“Их сорилт” Австрали, Хятад, Их Британийн эдийн засагт   

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

“Их сорилт” Австрали, Хятад, Их Британийн эдийн засагт   

“Их сорилт” Австрали, Хятад, Их Британийн эдийн засагт   

Дэлхийн банк 2020 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2.7 хувьд хүрнэ гэж таамаглаж байсан бол 2020 оны нэгдүгээр сарын байдлаар өсөлтийн төлвийг 0.2 пунктээр бууруулж 2.5 хувьд хүрнэ гэж үзэв.

Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, худалдааны хурцадмал байдал нэмэгдэж, санхүүжилтийн нөхцөл байдал улам чангарснаар өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг 1.6-1.4 хувь болж буурах төлөвтэй байна.

Дэлхийн улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий жагсаалтаар тэргүүлэх 10 орноор АНУ, БНХАУ, Япон, ХБНГУ, БНЭУ, Их Британи, Итали, Бразил, Канад, БНСУ, ОХУ эрэмбэлэгджээ. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг, халдварт коронавирус, “салан тусгаарлалт”-аас үүдэлтэй эдийн засгийн эрсдэлүүд энэ онд улс орнуудыг багагүй хямраах төлөвтэй. Бид энэ удаа “Дэлхийн эдийн засаг” буландаа дэлхийн “их сорилт” Хятад, Австрали, Их Британийн эдийн засагт хэрхэн нөлөөлж буй мэдээллийг онцолж байна.

АВСТРАЛИ УЛС: ТҮЙМРИЙН ХОР УРШИГ ТАВАН ТЭРБУМ АВСТРАЛИ ДОЛЛАР

Эдийн засгийн эрх чөлөөний индексээрээ дэлхийд гуравдугаарт жагсдаг, дэлхийн 13 дахь томоохон эдийн засагтай Австрали улс өнгөрсөн оны есдүгээр сараас хойш ой хээрийн түймрийн гамшигт нэрвэгдэв. Түймрийн улмаас хагас тэрбум амьтан үхэж үрэгдсэний дараа хүмүүс анхаарлаа Австрали улс руу хандуулсан билээ.

Тус улс ой хээрийн түймрийн улмаас их хэмжээний эдийн засгийн хохирол амсаж буй юм. Австралийн банкны урьдчилсан мэдээгээр эдийн засгийн хохирлын хэмжээ таван тэрбум австрали долларт хүрэх төлөвтэй байгаа аж.

Тус улсын “Westpac” банкнаас ой хээрийн түймрийн эдийн засгийн хор хөнөөлийг 5 тэрбум австрали доллар буюу 3.5 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. Мөн ой хээрийн түймрээс үүдэн Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүн 0.2-0.5 хувиар агших төлөвтэй байгаа аж. Хөдөө аж ахуй болон аялал жуулчлалын салбар энэхүү байгалийн гамшгийн улмаас хамгийн их хохирол амссан байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 8-наас хойш 939 ам.долларын өртөг бүхий 10550 даатгалын нэхэмжлэл бий болжээ. 2009 онд Австрали улс ой хээрийн түймрийн улмаас их хэмжээний хохирол амсаж байсан. Гэхдээ энэ хор уршиг өмнөх жилүүдийнхтэй харьцуулшгүй их байгаа аж. Өнгөрсөн сарын байдлаар, байгалийн аюулт үзэгдлийн улмаас амиа алдсан хүний тоо 170 давж, 2000 гаруй орон байр шатаж, 400 мянга гаруй акр талбай түймэрт автжээ.

2010-2011 оны хооронд Квийнслэнд мужид үерийн улмаас 6.5 тэрбум австрали долларын хохирлыг учирч байсан бол цөөн хэдхэн сар үргэлжилсэн түймрийн хор уршиг 5 тэрбум австрали доллараар яригдаж байгаа юм. “Стандарт Энд Пүүр S&P” үнэлгээний агентлагаас ой хээрийн түймэр Австралийн "ААА" зээлжих зэрэглэлийн үнэлгээг бууруулахад нөлөө үзүүлэхгүйг онцолж, мужуудын захиргаа санхүүгийн хохирлыг даан гарах чадалтай гэж мэдэгджээ.

ХЯТАД УЛС: ҮНЭТ ЦААС, ТҮҮХИЙ ЭДИЙН ЗАХ ЗЭЭЛД ҮНИЙН САВЛАГАА ҮҮСЭВ

БНХАУ-д үхлийн аюултай, шинэ төрлийн коронавирусийн халдвар тархсан нь тус улсын эдийн засаг болон агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарт хүчтэй нөлөөлж байгаа аж. Энэ халдварт өвчин цаашдаа дэлхий дахины эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тооцоолоход эрт байгаа боловч үнэт цаас ба түүхий эдийн зах зээлд үнийн савлагаа үүсэв. Цагаан сарын баярын үеэр долоо хоногийн дотор 70-80 мянган нислэг үйлдэж, 8-9 сая зорчигч тээвэрлэдэг Хятадын авиакомпаниуд хөл хорионы улмаас ихээхэн алдагдалд орсон нь тодорхой. Хятадын Тээврийн дэд сайдын мэдээлснээр, Цагаан сарын эхний өдөр агаарын тээврээр үйлчлүүлсэн хүмүүсийн тоо өмнөх оныхтой харьцуулахад 41,6 хувиар буурсан байна.

Коронавирусийн дэгдэлт олныг цочроож, хүмүүс гэрээсээ гарч чадахгүй болсноор Хятадын хэрэглээний зах зээл тодорхой хэмжээгээр хумигджээ. Энэ нь тус улсын эдийн засгийн 52 хувийг бүрдүүлдэг үйлчилгээний салбарт том цохилт болох нь дамжиггүй. Хятадын эдийн засгийн зөвхөн нэгдүгээр улирлын алдагдал ДНБ-ний хоёр хувьтай тэнцэнэ гэсэн тооцооллыг Японы санхүүгийн үйлчилгээний Номура групп хийсэн байна.

Хятадын засгийн газрын шинжээчдийн таамаглаж буйгаар, шинэ төрлийн коронавирусийн тархалт хоёрдугаар сарын эхэн ба дунд үед оргилдоо хүрснээр тус улсын ДНБ-ий өсөлт энэ оны эхний улиралд 1 хувиар саарах төлөвтэй байгаа аж. Дэлхийн агаарын тээврийн компаниуд Хятад руу хийж буй нислэгээ эрс цөөрүүлж, улмаар зогсоож эхэлснээр онгоцны түлш, түүхий нефтийн эрэлт буурчээ.

Уханийн вирусийн тархалт алтны эрэлтийг өсгөв. Хоёрдугаар сард нийлүүлэх алтны үнэ 1582,2 доллар/унцид хүрсэн нь 2013 оноос хойших хамгийн өндөр ханш. Халдвар газар авч, хөл хорио тогтоосны дараа зэсийн үнэ 10 хоногийн турш тасралтгүй буурсаар, 5600 доллароос доошилжээ.

Хятадын томоохон мужуудад хөл хорио тогтоосон нь импорт багасахад нөлөөлж, цаашлаад худалдааны дайныг бүрэн зогсоох зорилготой Америк-Хятадын хоёр дахь шатны хэлэлцээ тасалдахад хүрч магадгүйг шинжээчид онцолж байна. Иймд Хятадын эрх баригчид вирусийн халдварын тархалтыг зогсоох аргыг эрх баригчид ба эрдэмтэд хэр зэрэг богино хугацаанд олох вэ гэдгээс эдийн засаг нь эргээд идэвхжих үйл явц хамаарах юм. Өдгөө шинэ төрлийн коронавирусийн халдварын эрсдэлээс үүдэн дэлхийн худалдаа хумигдаж, олон бизнес хаагдаж байна. Хятадад үйл ажиллагаа явуулдаг Европын автомашины Тесла, Волксвагены үйлдвэрүүд үйлдвэрээ хааж, ажилчдаа татан авчээ. Дэлхийн зах зээл дээр биржийн үнэ ханш буурч байгаа аж. Хятадын биржүүд бүр 2008 оны хямралын түвшиндээ эргэн очжээ.

ИХ БРИТАНИ: ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЖ, ЦАГААЧЛАЛЫН ШИНЭ БОДЛОГО НЭВТРҮҮЛНЭ

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс Европын Холбооны /ЕХ/ нэг хэсэг байхаа больж, 47 жил үргэлжилсэн гишүүнчлэл нь албан ёсоор дуусгавар болсон билээ. Ийнхүү 2016 оны бүх нийтийн санал асуулгаар Европын холбоог орхихыг дэмжсэн Их Британийн иргэдийн хүсэл зориг биелэв.

Өдгөө шилжилтийн үе эхэлж буй бөгөөд энэ нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм. Энэхүү 11 сарын хугацааг Brexit-ийн улмаас үүсэж болзошгүй хямралаас зайлсхийхийн тулд тусгайлан тохиролцсон байна. Энэ үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны бүх нөхцөлийг зөвшилцөх бөгөөд юуны өмнө чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар төлөвлөжээ.

Еврокомиссын дарга Жан Клод Юнкер “Лондон Европын холбооноос ямар ч зохицуулалтгүй гарснаар зөвхөн Их Британи гэлтгүй Европ даяар эдийн засгийн болон нийгмийн нэлээд хүндхэн үр дагавар авчирна” гэж цохон тэмдэглэсэн байна. Английн Төв банкны тэргүүн Марк Карни “Их Британи 10 жилээр тоологдох бүтцийн суурь өөрчлөлт хийнэ. Шинэ худалдааны хэлэлцээр байгуулж, цагаачлалын шинэ бодлого нэвтрүүлнэ. Бүсийн хөгжлийг хурдасгахын тулд дэд бүтцийн өөрчлөлт хийж, нүүрстөрөгчөөс ангид эдийн засаг байгуулах алхмууд хийнэ. Английн Төв банк энэ бүх өөрчлөлтийг эрэлт, нийлүүлэлтийн шүүлтүүрээр харж Мөнгөний бодлогоор үнийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ шилжилт ямар ч саадгүй хийгдэхэд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Их Британийн Хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн өсөлтийг хангахад анхаарч, бодлогын хүүг өөрчлөлгүй тогтоохоор шийдвэрлэлээ” гэж мэдэгджээ.

Их Британи ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарч буй анхны орон бөгөөд тус холбоо 27 гишүүн оронтой болов. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон энэ өдрийг улсынхаа түүхэнд бичигдэх чухал цаг үе хэмээн сайшаасан байна. Их Британийн Засгийн газар ЕХ-ноос гарах үйл явцад /Brexit/ зориулан 50 пенсийн шинэ зоос гаргаж, дээр нь “Бүх үндэстний эв нэгдэл, энх тайван, хөгжил цэцэглэлт” хэмээн сийлжээ.

Европын холбоо нэлээн хүндхэн цаг үетэй нүүр тулах нь. Учир нь ирэх саруудад АНУ Германд татвараа оноох нэмэгдүүлж, Европын холбоонд хямрал үүсгэх магадлалтай байгааг шинжээчид өгүүлсэн байна.

Их Британи ЕХ-ны гишүүн улс биш болсон хэдий ч 2020 оныг дуустал тус Холбооны гаалийн нэгдсэн холбоо, нэгдсэн зах зээлд үргэлжлүүлэн оролцох төдийгүй ЕХ-ны хууль тогтоомжийг даган мөрдөх аж. Энэхүү шилжилтийн хугацаанд ЕХ-ны нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрийг Их Британи даган мөрдөх юм байна. Хэдий тийм боловч шилжилтийн хугацаа дуусмагц шууд буюу шууд бусаар, хууль эрх зүйн хүрээнд Их Британи тус холбооны нэгдэн орсон худалдаа, агаарын тээвэр, загасчлал, цөмийн хамтын ажиллагаа зэрэг олон зуун олон улсын гэрээ хэлэлцээрээс гарна гэсэн үг юм.

Ажиглагчдын үзэж буйгаар, Их Британи ЕХ-ноос гарснаар хүн, бараа худалдаа, мөнгөний урсгал том түгжрэлд орох ажээ.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Английн Төв Банк “хатуу брексит” болвол Их Британийн эдийн засаг дунджаар 8% агшиж, фунт стерлингийн бусад валюттай өрсөлдөх чадвар буурч, ажилгүйдэл хоёр дахин нэмэгдэж, инфляци 7.5 хувь өснө гэсэн тооцоо гаргасан байна. Их Британи хоол хүнснийхээ ойролцоогоор 30 хувийг ЕХ-ноос импортолдог. Гаалийн татвар төдийгүй шинэ тогтолцооны шилжилтээс үүсэх ачааны зардал нэмэгдэж, энэ нь өргөн хэрэглээний барааны үнэ, инфляц нэмэгдэх хүчин зүйл болох аж. Английн Төв Банкнаас Их Британи дахь хүнсний үнэ 5 хувь -10 хувь өснө гэж тооцоолжээ. Бараа болон түргэн хоолны газруудын үнэ нэмэгдэнэ. Английн Төв Банкны судалгаагаар орон сууцны үнэ 30 хувь , бизнес худалдааны барилга 48 хувиар тус тус төлөвтэй байна.

Эх сурвалж: TASS, BLOOMBERG, FINANCIAL TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж