"Сарьсан багваахайнаас 17 төрлийн вирус хүнд халдах аюултай"

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

"Сарьсан багваахайнаас 17 төрлийн вирус хүнд халдах аюултай"

"Сарьсан багваахайнаас 17 төрлийн вирус хүнд халдах аюултай"

Олон хүний амь нас, эрүүл мэндийг үгүй хийж, дэлхийг цочроосон коронавирус анх БНХАУ-ын Ухань хот дахь Хуанань далайн хүнсний захаас үүсчээ. Могой болон сарьсан багваахай зэрэг амьтдаас уг вирус хүнд халдварласан байж болзошгүй гэх таамгийг дэвшүүлээд байгаа юм. Нийгмийн сүлжээнд ч бас шинэ төрлийн коронавирусийг сарьсан багваахайгаас гаралтай гэх мэдээлэл түгэв.

Монголчуудын хувьд шинжлэх ухаанаар батлагдаж нотлогдоогүй, шашны зан үйл, сүсэг бишрэлтэй холбоотойгоор сарьсан багваахайн эд эрхтэн өвчин эмгэгт тустай, далавч нь аз дууддаг гэх мэдээлэл түгж, энэ амьтныг ангуучлахаар уул хадаар хэрэн хэсэх үзэгдэл эрчээ авчээ. Сарьсан багваахай нь байгаль экологид ээлтэй амьтан боловч нөгөө талаараа “вирус тээгч”. Харанхуй чийглэг газарт хүний нүднээс далд амьдардаг энэ амьтныг “агнах”-гүй бол хүмүүст ямар ч аюулгүй. Эсрэгээрээ ашиг сонирхлын зорилгоор сарьсан багваахайгаар “оролдвол”  Эбола, САРС, коронавирус зэрэг аюулт вирусийг хүнд халдаах аюултай.

Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч эрсдэл өндөр орны тоонд багтаж байгаа учраас хэн нэгний санамсар болгоомжгүй үйлдлээс болж хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал ч хөндөгдөх эрсдэлтэй. Иймд Монгол Улсад 20 гаруй жил сарьсан багваахай судалж буй МУБИС-ийн Биологийн тэнхимийн эрхлэгч Ж.Ариунболдтой ярилцлаа.

ЭБОЛА, САРС, КОРОНАВИРУС САРЬСАН БАГВААХАЙНААС ХҮНД ХАЛДАХ ЭРСДЭЛТЭЙ 

-Монгол Улсын нэн ховор амьтны жагсаалтад орсон сарьсан багваахайг хууль бусаар агнаснаар вирусийн халдвар авах, цаашлаад хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэй юү?

-Сарьсан багваахай нь хөхтөн амьтан юм. Дэлхий дээр 1300 орчим зүйл бий. Ихэнх нь халуун дулаан оронд байдаг. Манай орны хувьд сарьсан багваахайн төрөл зүйлийн тоогоор маш ядуу, одоогоор 20 зүйл тэмдэглэгдсэн. ОХУ-д 70 орчим зүйл, БНХАУ-д 100 гаруй зүйлийн сарьсан багваахай бий. Монголын сарьсан багваахай нь шавжаар хооллодог онцлогтой. БНХАУ-д коронавирус тархсан нь жимсээр хооллодог том биетэй сарьсан багваахайнуудыг хүнсэндээ хэрэглэснээс үүдсэн гэж дэлхий нийтээр таамаглаж байна. Мэдээж тухайн амьтныг хүнсэнд хэрэглэхийн тулд боловсруулалтад оруулах учраас хүний нүдэнд үл үзэгдэх вирус агаарт дэгдсэнийг үгүйсгэхгүй шүү дээ. БНХАУ-д хүнс болоод буй тэдгээр сарьсан багваахайнууд жимсээр хооллодог тул ой модны нөхөн сэргээлтэд чухал ач холбогдолтой. Жимс идэж, үрийг нь ойд тараадаг. Хэдийгээр сарьсан багваахай нь экосистемийн өндөр ач холбогдолтой амьтан боловч хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн Эбола, САРС, коронавирус зэрэг 17 төрлийн вирус хүнд халдах аюултай. САРС ч бас сарьсан багваахайнаас үүдэлтэй байсан. Монгол Улсад сарьсан багваахайг эрж хайх, ангуучласнаар вирус халдахгүй гэсэн баталгаа байхгүй учраас маш аюултай. Ялимгүй зүйлээс болж улс орон, дэлхий нийтийн хэмжээнд яригдах асуудал болж байна шүү дээ. –

-Сарьсан багваахай ихэвчлэн хаана амьдардаг вэ? Нэг хэсэг иргэд үүрийг нь хайж орон нутгаар их явсан. Үүнээс болж янз бүрийн халдвар тархсан байх магадлалтай юу?

-Сарьсан багваахай нь нуугдмал амьдралтай учраас хүний нүдэнд харагдах нь ховор. Ус дагаж амьдардаг, өндөр уулархаг газраас бусад бүхий л газарт амьдарна. Улаанбаатарт ч бас бидний эргэн тойронд байр, орон сууцны дээвэрт байрладаг. Амьдралын онцлогоос шалтгаалан зарим нь өвөлжиж, зарим нь агуйд ичээлж, харанхуй чийглэг газарт амьдардаг тул 200 гаруй төрлийн вирус биедээ тээж явдаг. Мөн 40 гаруй төрлийн шимэгч хорхойг биедээ агуулсан. Дэлхий нийтэд гарч буй халдварт өвчний ихэнх тохиолдол нь сарьсан багваахайтай холбоотой байдаг. Монгол Улсад одоогоор сарьсан багваахайнаас болж халдвар тархсан гэдэг нь одоогоор тогтоогдоогүй. Энэ талаар судалгаа хийгээгүй. Сарьсан багваахайн ичээлж буй чийглэг харанхуй өвөрмөц орчныг нураах, тэнд нэвтэрснээр тухайн орчинд хадгалагдаж буй вирус хүнээс хүнд халдварлах коронавирус шиг аюултай вирус дэгдэхийг үгүйсгэхгүй. Сарьсан багваахайн далавч ямар ч ид шидгүй, амьтны эд эрхтний л нэг хэсэг. Үүр бол огт байдаггүй. Дэлхийн дулааралтай холбоотойгоор мөстлөгийн үед үгүй болсон вирус эргэн сэргэж байгаа нь хүний буруутай үйл ажиллагаатай салшгүй холбоотой.

арьсан багваахай ямар үед аюулгүй, вирус тараадаггүй вэ?

-Хүн төрөлхтөн сарьсан багваахайг оролдох шаардлагагүй. Мэдэхгүй зүйлээрээ л оролдсоноор эцэст нь аюултай вирус дэлхий нийтэд тархаад байна. Сарьсан багваахайг агнах, барих гэж оролдоход хазуулсан тохиолдолд шүлсээр дамжин хүн галзуугаар өвчлөх нь түгээмэл. Мөн сарьсан багваахайн биед буй 42 зүйлийн шимэгч хорхой хүний биед халдах элдэв төрлийн өвчин халдах аюултай. Тиймээс сарьсан багваахайд хүн хүрээгүй үед л аюулгүй, элдэв вирус тархахгүй гэсэн үг. Гэхдээ энэ амьтнаас гадна манай улсад олон төрөл зүйлийн амьтан халдвар тээгч болж байна. Сарьсан багваахай зуны улиралд халуун орноос өөр төрлийн өвчин вирус тээж нүүдэллэн ирдэг бол хаврын улиралд бор гөрөөс, зэрлэг амьтдыг агнаж цусыг нь ууна гэдэг бол шууд бурцлёз, элдэв галзуу өвчин тусах эрсдэлтэй гэлээ.

Сарьсан багваахайнаас гадна манай улсад коронавирусийн халдвар тээгч хэчнээн төрөл зүйлийн амьтан байдаг талаар Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад “САРС, Зика, Эбола, коронавирус зэрэг элдэв төрлийн вирус ихэвчлэн гаднын орнуудаас үүсгэгдэх замаар Монгол Улсад дамжих эрсдэлтэй. Тиймээс биш Монголд ийм төрлийн вирус тээгч амьтан байхгүй. Нарийн судалгааг хэлэх боломжгүй. Тухайлбал, сарьсан багваахайн үүр авна, далавчийг нь өндөр үнээр үнэлж, хүмүүс энэ амьтныг эрж хайх тохиолдол гарсан. Гэхдээ сарьсан багваахайнаас үүдэлтэй галзуу, коронавирус зэрэг халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдол гараагүй” гэлээ.

Устаж үгүй болох аюулд нүүрлэсэн сарьсан багваахай өөрт нь дайсагнагчдад хатуухан хариу барьж эхэлсэн нь галзуу болон бусад гоц халдварт өвчний гол дамжуулагч нь болж байна. АНУ, Канад, Австрали, Дани, Финланд, Испани, Швейцарь, Нидерланд зэрэг оронд сарьсан багваахайн гаралтай галзуугийн өвчлөл нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон төдийгүй коронавирус дэлхий дахиныг цочролд оруулж байна. Манай оронд ч ийм аюул нүүрлэж болзошгүй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж