Мөн Европын Сансрын Агентлаг (ESA)-д зочин судлаачаар ажиллаж байна. Судалгааны цар хүрээ маань автомат жолоодлоготой машин, бие дааж шийдвэр гаргах чадвартай хиймэл дагуул, хиймэл оюун ухаан суурилуулсан робот гэх мэтийг хамардаг. Энэ чиглэлээрээ NASA, JAXA, ESA-ийн төслүүдэд хамтарч ажилласаар байна. Тийм ч утгаараа өөрт ойр байдаг сансрын салбартай зүйрлэчихээд байдаг шиг байгаа юм. Монголдоо ТЭСО корпорацид технологийн зөвлөх хийж байна. ”Т-Экосистем” төслийг бид хамтдаа хэрэгжүүлж байгаа бөгөөд, дээр дурдсан асуудлыг шийдэхийг зорьж эхлүүлсэн юм. Тийм ч утгаараа өөрт хамгийн ойр 2 төслийг зүйрлэсэн хэрэг.
-Т-Экосистем гэж юу билээ?
-Т-Экосистем төсөл маань "Үйлдвэрээс гарсан бараа бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгч хүртлэx замд тулгардаг асуудлууд"-ыг бүрэн шийдвэрлэх цогц төсөл юм. 4 дэд төслүүдэд хуваагдаж байгаа. T-Дистрибьюшн, T-Шийдэл, Т-Агент буюу онлайн болон оффлайн худалдаа, болоод Tи-Финанс санхүүгийн үйлчилгээ юм. Эдгээр төслүүд маань технологийг ашиглан хэрхэн бүх оролцогчийг сэтгэл хангалуун болгох уу гэдэгт анхаарсан.
-Технологийн хөгжил дагасан бизнесийн загвар гэж ойлговол болох уу?
-Технологийг ашиглан бүх оролцогчдыг хэрхэн сэтгэл хангалуун байлгах вэ? гэдэг нь их сонирхолтой асуудал юм. Шинэ технологи бүхэн амжилттай байхгүй. Технологи бэлэн ч, хэрэглэгч бэлэн эсэх нь тун чухал юм. Жишээ нь ухаалаг утасны эхлэл гэж хэлж болох тоуч скрийнтэй утаснуудыг 1990-ээд оны сүүлээр Microsoft компани нэвтрүүлж байсан ч амжилт олоогүй. Хэрэглэгч нь хэт мэргэжлийн, маш жижиг зах зээл байсан. Харин Стив Жобс, Apple компани iPhone-г зах зээлд гаргаж ирсэн арга барил ондоо. Хэрхэн нийт хэрэглэгчийн зан үйлийг мэдэрч, iPod-д сууритайгаар эхэлсэн гэх мэт нь амжилтын үндэс болж байгаа юм.
Учир нь хэрэглэгчийн зан үйл, сэтгэл зүй хүлээж авахад бэлэн эсэх, тухайн технологи төгс шийдлийг өгч чадсан эсэх, хэрэглэгчийн хүсэл сонирхол, ур чадвар хангалттай эсэх гээд хэд хэдэн хүчин зүйлээс хамаардаг. Тиймээс бид зөвхөн шинэ технологи хөөлгүйгээр оролцогч зах зээлээ сайтар ойлгож, судлахад ихээхэн цаг хугацаа зарцуулсан.
Өнөөдөр нэгдүгээрт технологи нь бий болсон, хоёрдугаарт хэрэглэгчийн хүсэл бүрдсэн. Дэлхий дахинд Uber гэхэд зөвхөн такси биш хүргэлтийн системийн төлөөлөл болж гарч ирж байна. Уламжлалт арга барилаар явж байсан бусад бизнес загварыг шинэ компаниуд технологийн шийдлээр улам хөгжүүлж байна. Мөн Монголын нөхцөлд гэхэд технологид суурилсан санхүүгийн үйлчилгээнүүд хэднийнээ бий болсон байна. Гэхдээ эдгээр нь тус тусдаа хөгжиж байна. Харин бидний зорилго бол бүгдийг нэгтгэсэн системийг хөгжүүлэх явдал. Хамгийн гол нь ямар ч бизнесийг санхүүтэй холбохгүй бол хөгждөггүй учраас санхүүгийн арга хэрэгслийг үүнд холбож байгаадаа үнэ цэн нь оршиж буй юм. Ашгийн төлөө бус байгууллага ч гэсэн санхүү дээр оршин тогтнодог. Т-Эко системийн гол хүч Ти-Финанс буюу санхүүгийн систем юм.
-Төслийн бэлтгэлд хоёр жилийг зарцуулсан гэж сонссон. Хүндрэл нь юу байсан бэ? Мөн багийнхаа талаар юу хэлэх вэ?
-Бид хэдэн програмист цуглуулж авчраад, програм хийчихсэн явдал огт биш юм. Хөгжүүлэлтээс гадна, зах зээлийн судалгаа, түүнийг судлах баг гээд л нүсэр том бүтцийг байгуулаад, хөдөлгөж эхэлсэн хэрэг. Хөгжүүлэлтээ ч хэдэн програмист авчраад шийдчихье гэж бодоогүй. Одоо болтол ижил төстэй бүтээгдэхүүний судалгаа, тэр бүтээгдэхүүнүүдийн ололт нь юу байв, амжилтгүй болсон үндэслэл нь юу байв гэдгийг тухайн төсөлд оролцож байсан хүмүүсээс туршлага судлан сайжруулах замаар ажиллаж байна. Хамтарч ажиллах боломжийг ч сайтар хайсан.
Ингээд л 2 жил болчихлоо (инээв). Тийм болохоор энэ том төслийг боловсруулаад нэвтрүүлэх шат хүртэл явахад хоёр жил гэдэг тийм ч урт хугацаа биш гэж бодож байгаа. Суурь санаагаа бататгах нь ажлын амжилтын 50-90 хувь нь болдог ч гэдэг. Тэрний дагуу болсон гэж харж байна.
-Т–эко систем цаашид технологийн хөгжлийг дагаад улам боловсронгуй болоод явах байх. Та технологи хөгжүүлэгчийн хувьд тодорхой мөрөөдлөө энэ төсөлтэй уясан байх гэж бодлоо?
-Бидэнд, бас надад төлөвлөсөн зүйлс олон байгаа. Гарч ирж буй шинэ технологиудыг хэрхэн төсөлдөө нэвтрүүлэх үү, ямар нь үнэхээр цаг хугацааны туршид бодит болж зах зээл дээр хэрэгжих үү гээд шийдэх ёстой асуудлууд их байна. IoT, 5G, Industrial 4.0, хиймэл оюун ухаан, квант тооцоолол гэх мэт олон хувьсгалууд өрнөж байна. Судалгаа маань эдгээрт суурилдаг болохоор, улам ихийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Итгэлтэйгээс гадна, их сонирхолтой байна л даа.
-Ярилцсанд баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье.
-Баярлалаа, та бүхний ажилд мөн амжилт хүсье.
Холбоотой мэдээ