Токио-2020 зуны олимпийн наадамд тэсрэлт хийх тамирчид

Хуучирсан мэдээ: 2020.02.04-нд нийтлэгдсэн

Токио-2020 зуны олимпийн наадамд тэсрэлт хийх тамирчид

Токио-2020 зуны олимпийн наадамд тэсрэлт хийх тамирчид

Дэлхийн хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон 32 дах удаагийн зуны олимпийн наадам арлын Японы Токио хотын шинэ олимпийн цэнгэлдэхэд ирэх долдугаар сарын 24-нд хөшгөө нээж наймдугаар сарын 09-ний өдөр хаалтын үйл ажиллагаагаа хийнэ. Бид та бүхэндээ энэ удаагийн Токио-2020 олимпийн наадамд цахиур хагалах тамирчдыг танилцуулж байна.

Ноа Лайлес – АНУ, Хөнгөн атлетик

Ойрын зайн гүйлтийн хаан “Цахилгаан” хочит Ямайкийн Усайн Болт гурван олимп дараалан алт авсныхаа дараа зодог тайлсан нь бусад тамирчдад томоохон боломжийг нээсэн. Тэгвэл Усайн Болтын залгамж халааг үргэлжлүүлэх дараагийн хүнээр энэ жил 22 настай Америк залуу Ноа Лайлес тодроод байна. Тэрбээр Доха-2019 хөнгөн атлетикийн ДАШТ-ний 200м болон 4х100м төрөлд тус бүрт нь алтан медаль хүртэж, Даймонд лигийн 200м-ийн рекордыг эвдсэн нэгэн. Түүнийг зогсоох хурдан гүйгч Токиогийн тэнгэр дор байхгүй л болов уу.

Симон Байлес – АНУ, Гимнастик

2016 оны Риогийн олимпийн наадмын тод од нь болж дөрвөн алтан медаль, нэг хүрэл медаль хүртсэн 22 настай авьяаслаг гимнастикийн тамирчин маань Токиод ч гэсэн ноёрхох шинжтэй байна. Олимп, дэлхийн нийт 30 медальтай түүнийг зогсоох ганц өрсөлдөгч нь тэр өөрөө.

Скай Броун – Их Британи, Скейтборд

Энэ удаагийн олимпийн наадамд шинээр нэмэгдэж байгаа спортын төрлүүдийн нэг бол скейтбордын төрөл юм. Тэгвэл олимпийн наадмын хамгийн залуу спортуудын нэгт энэ жил 12 настай Скай Броун охин өнгөлөх магадлалтай байна.Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Бразилын Сан-Паоло хотод зохион байгуулагдсан скейтбордын ДАШТ-нд гуравдугаар байр эзэлсэн юм. Скай Броун охины хувьд Японд төрсөн бөгөөд Англи аав, Япон ээжтэй юм. Хэрэв тэрбээр Их Британий нэрийн өмнөөс олимпийн наадамд оролцвол тус улсын түүхэнд хамгийн залуудаа олимпийн наадамд оролцсон усан сэлэгч Маргери Хинтоны амжилтыг эвдэх юм.

Наоми Осака – Япон, Талбайн теннис

Мэргэжлийн талбайн теннисний спортод аль хэдийнэ өөрийнхаа байр суурийг олоод буй энэ жил 22 настай Наоми Осака эх нутаг дээрээ зохиогдож буй зуны олимпийн наадамд түрүүлэх хүсэлтэй байгаа нь мэдээж. Цагтаа дэлхийн чансааг тэргүүлж уг чансааг тэргүүлсэн хамгийн анхны Ази тамирчин болсон тэрбээр өдгөө дэлхийн чансааны 10-р байрт жагсч байна. Хаити аавтай, Япон ээжтэй Наоми Осака одоогийн байдлаар Их дуулгын хоёр цомын эзэн болоод байгаа билээ.

Тедди Ринер – Франц, Жюүдо

Япон улс магадгүй жюүдогийн спортыг зохиосон байж болох ч хэн нь ч Тедди Ринер шиг ноёрхож чадаагүй юм. Хамгийн сүүлд 2010 оны есдүгээр сард ялагдал хүлээсэн “ Теди баавгай” хочит тэрбээр Бээжин-2008 оны олимпоос хүрэл медаль хүртсэнээсээ хойш Лондон-2012, Рио-2016  зэрэг хоёр олимп дараалан түрүүлээд буй Тедди Ринер Токио-2020 зуны олимпийн наадамд түрүүлвэл гурвал олимпийн алтан медальтай болж Японы Тадахиро Номуратай тэнцэж ирнэ. Тэрбээр өдгөө 30 настай ба 2024 оны Парисын зуны олимпийн наадам хүртэл барилдах хүсэлтэй ажээ.

Лин Шан – Хятад, Усанд үсрэлт

Хятадын усанд үсрэлтийн эмэгтэй шигшээ баг олимпийн наадамд босоо байж ирсэн. Тэд 1984 оны Лос-Анжелосын зуны олимпийн наадмаас хойш боломжит 28 медалиас 24-ийг нь өөрсдийн болгож дэлхий нийтэд дийлдэшгүй гэдгээ харуулсан. Тэгвэл тэдний дараагийн залгамж халаа болон олимпийн наадамд төрийн дууллаа эгшиглүүлэх дараагийн од нь 18 настай Лин Шан. 2018 оны Аргентин улсын Буэнос Айрес хотод зохион байгуулагдсан залуучуудын зуны олимпийн наадмын усанд үсрэлтийн төрөлд тэрбээр ганцаарчилсан болон холимог хосын төрөлд гурван алтан медаль хүртсэн юм.

Сандра Леттнер – Австри, Спорт авиралт

Скейтбордын спортын адил энэ удаагиийн зуны олимпийн наадамд шинээр нэмэгдэж буй төрлүүдийн нэг. Тэгвэл энэхүү тэмцээний анхны олимпийн аваргаар энэ жил 19 нас хүрэх Австрийн Сандра Леттнер нэрлэгдэх магадлалтай байна. 2018 оны залуучуудын зуны олимпийн наадмын алтан медальт түүнийг зогсоох хүн Токиогийн авиралтын хананд үгүй гэж бодож байна.

Лхагвасүрэн Сосорбарам – Монгол, Жюүдо

Монголын жюүдогийн спортын шинэ олимпийн найдвар болсон энэ жил 19 нас хүрэх тэрбээр 2018 онд Аргентин улсын Буэнос Айрес хотод зохион байгуулагдсан залуучуудын олимпийн наадмын мөнгөн медальтай бөгөөд үүгээр ч зогсохгүй залуучуудын ДАШТ-нд түрүүлсэн билээ. Ямартай ч түүнийг Монголын жюүдогийн олимпийн наадмын медалийн буухиаг үргэлжлүүлнэ хэмээн харж байна.

Каелеб Дрессел – АНУ, Усан сэлэлт

Өнөө цагийн дэлхийн усан сэлэлтийн спортод ноёрхож байгаа 23 настай Америк залуу усан сэлэлтийн домог Майкл Фелпсийн 2019 онд тогтоосон гурван дээд амжилтын хоёрыг нь хэдийнэ эвдээд буй. Тэрбээр 2019 усан сэлэлтийн ДАШТ-нд найман медаль хүртэж Майкл Фелпсийн долоон медаль хүртэж байсан амжилтыг эвдээд зогсохгүй Майкл Фелпсийн тогтоосон 100м-ийн эрвээхий сэлэлтийн дэлхийн рекордыг эвдсэн юм. Мөн тэрбээр 2016 оны Риогийн зуны олимпийн наадамд Майкл Фелпстэй нэг баг болон хоёр алтан медаль хүртэж байсан туршлагатай нэгэн.

Мария Ласицкене – ОХУ, Өндрийн харайлт

ОХУ-ын хөнгөн атлетикийн шигшээ баг тамирчдыг допинг хэрэглэсэн хэмээн буруутгаж Рио-2016 зуны олимпийн наадамд оролцуулаагүй билээ. Тэгвэл тус олимпийн наадмын өндрийн харайлтын төрөлд алтан медаль авах боломжтой байсан гол фаворитуудын нэг Мария Ласицкене энэ удаагийн Токио-2020 зуны олимпийн наадамд өөр улсын далбаан дор оролцох төлөвлөгөөтэй байгаа ажээ. 2015, 2017 онуудын өндрийн харайлтын ДАШТ-ний аварга 27 настай тэрбээр одоогийн байдлаар дэлхийн чансааг тэргүүлж байна.

Томоказу Харимото – Япон, Ширээний теннис

Олимпийн наадмын ширээний теннисний төрлийг Хятадууд эзэгнээд удаж байна. Тэгвэл тэдний ноёрхлыг түлхэн унагаах хүнээр нутаг дээрээ олимпийн наадамд оролцох энэ жил 17 нас хүрэх Томоказу Харимото тодроод байна. Залуучуудын зуны олимпийн наадмаас хос мөнгөн медаль, ширээний теннисний ДАШТ-нээс мөн мөнгөн медаль хүртэж байсан түүнийг зогсоох хүн цөөхөн. Хамгийн залуудаа буюу 14 насандаа ширээний теннисний дэлхийн Гранд сламд түрүүлж байсан түүнийг олон олон олимпийн наадам хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж