"Хэн хэндээ мэргэн жараахай болоод байх шаардлагагүй"

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

"Хэн хэндээ мэргэн жараахай болоод байх шаардлагагүй"

"Хэн хэндээ мэргэн жараахай болоод байх шаардлагагүй"

Эдийн засагч Б.Лхагважавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Шинэ төрлийн коронавирусийн улмаас Хятадтай хил залгаа болон худалдаа наймаа эрхэлдэг улс орнуудын эдийн засагт сөрөг үр дагавар гарна гэж гадны хэвлэлүүдэд бичиж байна. Манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол. Та энэ талаарх төсөөлөл, таамгаасаа хуваалцахгүй юү?

-Энэ айхтар өвчнийг дарж намдаахад гол нь шинжлэх ухаанд итгэнэ. Эрдэмтдэдээ, мэдээж шинжлэх ухааны байгууллага, хүрээлэнгүүдэд итгэнэ. Бөөгөөр явж, лам дээр очилтой биш. Ер нь хүн төрөлхтөн юу бүтээчихэв, бид яг ямар зам дээр явна вэ, байгалийн өмнө бид ямар өчүүхэн юм бэ гэдгийг л харуулж байгаа нэг том сорил болов уу. Энэ нь эдийн засагт шууд нөлөөлнө, ойлгомжтой. Ялангуяа БНХАУ-ын эдийн засгийн гол бүсэд дэлгэрсэн. Манай Монголын экспортын бүх орлого, импортын 50 хувь бүгд урд хөрштэй холбоотой. Үүнийг дагаад мэдээж эдийн засаг саармагжих байдал гарна. Энэ дээр төрийн институт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо чухал. Монгол Улс маань нэгдмэл байж энэ байдлыг давах чадвартай байна уу, нийгмийн дэг журам байна уу гээд олон юмны шалгуур болно доо.

-БНХАУ-ын экспорттой холбоотойгоор дэлхийд газрын тос, зэс, металлын үнэ ханш буурч байна. Энэ үед бид эдийн засгаа аварч хамгаалахын тулд юу хийх ёстой вэ?

-Энэ өвчинтэй холбоотойгоор хорио цээрийн байдал зарласан. Экспорт, импортыг хаагаагүй. Худалдаа, тээврийн асуудал, логистик одоохондоо явж байна. Энэ маань бас явж л байгаасай. Нөгөө талаасаа манай экспортын худалдан авагч нар маань үйл ажиллагаагаа үргэлжлүүлээсэй гэж найдаж байна. Хэрвээ тэнд асуудал үүсвэл бид Монголдоо шороогоо тэврээд л үлдэнэ. Өөр арга байхгүй. Хэвлэл мэдээллээс авч буй мэдээллээр, өнөөдөр нөөц харьцангуй гайгүй байгаа юм шиг байна. Цагаан сарыг далимдуулаад худалдаа, үйлчилгээний байгууллагууд бараагаа нөөцлөөд татсан байсан нь хорио цээр тавьсан үед буцаад баяр ёслол гэхээсээ илүү нийт иргэдийнхээ хэрэглээнд зарахаар хэдэн сарын нөөц болж байгаа нь давуу тал болсон. Дээр нь монголчуудын уламжлалт мал аж ахуй, хүнсний тэжээл, ялангуяа мал, махан бүтээгдэхүүнээ нөөцөлдөг нь давуу тал болж, хавар цагтай золгочих болов уу гэж найдаж байна.

-Монгол Улс тоо хэмжээн дээр ч, үнэ ханш дээр ч алдагдал хүлээх нь тодорхой гэж зарим эдийн засагч үзэж байна. Энэ эрсдэлийг бууруулах нэг боломж нь төсөвт тодотгол хийх гэдэгтэй та санал нийлж байна уу?

-Өнгөрсөн жил хоёр их наядаар илүү төсөв баталсан. Тэрийг буцааж байхгүй болгох хэрэгтэй. Энэ төсөв сонгуульд зориулсан төсөв байсан гэж өмнө ч хэлж байсан. Хэрэв тодотгол хийж болдог бол буцаагаад 11 их наядаар нь байлгачих хэрэгтэй. Нөгөө талаасаа өвлийн яг энэ улиралд голдуу худалдаа, үйлчилгээний салбар, цөөхөн уурхай ажиллаж байна. Уул уурхай, барилгын салбарын 70 гаруй хувь нь ерөнхийдөө зогсолтын байдалд байна. Үйлчилгээний салбарыг дагаад гарч буй санхүүжилт, банкны зээл гээд харах байлгүй дээ. Борлуулалт зогссон үед банкны хүү авах гээд дайраад байхгүй байлгүй. Харилцан зохицож, хүндрэлтэй үе гээд 50, 50 хувиар багасгадаг ч юм уу уян хатан байх ёстой гэж үзэж байна.

-Жилээс жилд алдагдалтай төсөв баталдаг. Алдагдлыг нөхөх бололцоо бий юу?

-Жилээс жилд орлогыг нь олж өгөөд байдаг байхгүй юу. Нэг ёсондоо бидний төлөвлөснөөс илүү орлого орж байгаа. Нарийндаа эрдэс баялаг, түүхий эд, дээр нь татварын системүүдийн өөрчлөлттэй холбоотой. Сүүлийн гурван жил манай татварын бодлого 20-25 хувь давж биелсэн. Энэ даван биелэлтийг дандаа биелж байх юм шиг ойлгоод байдаг. Уучлаарай, нэгд, энэ бол эрдэс баялаг, түүхий эд, НӨАТ-ын систем хэрэв буруу ажиллавал буцаад доошоо бууна. Хоёрт, аливаа юманд ханалтын цэг гэж байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын системээ бараг дөрвөн жил ажиллуулж байна. Эндээс орж байгаа орлого нэлээн ханасан цэг дээр очиж байгаа байх. Тэрнээсээ доошоо унах хандлага гардаг. Ер нь нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байгаа Татварын багц хуулийн систем, НӨАТ-ын системтэйгээ их зөв ажиллаж эхэлвэл энэ алдагдлыг нөхөх бололцоо бий. Гэхдээ эргэлзээтэй үед өнөөдөр татварын дөрвөн хуультай холбоотой 43 журмынхаа 13-ыг нь гаргаагүй байна. Нэгдүгээр сарын 1-нээс бүх бүртгэл шинээр явах ёстой байтал журмууд нь гараагүй байна. Орлого орж ирэх үндэс багатай болчихоод байна. Дээр нь эдийн засгийн саармагжилт нөлөөлөх байх аа.

ОУВС-ГААС ДАХИН САЙН ЗААВАРЧИЛГАА, ЗӨВЛӨМЖ АВСАН НЬ ДЭЭР

-Инфляцийн тайланд 2020 онд эдийн засгийн өсөлт 5.6-5.7 хувьтай байна гэж төсөөлсөн. Та улс орны санхүү, арилжааны банкуудын чадавхийг хэрхэн төсөөлж байна вэ?

-Арилжааны банкуудын зарим нэг нь хаалгаа барьж байна. Гурван жилийн өмнө дүнг нь тавьчихсан. Олон улсын валютын сан (ОУВС) орж ирэхдээ манай хоёр том санхүүгийн салбар дээр эрчимтэй ажиллагаа явуулсан. Нэг нь банкны салбар. Хоёр жилийн өмнө манай банкны таван хууль буюу эрх зүйн орчныг сольсон. Ер нь 17 банкны “биеийн байдал”-ыг үзсэн. Түүнээс хэд хэдэн банкин дээр зөрчлүүд гарсан. Түүнийгээ арилга гэсэн асуудлыг тавьсан, одоо ч тавьж байгаа байх. Түүнийг манай талаас шийдэх хэрэгтэй. Өнөөдөр коронавирустэй холбоотойгоор эдийн засаг хэрхэх нь тодорхойгүй болчихоод байна. Манай Эрүүл мэндийн сайд сайн ажиллаж байна. Дээрээс нь эдийн засгийн онцгой байдал гээд энэ дээр манай эрдэмтдийн баг ажиллаад, энэ нөхцөлд тохирсон арга хэмжээнүүд авах ёстой. Макро тоонууд их өөрчлөгдөнө. Саяын хэлсэн 5.6 хувь гэдэг тоо доошоо ч унаж магадгүй. Буцаагаад 13-аасаа хасах нэг (-1) рүү ч очиж магадгүй. Тэр үед авах арга хэмжээнүүд хийгдэж байх нь дээр байх. Азаар ОУВС таван сар хүртэл бидэнтэй хамт байж байна. Энэ гурван сарын хугацаанд онцгой нөхцөлд гэж байгаад, дахин сайн зааварчилгаа, зөвлөмж авсан нь дээр байх аа. Одоо бид хэн хэндээ мэргэн жараахай болоод байх шаардлагагүй. Одоо аль нэг намд огт хамаагүй, улсынхаа эдийн засгийг вирустүүлчихгүйн тулд комисс давхар ажиллаад явахад болох юм.

-Энэ жил сонгуулийн жил гэдгээрээ их онцлогтой. Дараагийн гарч ирэх засаг нэлээн хүндхэн байдалд ажиллах болов уу?

-Маш хүнд. Мөрөөдөөд байх засгийн газар биш. 2020 оны сонгуулиар гарч ирэх 76 гишүүний хувьд хамгийн их хүлээгдэж буй ажил бол тавдугаар сарын 27-ноос үйлчилж эхлэх Үндсэн хуулийн өөрчлөлтүүд. Энэ өөрчлөлтийн дагуу манай 40 гаруй хуульд өөрчлөлт орно. Ялангуяа органик хуулиудад. Дээр нь манай эдийн засагт гол нөлөөлдөг өмчийн харилцааны хуулиуд бас их өөрчлөгдөнө. Төрийн нийтийн хамааралтай өмчийн хууль орж ирнэ, баялгийн дахин хуваарилалт орж ирнэ. Дээр нь Засгийн газарт маш давуу эрхүүд очиж байгаа гэх мэтчилэнгээр хууль эрх зүйн чадлыг сорьсон ажлууд ундарна. Хоёр дахь их сорилт нь шинээр бүрэлдэх засгийн газрын хувьд, хэнээс үл хамаараад, хамгийн наад зах нь энэ жил Хятадын хоёр тэрбум долларын асуудал, дээр нь намар төлөх Чингис бондын 500 сая долларын асуудал, дараа жил төлөх нэг тэрбум долларын асуудал гээд яаж ийгээд аргацаасан өрүүдийн төлбөр одоо нөхөгдөж эхэлнэ. Ажиллах л асуудал. Одоо нэг их хүсээд, жаргана гэсэн Их хурал, Засгийн газар биш ээ. Аль болох бүх юмаа нуруундаа үүрээд явахаас өөр аргагүй. Тийм учраас манай иргэд ч түүнд бэлтгэлтэй байх ёстой. Ний нуугүй хэлэхэд, 76 нөхдийг сонгох гол асуудал нь саяын хэдэн нөхцлүүдийг давж гарах л хүн хэрэгтэй. Энэ талын мэдлэг чадвартай улс давамгайлах болов уу гэж найдаж байна.

-Та Үндсэн хуульд хэр сайн өөрчлөлтүүд орсон гэж бодож байна вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал бараг 2000 оноос эхлээд 17, 18 жил явагдсан. Би өөрөө Зөвшилцөх зөвлөлийн гишүүн. Анхны 673 иргэнийг цуглуулаад, хоёр өдөр мэдээлэлтэй болгоод, дахин санал аваад явсан. Тэр үед нийгмийн зөвшилцлийн их сайн процессууд явагдсан. Макро түвшинд хийгдэж байгаа аливаа ажлын зөв талыг нь олж харах хэрэгтэй. Сөрөг талын юмнууд ч бас бий байх. Ямар ч байсан Үндсэн хуулиа өөрчилчихсөн. Одоо хүссэн, хүсээгүй тавдугаар сарын 27-ноос шинэ Үндсэн хууль хэрэгжинэ, түүнд тохирсон үйл ажиллагаа явагдана. Сонгуулийн өмнө аль ч намынхан Засгийн газраа зарлах хэрэгтэй болж байгаа. Ерөнхий сайд бүх кабинетаа бүрдүүлнэ. Гэтэл нөгөө талаас Их хурал дээр 39-өөс дээш гишүүний санал авсан аливаа хууль, тогтоол хүчин төгөлдөр болох ёстой. Энийг тохирно гэдэг чинь, 39-өөс дээш санал авч, бүх хуулиа батлуулна гэдэг нь буцаад Их хурал дотроо маш их эргэлзээтэй байдал бий болгож байгаа юм. 39-өөс доошоо суудал авсан бол бараг Ерөнхий сайдаа томилох асуудал нь, тэр битгий хэл Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолыг батлах зэрэг асуудал дээр хүндрэл гарна. Нэг институт их үүрэг рольтой оролцох асуудал гарч ирнэ.

-Тэр нь Ерөнхийлөгчийн институт үү?

-Тийм ээ. Ерөнхийлөгч Их хурлын сонгуулиас сонгуулийн хооронд түр хугацаанд Монголын төрийн институтыг нэг гарт төвлөрүүлж барьж байдаг субъект байгаа юм. Энэ жил 39 суудлын асуудал, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаас болоод, аль эсвэл аль ч  нам олонх болохгүй тохиолдолд засаг төр, Их хурлыг бүрдүүлэх энэ бүх ажиллагаанд Ерөнхийлөгчийн иститут их үүрэг рольтой оролцох юм. Тэр үед нь онолын дагуу, үндэсний эв нэгдлийн их бэлгэдэл гэдэг талаасаа оролцох болов уу гэж найдаж байна. Энд Ерөнхийлөгчийн институт их тодорно доо.

ӨНӨӨДӨР ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТ АЛГА

-УИХ сонгуулийн тойрог, мандатын асуудлаа эцэслэлээ. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Намрын чуулган хаагдахаас өмнө сонгуулийн тойрог, мандатын тоогоо баталлаа. Үгүй яах вэ, 76 жижиг тойрог гэж байснаа бодвол аймаг, дүүрэгт хуваагдана. Харьцангуй сайн. Уг нь 76 тойрог болно гээд өнгөрсөн жил төсөв батлахдаа хоёр их наядыг хуваарилсан юм шүү дээ. Гэтэл одоо энэ нь өөрөө үргүй зардал болчихож байна. Уучлаарай, зургаан суманд байшин барилга барих улсын төсөл одоо ямар ч утгагүй болчихож байна. Нөгөө талаас дахиад л багийн тоглолтууд гарч ирнэ. Аль ч намын нөхдүүд мэдээж, 2008 онд тийм юм гарч байсан 2012 онд бас тэгж явсан. Урдны мөнгөний сонгуулиуд гэж яригддаг асуудлууд бүр томорно, их мөнгө зарцуулах хэрэгтэй болно. Жишээ нь, нэг аймгийн 22 суманд зөвхөн хүн ажиллуулаа гэж бодъё. 18 хоногт зарим суманд очиж амжихгүй. Бие төлөөлөгч нь ажиллаад, нэр дэвшигчийн өмнөөс цуглаан хийгээд явахад зардал нь тэрбум төгрөг болно, наад зах нь шүү. Тэгэхээр тэр мөнгийг босгох гээд төвөгтэй юманд орж байгаа. Аймгийн хэмжээнд мөнгө тараах, цалинжуулах хэд нь орох сонгууль гэж үзвэл их л эвгүй дээ.

-Эрх барьж буй намын дарга мөнгөтэй хүн сонгуульд оруулахгүй гээд байгаа шүү дээ? 

-Цэвэр үзэл бодлоо уралдуулсан, намын бүх хүмүүс түүн дээр итгэл үнэмшилтэйгээр, цалингүйгээр ажилласан, сонин сурталчилгааг нь тарааж өгсөн, ухуулга сурталчилгааг нь хийсэн сонгууль болно гээд байгаа. Мөнгөгүйгээр цэвэр үзэл суртлын сайхан сонгууль хийчихвэл үнэхээр сайхан л байна. Бодит амьдрал дээр сонин хэвлүүлэх, сонингоо тараалгахаас эхлээд хүнд асуудал гарч ирдэг. Хамгийн гол нь 2020 оны төсөв батлах үеэр хоёр их наяд төгрөгийн хэрэггүй зардлыг буцааж хасаад, төсвөө тодотгочих. Тэгэхийн бол үгүй мөн буянтай юм болно. Бид нийтийн мөнгөө цуглуулж болдог аргыг олсон. Одоо нийтийн мөнгийг дахин зарцуулах асуудлыг хяналттай, оновчтой хийхгүй бол буцааж зарцуулахдаа олсноосоо илүү гай дагуулна. Ингээд нийтийн мөнгөө буцаагаад популизм хийгээд, аль эсвэл хэсэг эрх мэдэлтнүүдийн мөнхийн суудлыг бататгахын төлөө байж болохгүй. Бараг тэр татварын мөнгө нь энгийн аж ахуйн нэгждээ байвал илүү үр ашигтай байх байхгүй юу. Бид их л мөнгө дарга нарт цуглуулж өгч. Энийг маань үргүй үрчих вий л гэж айдаг болчихно доо.

-Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, тэтгэврийн зээл тэглэнэ гэх гэх зэрэг судалгаа, тооцоолол муутай шийдвэрүүд ар араасаа гарлаа. Цаашлаад ОУВС-гийн дургүйг хүргэлээ. Одоо биднийг ямар ирээдүй хүлээж байна вэ?

-Ер нь нийтийн санхүүгийнхээ менежментийг хэдхэн өндөр албан тушаалтнуудынхаа эрхшээлээр, тэднийхээ дур зоргоор явуулах юм бол манайхтай олон улсын байгууллага битгий хэл ямар ч хөрөнгө оруулагч ажиллахгүй. Яагаад гэвэл татвараас цугласан нийтийн мөнгөө нэг дарга нь мэдэгдэл хийгээд зарладаг ч юм уу, аль эсвэл популизм хийгээд эхэлнэ. Нөгөө талаасаа сая мэдэгдэл гаргасны дараа Сангийн сайд үүн дээр шууд эсрэг байр суурь илэрхийлсэн. Улсын төсөвт ийм ямар ч мөнгө суугаагүй гэж. Нөгөө талдаа Салхитын мөнгөний ордоос орсон мөнгөний эх үүсвэрээрээ 730 тэрбумыг дарна гэж мэдэгдэл хийсэн боловч Их хурал арай өөр маягаар, шууд тавдугаар сарын 27-ноос хэрэгжиж эхлэх Үндсэн хуулийн “Газрын хэвлийн баялгийг нийт ард түмэнд хүртээмжтэй хүртээнэ” гэдэг заалт руугаа шууд орж байгаа нь харагдсан. Энэ бол бас их том сорилт. Монгол Улсын гадаад өр 29 тэрбум доллар байгаа. Нарийндаа 7-гоос бусад нь компаниудын зээл. Энэ дээр бид бодлого гаргаж, тэр компаниудаа “онхолдуулчихгүй”-н тулд өршөөлийн хууль зэрэг янз бүрийн л арга хэмжээнүүд авч байсан. Үүнтэй агаар нэг, тэтгэврийн зээлийн өр тэглэлтийг хүмүүнлэгийн талаасаа нэг удаа ийм механизмаар тэглэе гэсэн бодлого явагдсан байж магадгүй. Гэхдээ эдийн засгийн үндэслэл, тооцоог нь огт гаргаагүй. Яг нарийндаа мөнгө хэвлэж л гарна.

-Мөнгө хэвлэхийн сөрөг үр дагавар юу вэ?

-Мөнгө хэвлэхийн зовлон бас байдаг юм аа. З.Энхболд дарга уг нь сайн мэдэж байгаа байх. 2016 оны тавдугаар сард “Сайн” хөтөлбөр гээд 600 тэрбум төгрөг хэвлэсэн. Өнөөдөр Монголбанкны Засгийн газраас авах авлага дотор энэ 600 тэрбум төгрөг байгаа. Саяын дөрвөн жил Засгийн газар энэ “Сайн” хөтөлбөртэй холбоотой нэг ч төгрөгийн өр цайруулаагүй. Одоо яг барьцаж байгаа юм шиг 730 тэрбум төгрөгийг сүүлийн үеийн мэдээллээс харахад мөнгө л хэвлэх гэж байгаа юм байна лаа. Мөнгө хэвлээд, нэг удаа өгнө. Дараа нь төгрөгийн ханш 10-15 хувиар унадаг. Ийм байдал руу хөтлөөд, уралдаад мөнгө хэвлээд төгрөгийн ханш унагаад давхиад байх уу? Энэ дээр наана уу, цаана уу байх ёстой байх аа.

-Уламжлал ёсоор хоёрдугаар сарын 1-нд НӨАТ-ын буцаан авалтын 20 хувийг олгосон байх ёстой. Гэтэл өнөөдөр алга?

-Өнөөдөр хоёрдугаар сарын 3-ны өдөр. Өнөөдөр энэ буцаан олголт байхгүй байна. Сайт руу нь ороод үзсэн чинь иргэдийн зарлагыг хянах маягийн юмнууд их оруулж байгаа харагдана лээ. Ингэж бас болохгүй л дээ. Иргэний зардлуудыг хянаж ерөөсөө болохгүй. Энэ бол иргэн татвараа төлсөн, өөрийн орлогоороо дуртай юмаа худалдан авах онцгой эрхтэй. Энэ эрхийн төлөө л бид 1990 онд хувьсгал хийсэн шүү дээ. Нэг ёсондоо даргын зааваргүйгээр дуртай юмаа худалдаж авах, даргын зөвшөөрөлгүйгээр дуртай хувцсаа өмсөх, дуртай байшингаа барьж суух ийм эрхийг олж авсан. Нөгөө НӨАТ-ын систем далимдуулаад, битгий хяналтын систем болгочихоосой гэж бодож байна. Уг нь тийм болох ёсгүй юм. Хуулийг анхнаасаа тэгж хийсэн. Өнөөдөр буцаан олголтын мөнгө маань алга байна. Нийт 141 тэрбум төгрөг. Энэ бол иргэдийн авах ёстой мөнгө. Энэний буянаар манай НӨАТ-ын орлого нэг их наяд төгрөг байгаа. Татварын бусад бүх орлого давж биелж байгаа. Энэ сайн системээ хөгжүүлээд явах ёстой. Одоо гурван сарын хугацаа байна. Вирусийн үе таарчихлаа. ОУВС-гаас эртхэн нэг сайн дүгнэлт хийлгүүлээд авчихсан нь дээр байх. Одоо Монголын эрх баригч нар аль ч түвшиндээ Их хурал, Засгийн газрын хэмжээнд эдийн засгийн институтүүд буюу банк, Санхүүгийн зохицуулах хороо гээд биеэ даагаад явчихна. Хэр баргийн зүйлд нэг их ажрахгүй болсон гэсэн зүйлийг нэлээн сайн хийлгүүлээд авчихсан нь зүгээр байх. Гурван жилийн турш бүх удирдлага үндсэндээ ОУВС-гийн менежментээр явлаа. Дарга нарт их амар, юм бодох зовлонгүй байсан. Бодох юмыг нь тэд бодож, мөнгийг нь бас олж өгч байсан учраас тэр.

-Ам доллартой харьцах төгрөгийн ханш унасаар байна. Төгрөгийн ханшийг яаж чангаруулах вэ?

-2013-2016 оны огцом уналтуудыг бодвол сүүлийн гурван жилд тал талаасаа хичээгээд, харьцангуй гайгүй байгаа. Гэхдээ өнөөдөр дэлхий дээр болж буй үйл явцаас шалтгаалаад экспорт зогсох юм бол асуудал үүснэ. Тийм учраас бэлтгэлтэй байцгаая. Шинжлэх ухаанд найдаж байна. Эрдэмтдэд найдаж байна. Энэ айхтар вирусийг хурдан дарж өгөөд, эдийн засгийн эргэлтийг номонд нь буцааж оруулж өгөөсэй. Ортлоо бас жаахан удна шүү дээ.

НҮҮРСНИЙ САЛБАРАА ХАМГИЙН САЙН МЕНЕЖМЕНТЭЭР ЯВУУЛАХ ЁСТОЙ

-“Эрдэнэс Тавантолгой” IPO гаргахаа мэдэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. IPO гаргах нөхцөл боломж нь бүрдсэн гэж бодож байна уу?

-Тавантолгой манай стратегийн гол орд. Хувийн, нийтийн, төрийн дөрөв, таван компани тал талаас нь ороод, сүүлийн хэдэн жилийн орлогоо эндээс л олж авч байна. 142 сая тонн нүүрс олборлоно гэдэг чинь ихэнх нь эндээс орно. Бид нэг л юм бодох хэрэгтэй. Энэ ордыг ирээдүйд үнэ цэнтэй байлгаж ашиглахын тулд дөрөв, таван янзын менежмент хийж буй компаниудаас хамгийн сайных нь менежментийг аваад, нэгдсэн нэг бодлого руу орох хэрэгтэй байх аа. Ухаахудаг, жижиг Тавантолгой нь байна уу, зүүн, баруун Цанхи нь байна уу яг нарийндаа хамгийн сайн технологитой, хамгийн сайн нүүрсээ 100 хувь боловсруулаад, угаагаад, зарж чадаж байгаа технологийг авахаас өөр арга байхгүй. Яваандаа нэгдсэн нэг бодлогоор худалдагдах байх аа. Мянга гаруй ашиглалтын лиценз байгаа. Энэ ашиглалтын лицензийг ашиглаад, олж байгаа олборлолт бол нийт ард түмний өмч. Төрийн, нийтийн хамааралтай өмч. Энэ өмчийн хууль гаргах хэрэгтэй. Энэ өмчийг эзэмших, ашиглах үедээ худалдааны асуудал дээр нэгдсэн бодлого хийхгүй бол зарим нэг тохиолдолд зарим ордоос маань гарч байгаа ашиг зөвхөн нэг хүний, нэг гэр бүлийн хэрэгцээнд яваад байна. Тэр гэр бүлийн хэрэгцээг хангахын тулд үндсэн үнээсээ хоёр, гурав дахин хямд өгөх үзэгдлүүд их байгаа. Тийм учраас энэ дээр нэгдсэн нэг бодлого хэрэгтэй. Ямар ч байсан төрийн, нийтийн хамааралтай өмч Өмчийн хуулинд орсон. Энэний дагуу төрийн нийтийн өмчийн хууль гарах байх гэж найдаж байна. Энэ хууль гарсны дараа бид бүх эрдэс баялаг, шороогоо үнэлдэг болох байх. Эрдэс баялгаа үнэлснийхээ дараа тэр үнэ цэн хүргэж чадах компани нь төрийнх байна уу, хувийнх нь байна уу тэрэнд хөрөнгө оруулалт хийгээд ажиллах болов уу. Түүнээс төр бүгдийг нь булааж авчихаад, одоо бид зарна гэвэл хэцүү асуудал л даа.

-Эдийн засаг болон төсөвт уул уурхайн салбарын эзлэх хувь өндөр. Гэвч баялаг хязгаартай. Монгол хүний ур чадвар, бүтээмжийг хэрхэн сайжруулах вэ, оновчтой шийдэл юу байх вэ?

-Ер нь бол технологийн асуудал. Уул уурхайн гаргаж байсан түүхий эдээр Монгол Улс хөгжиж цэцэглэж байсан. 1990-ээд онд Очирбат гуайн “Алт” хөтөлбөр хэрэгжсэн. Тухайн үед Монгол Улс ямар ч валютын нөөцгүй, жилдээ 100-хан килограмм алт авдаг байсан тул асар хэрэгтэй хөтөлбөр байсан. Гэхдээ технологи дээр огт ажиллаагүй. Байгалийн менежмент дээр огт ажиллаагүй. Дараа нь бид 100 мянган нинжатай үлдсэн. Нөгөө олборлож буй алтных нь ихэнх нь “хар зам”-аар явдаг болсон. Зарим хүмүүс тэр 20 тонн алтны цаана дахиад 20 тонн алт нууцаар гарсан шүү гээд хэлээд байгаа. Ийм үр дүнг бид хүсээгүй юм. Тийм учраас уул уурхайн менежментийн асуудал дээр дахин ажиллах хэрэгтэй байх аа. Хариуцлагатай уул уурхай гээд 20-иод жил ярьж байна. Шинэ технологи оруулаад, менежмент хийж байгаа Оюутолгойг бид нэг талаар муулж байгаа ч тэнд хэрэглэж буй менежментийг нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Том дарга нар л зөвшөөрдөггүй болохоос тэнд ажиллаж байгаа ажилчид бүгд мэднэ. Ямар хөдөлмөр аюулгүйн нөхцөлд, ямар аюулгүй цаг байгаа билээ. Монгол залуучууд Тэр технологийг, дээр нь хэлний боловсрол эзэмшиж байна. Бусад салбар, тэр дундаа нүүрсний салбараа хамгийн сайн менежментээр явуулах ёстой. Жоншны салбар, төмөр байна. Тэгэхгүйгээр хэсэг нөхдийн хэрэгцээг хангах гэж газраа сэндийлэх сайн явдал биш л дээ.

-Ярилцлагын төгсгөлд та нэмж юу хэлэх вэ?

-Шинжлэх ухаанд залбиръя. Эрдэмтдэдээ найдаж байна. Нийгэмд маань дахиад сорилт гарч ирж байна. Улсаараа хүнд үеийг яаж давах вэ, хүн ардын эрүүл мэнд талаас, цаашаа эдийн засгийн эрүүл мэнд, нийгэмд эерэг тал нь улам бэхжиж, бие биенээ ойлгох нягтрах асуудал гарч ирэх байлгүй дээ. Энэ дээр ардын баатар болоод байх шаардлага байхгүй. Институтүүд маань юмаа хийгээд явна, байдлыг л ажигла.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж