Юань суларч, доллар өсчээ

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

Юань суларч, доллар өсчээ

Юань суларч, доллар өсчээ

Cap шинийн өмнөх өдрүүдэд хэсэг бужигнадаг газруудын нэг нь валют арилжааны цэгүүд. Хэвшил болсон энэ үзэгдэл өнөө жил арай өөрөөр ажиглагдах болсон нь Эрээн хотыг зорих монголчуудын цуваа тасарсан явдал байв. Үүнийг дагаад юанийн ханш суларч, валют арилжааны цэгүүд нам гүм болжээ.  Уг нь өдийд юань “гэдийж” , арилжааны цэгүүд хүний хөлд дарагдах оргил ачааллын үе.

Он гарснаас хойш 400 төгрөгт хүрч чангарсан юанийн ханш "Найман шарга” валютын захад өчигдөр /2020.02.03/-ийн байдлаар юань 391 төгрөг болж есөн төгрөгөөр буурчээ. Ийнхүү  цагаан сарын өмнөх юанийн эрэлт буурч, ченжүүд “ажилгүй” болсон нь өмнөд хөршид дэгдсэн коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдтэй салшгүй холбоотой гэдгийг ченжүүд хэлж байгаа юм.

Энэ талаар “Найман шарга” захын ченж Э.Оюунтунгалаг “Өдийд хүмүүс бужигнаж, ид хөл хөдөлгөөнтэй байдаг үе. Одоо ямар ч хүн алга. Хил хаасан болохоор ямар ч гарцгүй, Зөвхөн Эрээн рүү биш гадагшаа аяладаг хүмүүс ч алга. Валют солиулах хүнгүй болсон. Ажилгүй болохоор бид орлогогүй  л болж байна даа. Гэхдээ хилийн хорио цуцлагдвал юань эргээд чангарна” гэлээ. Мөн бас нэгэн ББСБ-ийн ченж Д.Бат-Эрдэнэ “Юань сулрахад хилийн хорио маш их шалтгаалж байна. Хил хааснаас хойш валютийн ханш суларч байна. Ялангуяа юань. Бид үйлчлүүлэгчгүй болсон. Худалдан авалт байхгүй, бид ажилгүй л сууж байна. Өдийд хүний хөлд дарагддаг ид ачаалалтай үе шүү дээ. Гэтэл одоо эрт хаадаг болсон. Худалдан авалтгүй болохоор орой хүртэл суух хэрэг алга. Ер нь  зөвхөн хилийн хорионоос гадна коронавирусийн сургаар нэгдүгээр сараас хойш юанийн ханш өдөр өдрөөр суларч байна. Уг нь өдийд валютийн ханш чанга байх ёстой. Хэрвээ хилийн хориг тавиагүй байсан бол юань 400 төгрөг дээр тогтох байлаа. Харин сүүлийн хэдэн өдөрт евро өсөлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт 3030 төгрөг байсан бол өнөөдөр 3055 төгрөгөөр авч байгаа. Евро өсч буй нь олон улсын биржийн ханштай холбоотой” хэмээв.

Засгийн газраас БНХАУ-тай хиллэсэн хилийн боомтуудаа 2020 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хаах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт /2020.01.31/ гаргасан юм. Нөгөө талаас өмнөд хөршид дэгдсэн коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд  Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэг энэ сарын 2-ныг хүртэл түр саатсан зэрэг шалтгаанаас үүдэн юань сулрахад нөлөөлжээ.

Он гарснаас хойш ам.доллар найм, юань зургаан төгрөгөөр өсөөд байсан бол юанийн ханш суларч, ам.доллар өсчээ. “Найман шарга” захад өчигдрийн байдлаар ам.долларын ханш 2745 төгрөг байв. Статистик сөхвөл өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш ам.долларын өсөлттэй зэрэгцэн юанийн ханш тасралтгүй өсч иржээ.

Монголбанкнаас зарласан ханшийн сарын дундаж хөдөлгөөнийг харахад ам.доллар, юанийн ханш тасралтгүй өссөн үзүүлэлттэй байна. 

ОгнооUSDEURJPYGBPRUBCNYKRWSGDCADAUD
2020/012,744.383,046.9725.113,586.3644.34396.462.352,031.322,098.341,883.38
2019/122,727.343,030.5124.993,573.9843.38388.752.322,009.692,070.021,876.78
2019/112,705.262,991.8224.853,487.5542.38385.472.321,987.512,045.001,849.40
2019/102,678.012,958.1624.763,379.9941.62377.382.261,953.072,029.741,818.31
2019/092,669.682,940.5724.843,297.6341.15375.282.241,935.462,016.411,819.09
2019/082,670.542,970.8625.133,243.3440.66378.162.211,928.212,012.371,808.05
2019/072,661.552,984.8324.593,317.0942.06386.982.261,954.682,030.651,858.27
2019/062,654.472,997.5724.563,364.8841.41384.622.261,947.601,996.581,843.40
2019/052,645.162,958.8924.043,399.1740.75385.972.231,929.661,966.071,837.95
2019/042,634.932,961.3923.613,434.6540.78392.282.301,942.911,969.801,874.36
2019/032,632.512,979.5923.683,472.4740.49392.312.331,945.211,971.401,865.88
2019/022,633.372,988.5323.853,428.7940.01390.812.351,945.841,994.611,882.68
2019/012,649.683,027.4124.343,413.9039.61390.382.361,953.691,991.351,893.67

Өнгөрсөн оноос хойш тасралтгүй өссөөр ирсэн юанийн ханш он гарснаас хойш  түүхэнд  анх удаа сар шинийн өмнө сулрах болсон шалтгааныг Монгол банкнаас "Засгийн газраас БНХАУ-тай хиллэдэг зарим боомтуудаа хаах шийдвэр гаргаж, хилийн хорио тавьсантай холбоотой юанийн эрэлт буурч, ханш суларсан" гэх тайлбарыг өгч байв. Валютын тогтвортой байдлыг хангах ямар бодлого баримталж буй талаар тодруулахад "Төрөөс 2019 онд мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн 1.2-д “Эдийн засгийн дархлааг дэмжих, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэж заасан байгаа. Ингэхдээ төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид огцом хэлбэлзэл үүсгэхгүй байх зарчмыг баримтална гэж заасан. Монголбанкны хувьд дотоодын зах зээлээс гадаад валют худалдан авах замаар гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхэд одоогоор хүндрэлтэй байна. Иймд эхний ээлжинд бид Монгол улсын гадаад худалдааны төвлөрлөөс үүдэлтэйгээр ханшид үүсдэг байсан хэлбэлзлийг арилгах талаар Засгийн газартай хамтран ажилласан. Тодруулбал манай улсын гадаад валютын нийлүүлэлтийг бүрдүүлдэг аж ахуйн нэгжийн дунд төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж багагүй жин эзэлдэг. Иймд ядаж эдгээр аж ахуйн нэгжийн валютын орлогыг Монголбанк худалдан авч, үүнийгээ хэлбэлзэл үүсгэхгүйгээр захад нийлүүлэх нь зүйтэй гэж үзсэний дагуу тэгдгээрээс гадаад валют худалдан авч байгаа юм. Өнгөрсөн онд бид зах зээлээс 2.3 тэрбум ам.долларыг худалдан авч, эргүүлээд 2.9 тэрбум ам.долларыг захад нийлүүлсэн байна" гэх тайлбарыг өглөө.

Монгол Улсын хувьд бараа бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг импортолдог. Энэ нь валютын ханшид ч нөлөөлдгийг дээрх жишээнээс харж болохоор байна. Өөрөөр хэлбэл, БНХАУ-тай залгаа зарим хилийн боомтуудыг хааж, зарим худалдаа түр саатаж, урд хөршийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн зогссноор юанийн ханш ийнхүү сулрахад нөлөөлж байна. Хэрэв импортыг багасгаж, экспортыг нэмэгдүүлснээр Монгол Улсад орж ирэх валютын урсгал нэмэгдэж, улмаар эдийн засагт үр өгөөжөө үзүүлнэ гэж эдийн засагчид харж байгаа юм. 

Б.ЦЭЦЭГ

\

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж