Х.Баттулгад ганцхан жил үлдсэн!

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

Х.Баттулгад ганцхан жил үлдсэн!

Х.Баттулгад ганцхан жил үлдсэн!

“Ноёд” группын захирал Г.Буяндорж нэр бүхий прокурорууд 100 мянган ам.доллар нэхэж, дарамталсан талаарх 65 хуудас материалыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хүлээлгэн өгч, тэднийг шударгаар шүүхийг Төрийн тэргүүнээс хүсчээ. Гэвч, төрийн тэргүүн Х.Баттулгад хэрэг мөрдөн шалгах, шүүх бүү хэл хэрэгт оролцох эрх байхгүй. Хуулийн дагуу Г.Буяндорж нотлох баримтаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод биш Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан болон АТГ-ын дарга З.Дашдаваад аваачиж өгөх ёстой байв. Гэвч, Г.Буяндорж Х.Баттулгаар улстөржсөн үү, Х.Баттулга Г.Буяндоржоор улс төр хийв үү, “матаас” бичгийг өгсөн, авсан аль аль нь Үндсэн хуулийн зарчмыг үгүйсгэсэн үйлдэл боллоо. Энэ мэт хэн дуртай нь Ерөнхийлөгчид матаас бичдэг, Төрийн тэргүүн хэрэг мөрддөг, шийдвэрлэдэг болбол хуулийн засаглал юу болох вэ. Ганц хүний засаглал тогтоно гэсэн үг.

Өнгөрсөн 2019 онд ҮАБЗ-ийнхөн Үндсэн хуулийн бус аргаар хууль, шүүхийг гартаа авсан. Хэнд хэрэг тохож, хэнийг шүүхээр шийтгүүлж, хэний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, хэний зээлийг тэглэх нь зөвхөн ҮАБЗ-ийн гурван хүний мэддэг, шийдэг асуудал болсон нь шударга ёсны эхлэл үү, цөвүүн цагийн дохио юу, мэдэхгүй.

Гэхдээ Монголын парламент, гүйцэтгэх засаглалын бүх эрх мэдлийг хууль, шүүхтэй нь өөр дээрээ төвлөрүүлэх болсон ҮАБЗ-ийн дарга Х.Баттулгад Монгол Улсын Төрийн тэргүүнээр ажиллах ганцхан жил үлдсэн.

МАН-ын автор бүхий, Г.Занданшатарын парламентын 64 гишүүний дэмжиж баталсан, Улс тунхагласны өдөр Ерөнхийлөгчийн ёсчилсон  “шинэ” Үндсэн хууль ирэх тавдугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагаас  буюу XVII жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны рашаан барилдлагатай өлзийт сайн шар луу өдрийн морин цагаас эхлэн хэрэгжинэ. Товчхондоо, шинэ Үндсэн хуулийг Ерөнхийлөгч Х.Баттулга болон улс даяар дагаж мөрдөнө гэсэн үг.

Тэгэхээр эхний ээлжинд У.Хүрэлсүхийн танхимын сайд нар давхар дээлээ тайлна. Ардын засгийн 15 сайд сайдынхаа суудлаас эсвэл УИХ-ын гишүүнээсээ татгалзана гэсэн үг. Сонгууль дөхсөн учраас У.Хүрэлсүхийн засгийн сайдууд төсөв мөнгөний эрх мэдэлтэйгээ үлдэж, гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх биз. Ганцхан сар УИХ-ын гишүүн байсан үгүй нь бараг ялгаагүй.

Үндсэн хуулийн 39-ийн 1-д суулгаж өгснөөр Ардын Засгийн газрын дөрвөн сайд давхар дээлтэй байх юм. Хэнийг сайдаар, хэнийг гишүүнээр үлдээх нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн асуудал болж байна. Шинэ Үндсэн хуулиар Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг томилох, чөлөөлөх эрхтэй болж байгаа билээ.

Ийнхүү ирэх тавдугаар сарын 25-наас эхлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эрх мэдэл нэмэгдэж, Ерөнхийлөгчийн эрх мэдэл хумигдаж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 45 байсныг 50 болгох, дөрвөн жилээр хоёр удаа сонгогддог байсныг зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдох зохицуулалтыг оруулж өгсөн.  Энэхүү зохицуулалтаар өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс Ерөнхийлөгч болох боломжгүй болсон.

МАН-аас оруулсан төслөөр Ерөнхийлөгчтэй холбоотой зохицуулалтыг ирэх 2025 оноос хэрэгжүүлэхээр суулгасан ч  З.Энхболдын санаатай, санамсаргүйн энэ үйлдэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүслийг хясна гэгч болсон. 

Гурван сарын дараагаас, зуны тэргүүн сарын билэгт сайн өдрөөс бүх нийтээр дагаж мөрдөх шинэ Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын төрийн тэргүүнд дахиж өрсөлдөх боломжгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ирэх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөх эрх шинэ Үндсэн хуулиар хязгаарлагдаж байна гэсэн үг.

Ганц дайчин ганцаардахгүй гэгчээр АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Х.Баттулга МАН-ыг хоёр хувааж чадсан. Хууль, шүүхийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар ҮАБЗ-д төвлөрүүлсэн. “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаар Зүүнбаянгийн төмөр замыг барьж эхэлсэн. Майдар хот төслөө МАН-ынхнаар дэмжүүлсэн. Түүний бүрэн эрхийн хугацаанд Монголын дипломат бодлого бүрэн утгаараа дампуурсан. Монгол Улсыг гадаадад төлөөлөх Элчин сайдуудаа томилж чадахгүйд хүрсэн.

ШХАБ-д Монголыг элсүүлж, цаазын ялыг сэргээх сонирхолтой улсын нэгдүгээр хүний, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, самбо бөхийн аварга, Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, МоАХ-ны ерөнхийлөгч, Монголын толгой баячуудын нэг Х.Баттулгын бүрэн эрхийнх нь сүүлчийн нэг жил. Харьж яваа цагийн хүн ирж яваа цагийн дууг дуулдаггүй гэж!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
12
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж