Нарантуул захын наймаачид "шатаж" байна

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

Нарантуул захын наймаачид "шатаж" байна

Нарантуул захын наймаачид "шатаж" байна

БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн "тахал" гэгдэж буй коронавирус “хаалга тогшиж” байна. Улсын онцгой комисс өнгөрсөн долоо хоногт хуралдаж коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн золголт, хувийн хэвшлийн байгууллагууд нэгдсэн золголт хийхийг хориглосон шийдвэр гаргасан. Харин айл өрхүүдийн цагаан сарын баярыг хориглох, хянах боломж байхгүй учраас аль болох өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх, гэр гэртээ ёслоод өнгөрөхийг зөвлөв. “Өвчин яамай, сар шинийн баяраа л аятайхан хийх минь” гэсэн шиг халаасаа гөвсөн хүмүүс энд тэндгүй. ХэдийгээрЦагаан сар шиг нүсэр баяр алга” хэмээн  ад үзэх нь бишгүй ч монгол түмний уламжлалт их баяр болдгоороо л болно. Ахас ихсээ хүндэтгэн дээдлэх, ураг төрлийн хэлхээ холбоогоо бататган гагнах ариун уламжлал дээр суурилсан төрт ёсны уламжлалт баярыг монголчууд ёстой л “хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж” өргөн дэлгэр тэмдэглэдэг. Харин энэ удаа цомхон хүрээнд тэмдэглэх бололтой.

Коронавирус хурдтай тархлаа гэсэн мэдээлэл авсан эхний хоёр, гурван өдөрт “Яана аа, вирус” хэмээн ам, хамраа тагласан бол одоо чих нь дасч, бараг мартан, сар шинээр гарын бэлэгний төлөөх уралдаанд хүч сорьж эхэлжээ.  

Үндэсний статистикийн хорооноос /ҮСХ/ хийсэн судалгааны үр дүнгээр 2020 онд Монгол Улсын нийт өрхийн 64 хувь нь Цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлж, нэг өрх дунджаар 2.2 сая төгрөгийг идээ цагаа, гарын бэлэг, баярын гоёлд зарцуулна гэж тооцжээ.

Өөрөөр хэлбэл, ойролцоогоор 1.2 их наяд төгрөг зах зээлийн эргэлтэд орох нь. Судалгааны бас нэг онцлох үр дүн бол сүүлийн хоёр жилд 2017 онтой харьцуулахад Цагаан сарын баяр тэмдэглэхэд гаргадаг өрхийн бодит зардал өсөхийн зэрэгцээ иргэдийн цалин, тэтгэврийн зээлийн хэмжээ буурчээ. 

Харин гарын бэлэгт нэг хүнд дунджаар 8-27 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл бэлэглэнэ гэж үзвэл нэг хүнд өгөх бэлгийн зардлыг тооцож, нэг өрх дунджаар 60 зочин хүлээн авна гэж үзээд нэг өрх бэлэгт нийтдээ 1.05 сая төгрөг зарцуулахаар байгааг ҮСХ тооцоолон гаргасан байна.

Цагаан сарын баяр хаяанд ирсэн ийм үед олны хөлд дараас­тай байх  газрын нэг нь "Наран­туул" зах. Томоохон тэм­дэг­лэлт баяруу­дын өмнө тус захын наймаачид урд хөршөөс ойр, ойр­хон бараа татдаг. Энэ мө­чийг тэд тэсэн ядан хүлээ­нэ. Гэтэл өнөө жилийн цагаан сарын өмнө иргэд коронавирусийн тархалт болон  сар шинийн баяраа  цомхон тэмдэглэх гэснээс үүдэн юм худалдаж авахаа больсон гэнэ.

Өчигдөр /2020.02.03/ 15.00 цаг. Ихэнхдээ хөл гишгэх зайгүй шахам хүмүүс бужигнацгааж байдаг их хөлийн газар мөн үү гэлтэй байлаа. Наймаачид үндсэн лангуугаа түрдээ хаан хүмүүсийн нүдэнд харагдахуйц ил харагдахын тулд  захын төв хаалганы урд хэсэгт гарын бэлгүүдээ дэлгэн тавьжээ. Ингэхгүй л бол захын гол руу орж юм худалдан авах хүн олддоггүй аж. Цагаан сарын бэлгэнд өгөх бараа учраас “хөөрхөн” савлагаатай, бидэнд танил болсон цагаан өнгийн хятад майкууд 2500-3500, "Монгол" гэсэн бичигтэй футболк 3000, “Монголд үйлдвэрлэв” гэсэн савлагаатай өмдний тэлээ 3500, мөн адил савласан түрийвч 3000 гээд л зарж өгч байна.

Түм түжигнэж, бум бужигнасан энэ газрыг зорин ирэх хүний тоо сүүлийн үед эрс багасчээ. Уулзсан наймаачид бүр най­маа муу, гүйл­гээгүй байгаа тухай ярьж "Юун ашиг манатай. Ур­даас авсан үнээ олж авч чадах нь уу" хэмээн бу­химдацгааж байв. Наймаачид Цагаан сарын баярт зориулж шинэ жилийн дараанаас эхэлж урагшаа бараанд явдаг аж. Уг нь өдийд гүйлгээ нэмэгд­сээр битүүний урьд өдөр бүр оргил­доо хүрч наймаачид хоорондоо ярих байтугай, хоол цайгаа ч уух завгүй наймаа хийдэг байж, урьд жилүүдэд. Харин энэ жил наймаачид хоёр, гурваараа хөзөр тоглонгоо цаг нөхцөөж суугаа харагдав.  

Бидний эхэлж уулзсан хүн бол тус зах дээр арав дахь жилдээ наймаа хийж буй Б.Буяндэлгэртэй цөөн хором ярилцлаа.  

Хамгийн сүүлд хэзээ ураг­шаа бараандаа явсан бэ?

Нэгдүгээр сарын 24-нд явсан. Урдаас хоёр сая төгрөгт цагаан сарын бэлгэнд өгч болохоор футболк, зузаан оймс, хувцас авчирсан ч зарагдаж байгаа юм алга. Гүйлгээ ёстой муу байна. Бид урдаас авчирсан нэг оймсон дээр 20-30 төгрөг л нэмж зардаг. Ноосон дотуур өмдөн дээр 400-500 төгрөг нэмдэг.

-Хүмүүс захаар төдийлөн үйлчлүүлэхгүй байгаа нь ху­далдан авах чадваргүй байгаа­г таны хувьд юутай холбоотой хэмээн харж байна вэ?

Цагаан сарын дараа гурав, дөрөвдүгээр саруудад захын наймаачид бид чинь зарим­даа хоолны мөнгөгүй, хоосон ха­рих нь бий. Гэтэл энэ жил юун Цагаан сар вэ. Одоо бид чинь хаврын тарчиг саруудынх шиг хоосон буух нь энүүхэнд байна. Бараа зарагдахгүй, хүн амьтан ч авахгүй юм. Уг нь урьд жилүүдэд арай ийм байгаагүй. Цагаан сарын өмнөх өдрүүдэд наймаачид хоо­рондоо ганц ч үг ярих завгүй най­маагаа хийгээд орлоготой байдаг байлаа. Өглөө эрт ирж наймаагаа эхлүүлээд орой харуй бүрий бол­сон хойно харьдаг байсан. Гэтэл одоо бид өглөө аажуу уужуу ирээд орлого орохгүй болохоор нарны голтойд л гэр рүүгээ явчихдаг болсон. Үнэнийг хэлэхэд хятадууд хилээ хаана гэдгээ мэдчихээд бидэнд бараагаа хямд зарсан. Худалдан авалт муу болохоор зун 10.000 төгрөгөөр зардаг байсан футболкоо 5000 төгрөгөөр зарж байна. Коранавирусээс болж хүмүүс цагаан сар хийхгүй гэсэн болохоор гарын бэлэг бэлдэж байгаа хүмүүс ч алга. Эсвэл  нэг хэсэг хүнсээ нөөцөлж байна гээд  байсан мөнгөгүй болсон юм болов уу гэхчлэн олон л юм бодогдох юм” гэлээ.

Хүүхдийн тоглоом, аяга, халуун сав бараа зарж буй нэгэн эмэгтэй "Өдийд чинь зах дүүрэн хүнтэй, хөл тавих зайгүй шахам байдаг. Энэ жил ер тэгсэн­гүй. Хүн амьтан ч цөөн байна. Хүмүүс юмны үнэ асуучихаад л яваад өгөх юм. Бараа ерөөсөө худалдаж авахгүй. Авбал ганц хоёроос хэтрэхгүй юм. Бөөндөж авахаа байсан” хэмээн  бухим­дангуй ярив.

Бүс, алчуур, оймс, трико зарах эмэгтэй “Ихэвчлэн хөдөөгийн хүмүүс л  гарын бэлгээ бэлдэж байх шиг байна. Хотынхон бол ховор. Цаг нь тулаад ирэхээр хүмүүсийн худалдан авалт сайжрах байх  гэж найдаад л байна. Хүмүүсийн нүдэнд харагдахуйц ил талбайд зогсохоор наймаа арай  гайгүй зарагдаад байгаа болохоос захын гол хэсэгт байх лангууны үндсэн бараа бол зарагдахгүй байна. Миний үндсэн бараа өмд дотуур хувцас. Зарагдахгүй байгаа юм чинь бэлэгний бараа руу оруулаад л явж байна даа. Хүмүүс ер нь  чанартай гэхээсээ илүү аль хямдханыг нь л авч байна даа” гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж