“Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 10 дахь жилдээ хэрэгжүүлнэ | News.MN

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 10 дахь жилдээ хэрэгжүүлнэ

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 10 дахь жилдээ хэрэгжүүлнэ

“Би дэмжинэ, би нэгдэнэ” уриан дор Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг өнөөдөр бүх улс оронд тэмдэглэн өнгөрүүлж байна. Хүн төрөлхтнийг айдаст автуулсан энэ өвчнийг ялж болох хамгийн энгийн алхам бол маш сайн урьдчилан сэргийлэлт гэдгийг эмч нар хэлдэг. Энэ ч үүднээс жил бүр Хавдартай тэмцэх дэлхийн өдрөөр Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-өөс хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг урьж, Монгол дахь хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдал, “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд хийсэн ажлаа танилцуулж, энэ өвчнөөс хүн амыг хэрхэн урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар санал солилцож, уулзалт өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай.

Эрүүл мэндийн яамнаас гаргасан статистик мэдээлэлд дурдсанаар8 Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын хоёрдугаарт хорт хавдар бичигдэж байна. 2014-2018 онд манай улсад хорт хавдрын 29,397 тохиолдол шинээр бүртгэгдэж, 20,063 хүн энэ өвчний улмаас хорвоог орхижээ. Хорт хавдрын өвчлөлийн сүүлийн таван жилийн судалгаагаар Монголын хүн амын тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хотод өвчлөл, нас баралтын түвшин улсын дунджаас бага, харин орон нутагт өндөр хувьтай байна. 100,000 хүн амд ногдох хорт хавдрын өвчлөл болон нас баралтын үзүүлэлтээр Увс, Говь-Алтай, Ховд, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймаг улсын дунджаас өндөр байгаа аж.

Элэгний хорт хавдрын 80.1 хувь, ходоодны хорт хавдрын 86.5 хувь, умайн хүзүүний хорт хавдрын 50.6 хувь нь өвчний хожуу буюу III, IV шатандаа оношлогдож байна гэсэн харамсалтай үзүүлэлт бий. Гэтэл нийт хорт  хавдрын 73 хувийг хянах, сэргийлэх боломжтой юм. Ийм ч учраас хорт хавдартай тэмцэж, иргэдэд эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл олгох, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагдах боломж бүрдүүлж ХСҮТ, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ), ХААН Банк сан хамтран 2011 оноос “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг орон даяар зохион байгуулж ирсэн билээ.

Өнгөрсөн 9 жилийн хугацаанд тус аяны багийнхан Монгол орныг давхардсан тоогоор гурван удаа бүтэн тойрсон бөгөөд нийт 150 мянга гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулжээ. Мөн хортой хавдрын 610 тохиолдлыг илрүүлэн, 500 гаруй удаагийн том, жижиг мэс засал хийж, олон хүнд амьдрал бэлэглэсэн юм. Тэдний зарим нь төгс эмчлэгдэн хавдар гэх аюулаас бүрэн ангижирсан бол зарим нь өнөөг хүртэл тасралтгүй эмчлүүлэн хавдрыг даван туулж явна. “Хавдрын эсрэг үндэсний аян”-д хамрагдан өвчнөө эрт үед нь оношлуулаад, эмчлүүлж эдгэрсэн Хөвсгөл аймгийн иргэн Н.Чулуун “Өвдсөнийхөө дараа биш, өвдөхөөсөө өмнө эмчид хандаж хэвших ёстойг би, миний үр хүүхдүүд бид бүгдээрээ ойлгож авсан. Хайртай дотны хүмүүстэйгээ илүү урт удаан хугацаанд хамт байх эрүүл, жаргалтай амьдрал бэлэглэсэн аяны хамт олонд баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байв.

“Хавдрын эсрэг үндэсний аян”-аар эмнэлгийн тусламж үйлчилгээг алслагдсан бүс нутгийн иргэдэд ойртуулах, хавдар хэмээх аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэхээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт зохион байгуулах зэрэг олон үр дүнтэй ажлыг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

Энэ онд 10 дахь жилдээ хэрэгжих гэж буй тус аян хавдрын өвчлөлийг бууруулахад бодитой хувь нэмрээ оруулаад зогсохгүй ижил төрлийн олон хөдөлгөөн, санаачилгын эхлэлийг тавьж, хавдраас урьдчилан сэргийлэхийн ач холбогдлыг иргэдэд ойлгуулж, хайртай бүхнийхээ төлөө эрүүл байх нь энгийн дадал зуршил гэдгийг ухааруулсан үндэсний хэмжээний томоохон аян болж чадсан юм.

ХААН Банк Сан энэхүү аянд нийт 1.2 тэрбум төгрөг зарцуулсан нь эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлээс оруулсан томоохон хөрөнгө оруулалт болсны дээр мэргэжлийн байгууллага, хувийн хэвшлийн сайн түншлэлээр нийгмийн хариуцлагаа ухамсарлан, нийгэмд бодитой өөрчлөлт авчирсан сайн жишээ болж буй.

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг өвчлөл болон урьдчилан сэргийлэх үзлэгийн статистик мэдээлэлд үндэслэн аль аймагт хэрэгжүүлэхээ шийддэг бөгөөд энэ жил аяны багийнхан аль аймгийг зорихоо хараахан товлож амжаагүй байгаа аж.

Эрүүл мэнддээ хариуцлагатай хандаж, өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй байх нь тухайн хувь хүн, өрх гэр бүлийн аз жаргалтай, урт удаан хамт амьдрах гол хүчин зүйл төдийгүй нийгэм, улс орны хөгжилд ч чухал ач холбогдолтой билээ.

Бид хавдраас урьдчилан сэргийлж чадна!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

100 2020-02-04 202.179.26.67

2020 оны 1 сараас 7 төрлийн хавдарыг үнэгүй оношлоно , өрхийн эмнэлэгт эхэлж хандана энэ тэр гээд байсан очихлоор мэдэх газар ч байхгүй , мэддэг хүн ч байдаггүй юм бналээ , Шал худлаа наадах чинь . Битгий сонгуулийн шоу хийгээд өвчтэй , ядарсан ард түмнээр тоглоод байгаарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж