Шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо өнөөдөр өглөөний /2020.02.04/ байдлаар 20 мянга хүрч, нас барагсдын тоо 426 боллоо. Харин 500 гаруй хүн уг өвчнийг даван гарч, эдгэж чадсан байна.
Үүний дотор Тайландад 71 настай эмэгтэй ДОХ-ын эмчилгээнд хэрэглэдэг лопинавир, ритонавир эмүүдийг томуугийн оселтамивир эмтэй хольж бэлтгэсэн коктейл эмчилгээний ачаар 48 цагийн дотор бүрэн эдгэрсэн нь өвчний халдвар авсан хүмүүст найдвар төрүүлж байна.
Ер нь ДОХ-ын эмчилгээнд ашигладаг эм бэлдмэлүүд коронавирусийг дарангуйлах чадвар өндөр байгаа учир ОХУ зэрэг зарим улс орнуудад өвчний шинж тэмдгийг намжаахад эдгээр эм бэлдмэлийг зөвлөж байгаа юм. Ихэнх эдгэсэн өвчтнүүдийн хувьд биеийн дархлаа сайн, ужиг хууч өвчингүй хүмүүс байгааг онцолж байгаа билээ. Түүнчлэн коронавирусийн халдвар авсан АНУ-ын иргэн эдгэж эмнэлгээс гарсан тухай “CNN” мэдээлжээ. Уг өвчтөн нь эмнэлгээс гарсан ч гэрт нь тусгаарлан, үргэлжлүүлэн хянаж байгаа гэж албаны хүмүүс мэдээлсэн байна. Харин уг өвчтөнд ямар эмчилгээ хийсэн талаар нарийн мэдээлэл өгөөгүй байна.
Ийнхүү хурдацтай тархаж буй вирусийн тархалтын талаар БНХАУ-ын Улс төрийн товчоо Хятад улс онцгой байдлын бодлого алдаа дутагдалтай байгааг хүлээн зөвшөөрч, бодлогоо шинэчлэх шаардлагатай болсныг мэдэгджээ. Мөн энэхүү өвчин нь тус улсын хувьд маш том шалгуур болж байгааг ч онцолсон байна. Энэ үеэр “Их-7”-ийн бүлгийн Эрүүл мэндийн сайд нар хуралдаж, коронавирустай тэмцэхэд Хятадын эрх баригчид болон ДЭМБ-тай хамтран ажиллахаар тохиролцжээ.
Эх сурвалж: BBC, RT
Холбоотой мэдээ