Ердөө дөрвөн сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Сонгуулийн хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 24 буюу санал авах өдрөөс 60 хоногийн өмнө нам, эсвэл УИХ-ын сонгуульд оролцох эсэхээ Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэнэ. Харин нэр дэвшигчдийн хувьд санал авах өдрөөс 45 хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх юм. Түүнээс өмнө намууд их, бага хурлаа хуралдуулж, нам дотор нэр дэвшигчдээ тодруулах зохицуулалттай. Мэдээж улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан нэр дэвшигчдийн хувьд өөрчлөлт орох, зарим тойрогт шинэ нэр дэвшигч орж ирэх нь сонгууль бүрийн, нэр дэвшигчийг тодруулахын өмнө үзэгдэл. Ялангуяа том тойрогт намууд нэг нэгнээ “агнах”, нам дотроо ч “агнах” ажиллагаа үргэлжлэх төлөвтэй байна. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр яллагдагчаар татагдаж, гишүүнээс нь түдгэлзүүлээд байна. Тэгэхээр түүний энэ асуудал сонгуулиас өмнө шийдэгдэхгүй л болов уу. Тэрбээр өөрөө ч энэ талаар “Намайг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн оролдлого, би улс төрөөс түр чөлөө авч байна” гэж дурдсан юм. Энэ мэтчилэнгээр аль намаас хэн хэн нэр дэвших, хэн хэн горилох вэ гэсэн таамаг ирэх дөрөвдүгээр сар хүртэл улс төрийн хүрээнд өрнөх халуун сэдвийн нэг болж байна.
"УУХАЙ" ХӨДӨЛГӨӨН, БИЕ ДААГЧДЫГ ХЭН ӨНГӨЛӨХ ВЭ?
Сонгууль бүрийн өмнө нам эвсэл нэгдэх, хөдөлгөөн байгуулах нь байх үзэгдэл. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн өмнө Уухай хөдөлгөөн болон бие даагчдын нэрс ч дуулдаж эхэлжээ. Ялангуяа Ерөнхийлөгчийн зөвлөхүүдээс МАН-ын гишүүн Э.Мөнх-Очир, Г.Уянга нар бие даахаар зэхэж байгаа гэх яриа бий. Түүнээс гадна УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу Баянзүрх дүүрэгт хүч үзэх сурагтай.
Мөн "Уухай" хэмээн шинэ, шинэлэг залуусын нэгдэл бий болоод багагүй хугацаа өнгөрсөн. Тэдний хувьд нийгэмд, салбартаа танигдсан залуу боловсон хүчнүүд юм. Хэдийгээр нийгмээ өөрчлөх, төр, нийгэмд бугшсан зүй бус явдлын эсрэг тууштай зогсч, эерэг үйлсийг дэмжих, залуучуудыг саналаа өгөхөд уриалах, шинэ үеийн бодлого тодорхойлогчдыг дэмжих, улс орноо зөв зүгт залах үйлс гар бие оролцох нам үл харгалзсан иргэдийн нэгдэл гэж байгаа боловч тэдэн дунд 2020 онд нэр дэвших хэд хэдэн хүн бий. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр, хууль Б.Гүнбилэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар бий. Түүнээс гадна нэгдэлд АН-ын ҮБХ-ны гишүүд, ХҮН-ын удирдлагууд гээд олон хүн бий.
Ингээд 2020 оны сонгуульд хэн хэн хаана нэр дэвшихээр байна вэ гэдэг таамгийг хүргэе. Улс төрийн үйл явцаас шалтгаалан зарим тойрогт горилогчид жагсаалтаас гарч, зарим нь шинээр орж ирж байгааг энд тодотгоё.
Архангай аймаг. МАН-аас одоогийн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг нар нэр дэвшихээр яригдаж буй. Харин Ардчилсан намаас Н.Батбаяр, Д.Ганхуяг нар нэр дэвшиж магадгүй гэсэн таамаг байна.
Баян-Өлгий. МАН-аас ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле эмэгтэйчүүдийн квотод нэр дэвшихээр яригдаж байна. Харин Г.Солтан гишүүний хувьд энэ удаагийн сонгуулийг өнжихөөр болсон гэсэн мэдээлэл байгаа бол Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан ч нам нь дэмжвэл дахин дэвшинэ гэдгээ илэрхийлж байгаа сурагтай. Харин Ардчилсан намаас А.Бакей, Х.Ержан гэсэн нэр яригдаж байна.
Баянхонгор. МАН-аас одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, М.Билэгт нар нэр дэвших болов уу. Харин Ардчилсан намаас Консул асан Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд, УИХ-ын гишүүн асан Д.Ганбат, АН-ын ҮБХ-ны гишүүн “Номгон санчир” ХХК-ийн захирал А.Адъяасүрэн нар горилж яваа.
Булган. МАН-аас Ж.Бат-Эрдэнэ, хууль Б.Гүнбилэг нарын нэрс яригдаж байна. Хуульч Б.Гүнбилэгийн хувьд хэрэв нам нь дэмжлэг үзүүлэхгүй бол бие даах болов уу гэсэн таамаг байгаа бөгөөд тэрбээр Уухай хөдөлгөөний тэргүүн эгнээнд яваа юм. Мөн Элчин сайдаар горилж яваа Ц.Цэнгэл нарыг Ерөнхийлөгч зөвшилцсөнөөсөө ухарсан учраас тэрбээр тус тойрогт хүч үзнэ гэх болов уу. Мөн "Сод монгол" групийн эзэн Н.Анандбазарын ч нэр яригдаж буй. Харин Ардчилсан намаас Н.Түвшинбаяр аваргыг нэр дэвшиж магадгүй гэсэн таамаг өрнөж байгаа юм. Мөн тус аймагт Ерөнхийлөгчийн зөвлөх, МАН-ын гишүүн Э.Мөнх-Очир бие даан нэр дэвшихээр яригдаж буй.
Говь-Алтай. МАН-аас тус намын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд намаасаа таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг авахгүй хэмээн шийтгүүлээд байгаа юм. Харин Ардчилсан намаас О.Амгаланбаатар, А.Дэлгэржаргал, Л.Болормаа гэсэн хүмүүсийн нэр албан бусаар яригдаж байгаа гэнэ.
Дорноговь. МАН-аас УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, саяхан ажлаа өгсөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал О.Одбаяр нэр дэвших бололтой. Мөн тус аймгийн намын дарга, Засаг дарга Т.Энхтүвшин санаатай байгаа. Харин Ардчилсан намаас одоогоор яригдаж байгаа нэрс тодроогүй байна.
Дархан-Уул аймаг. МАН-аас УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Д.Хаянхярваа нар нэр дэвшинэ гэж буй. Тэднээс гадна Монголын төмөр замын дарга байсан Б.Цэнгэл мөн МАН-аас нэр дэвшихээр тус аймгийг тойглож яваа. Мөн тус аймагт МАН-аас УИХ-ын даргын зөвлөх Ж.Сүхбаатар дэвших боломжтой. Харин Ардчилсан намаас Н.Мөнхдаш, Л.Наранбаатар нар горилж яваа сурагтай. УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын гишүүн М.Сономпилийн хувьд ял эдэлж байгаа юм.
Дорнод аймаг. МАН-аас ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн нэр дэвшихээр ажлаа өгсөн. Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нэр дэвших болов уу. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тус тойрогт нэр дэвших байсан ч сая УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж, МАН-аас хөөх шийдвэр гарсан учраас 2020 оны сонгууль нэр дэвших асуудал нь эргэлзээтэй болж байгаа юм. Мөн тус тойрогт Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд асан Б.Энхбаяр МАН-аас эсвэл нам дэмжихгүй бол Уухай хөдөлгөөнийг төлөөлж, бие даан нэр дэвших болов уу. Харин Ардчилсан намаас П.Алтангэрэл өрсөлдөхөөр яригдаж байна. АПУ-ийн П.Батчимэгийг энэ удаад Дорнод, Хан-Уул дүүргийн аль нэгэнд нь дэвшиж магадгүй гэсэн яриа ч нам дотор нь гараад буй.
Дундговь аймаг, Говьсүмбэр. МАН-аас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир зорихоор бэлтгэж байгаа гэх боловч түүнд нам нь таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан, түүнийгээ цуцлаагүй байгаа. Мөн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг энэ тойрогт өрсөлдөхөөр яригдаж байна. Харин Ардчилсан намаас мөнхийн “өрсөлдөгчгүй” Б.Наранхүү гишүүн өрсөлдөнө. Түүнээс гадна Б.Наранцацаралт агсны хүү Н.Соёмбо гэх залуу өрсөлдөж магадгүй гэсэн бор шувуу бий.
Завхан аймаг. МАН-аас Ц.Цэрэнпунцаг, Ш.Батсамбуу, О.Содбилэг нар нэр дэвшихээр яригдаж байгаа гэнэ. Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг санаатай байгаа гэх бор шувуу нисч буй. Ардчилсан намаас УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Я.Санжмятав, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан нарын нэрс яригдаж байгаа юм.
Орхон аймаг. МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Бат-Эрдэнэ нар Орхон аймгийг тойглож яваа. Хамгийн сүүлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ч мөн Орхон аймгийг зорихоор зэхэж байгаа гэх мэдээлэл бий. Харин Ардчилсан намаас хэн нэр дэвших нь бүрхэг байгаа бол МАХН-аас О.Баасанхүү өрсөлдөнө. Мөн түүнтэй хамт Н.Энхбаяр, С.Ганбаатар нар ч тус аймагт нэр дэвшинэ гэх дам яриа ч гараад амжсан юм.
Өвөрхангай. МАН-аас бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан нарын нэрс яригдаж буй. УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хувьд 2020 оны сонгуульд оролцохгүй, сонгууль удирдлагын багт ажиллахаар яригдаж байгаа бөгөөд нам ялбал Засгийн газарт ажилах сонирхолтой байгаа гэнэ. Харин Ардчилсан намаас Асашёорү Д.Дагвадорж , Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын нэрс яригдаж байна.
Өмнөговь. МАН-ын намаас УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, МСНЭ-ийн дарга Х.Мандахбаяр нарын нэг нь өрсөлдөхөөр бэлтгэж буй. Мөн Л.Энхболдын хувьд “ЖДҮ” гэх асуудалтай байгаа ч Л.Энхболд нэр дэвшихээр бэлтгэгдэж буй. Мөн аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Ардчилсан намаас тус аймагт нэр дэвших “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд асан Ц.Баярсайхан нарын нэр дэвших болов уу гэсэн таамаг байгаа ч түүний хувьд энэ удаад сонгуульд оролцохгүй гэх яриа намынхан дунд нь бий.
Сүхбаатар аймаг. МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрсөлдөхөөр яригдаж байгаа бол Ч.Улааны хувьд энэ удаад өнжих болов уу, өнжихийн тулд сайд болсон гэсэн бор шувуу нам дотор нь бий. Харин Ерөнхий сайдтай хэн ч өрсөлдсөн “ялах” магадлал өндөр бий гэж ярилцаж байгаа гэнэ. Ардчилсан намаас экс Засаг дарга Ж.Батсуурь дахин хүч үзэх болов уу. Мөн М.Зоригт гишүүн ч өрсөлдөх магадлал өндөр юм.
Сэлэнгэ. МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Оюундарь, ЗТХЯ-ны дэд сайн асан Б.Цогтгэрэл нар горилж байгаа. МУИС-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал байж байгаад Ерөнхий сайдын зөвлөх болсон Ч.Ундрамын нэр ч яригдаж байна. Одоогийн Засаг дарга Ш.Оргил нэр дэвших сонирхол өндөр байсан ч намынх нь залуу гишүүдийн “зохион байгуулснаар” хуулийн байгууллагаар шалгуулж буй. Мөн Сөүл группийн еөрнхийлөгч Д.Өнөрболор нэр дэвшихээр яригдаж байгаа юм. Харин Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нэр дэвших нь тодорхой байгаа.
Төв. МАН-аас М.Энхболд, Н.Энхболд, А.Сүхбат, Су.Батболд нарын гишүүд өрсөлдөх магадлалтай. Гэвч зарим нэр дэвшигчийг нэр дэвшүүлэхгүй байх талаар ярилцсан гэх яриа улс төрийн хүрээнд яригдаж буй. Харин Ардчилсан намаас Төв аймагт Төв аймгийн АН-ын дарга, Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв, Ардчилсан намын генсек Ц.Туваан, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн нэр яригдаж байгаа сурагтай.
Увс. МАН-аас Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Н.Цэрэнбат нар бэлтгэлээ базааж байгаа бол Ардчилсан намаас “ТЭСО” корпорацийн захирал О.Цогтгэрэл, 2016 онд нэр дэвшээд өвдөг шороодож байсан Хотын мээрийн ах С.Отгонбаяр ч дахиж магадгүй гэнэ.
Ховд. МАН-аас УИХ-ын гишүүн Л.Батнасан, С.Бямбацогт, Ц.Цогзолмаа нар бэлтгэлээ базааж буй. Харин Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Мөн Ардчилсан намаас залуучуудын төлөөлөл болгож, Монгол Улсаас АНУ-ын Сан франциско хотод суугаа Ерөнхий консул байсан Э.Галбадралын өрсөлдөхөөр яригдажбайна. Мөн Ш.Адьшаа ч тойргоо усалж яваа ч тэрбээр хуулийн байгууллагын асуудлаараа нэр дэвших эрхгүй байж мэдэхээр байна.
Хөвсгөл. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар нарын нэр яригдаж байна. Харин Ардчилсан намаас Ц.Оюунгэрэлийн нэр дуулдаж байна.
Хэнтий. МАН-аас ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, одоогийн Засаг дарга С.Ганбямба. Ардчилсан намаас экс Засаг дарга Ж.Оюунбаатар, Б.Гарамгайбаатар, М.Хүдэрбаатар нарын нэрс дуулдаж буй.
Баянзүрх дүүрэг. МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Б.Саранчимэг, БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, НОСК-ын дарга, оны өмнө Б.Сүхбаатар, ХӨСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин нарын нэрс яригдаж байна. Гэхдээ Ж.Энхбаяр, Д.Оюунхорол нарыг Баянзүрх дүүргээс нэр дэвшүүлэхгүй гэх яриа нам дотор нь бий. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Пүрэвдаваа тэргүүтэй залуучууд өрсөлдөх гэнэ. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан ШИНЭ намаасаа өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. Мөн тус дүүрэгт УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу бие даан нэр дэвших бололтой.
Баянгол дүүрэг. МАН-аас УИХ-ын гишүүн А.Ундраа, Ж.Ганбаатар тэргүүтнүүд дахин өрсөлдөнө. Мөн Сангийн дэд сайд Х.Булгантуяад нам нь дэмжлэг үзүүлбэл тус дүүрэгт нэр дэвших сонирхолтой байгаа ч нам дэмжлэг үзүүлэхгүй бол Уухай хөдөлгөөнөөс бие даан нэр дэвшихээр яригдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Мөн УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хувьд ЖДҮ-ийн асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа учраас тэрбээр энэ удаагийн сонгуулийг өнжинө. Ардчилсан намаас тус намын дарга С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа тэргүүтнүүд бэлтгэлдээ ороод буй. Мөн Д.Оросоо АН-аас нэр дэвшигчдийн дунд бий.
Хан-Уул дүүрэг. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ц.Нямдорж, Д.Сарангэрэл нар өрсөлдөхөөр яригдаж буй. Харин Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Байгальмаа, экс Засаг дарга Ж.Ганхуяг нар яригдаж байгаа юм. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Тэргүүн дэд захирал асан Б.Ариунболд Ардчилсан намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ. Харин УИХ-ын гишүүн Л.Болд ШИНЭ намаасаа нэр дэвшинэ.
Чингэлтэй дүүрэг. МАН-аас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Хассуурийн гэх тодотголтой Х.Ганхуяг нар яригдаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Д.Ганболд нарыг нэр дэвшүүлэхгүй гэх амбиц зарим хүмүүст байгаа гэх. АН-аас хэн нэр дэвших нь тодорхойгүй байгаа. Мөн Ерөнхийлөгчийн зөвлөх асан Г.Уянга тус дүүрэгт бие даан нэр дэвших сурагтай.
Сүхбаатар дүүрэг. МАН-аас УИХ-ын гишүүн С.Батболд, Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил нар нэр дэвшихээр яригдаж буй. Харин Ардчилсан намаас Боловсролын сайд Г.Гантөмөр, АН-ын Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд нарын нэрс яригдаж байгаа юм.
Сонгинохайрхан дүүрэг. МАН-аас УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Ц.Гарамжав, Х.Нямбаатар, Н.Учрал, Д.Тэрбишдагва, нарын нэрс яригдаж байна. Харин Б.Ундармаа гишүүний хувьд 2020 оны сонгуулийг өнжих бололтой. Мөн НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун МАН-аас хөөгдсөн байгаа учраас нэр дэвших болов уу. Ардчилсан намаас тус дүүрэгт УИХ-ын гишүүн асан Д.Батцогт, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа нэр дэвшихээр яригдаж байна.
Багахангай, Налайх, Багануур. Тус гурван алслагдсан дүүргийг нэгтгэж, нэг юм уу хоёр мандаттай болгохоор зэхэж байгаа бөгөөд МАН-аас одоогийн Хотын дарга С.Амарсайхан өрсөлдөхөөр яригдаж байна. АН-аас харин тодорхойгүй байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ