Засгийн газраас хоёрдугаар сарын 1-нээс ахмад настны тэтгэврийг нэмж, тэтгэврийн зээлийг чөлөөлөхөө мэдэгдсэн. Энэ талаар сурвалжлахаар өнөөдөр /2020.02.03/ Сүхбаатар дүүргийн Зуун айл дах “Хаан” банкаар орвол ахмад настнууд зөрөх зайгүй шахам дугаарлан зогсчээ. Тэтгэвэр нь нэмэгдсэн тул дугаарлаж суугаа гэдгээ хэлэх нэгэн байхад тэтгэврээ хэзээ чөлөөлөхийг лавлахаар ирсэн нь ч байлаа. Ахмадуудад хоёрдугаар сарынх нь тэтгэврийг бүрэн олгож эхэлжээ.
Өндөр настан Ц.Лувсанням “Өнөөдөр тэтгэврээ авахаар банкинд ирсэн. Миний хувьд гурван сая төгрөгийн тэтгэврийн зээлтэй байсан. Зээл тэглэх л юм шиг байна. Гэхдээ банкнаас тэтгэвэр тэглэсэн дэвтрийг өгөхгүй байна. Учрыг асуухад санхүүжилт ороогүй гэж тайлбарласан. Өмнө нь 420 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан бол одоо нэмэгдээд 500 мянга болсон. Их баяртай байна” гэлээ.
Сануулахад, банкууд зургаан саяас дээш тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг гэрээг шинэчлэн хийж байгаа аж.
Засгийн газрын шийдвэрээр ахмад настнуудын 500 мянган төгрөг хүртэлх тэтгэврийг 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш хэмжээтэй тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэхээр болсон. Өөрөөр хэлбэл бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 350 мянга, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөг болгон шинэчилжээ. Энэ нь 421.7 мянган иргэний тэтгэвэр 25-40 мянган төгрөгөөр буюу дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж өсчээ. Тэтгэврийн зээлийг нь бүрэн тэглэх асуудал шийдэгдээгүй байгаа ч хоёрдугаар сарын 1-ээс эхлэн тэтгэврээ бүрэн гар дээрээ авч байгаадаа баярлах ахмад олон таарлаа.
ЦАГААН САРААС ӨМНӨ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭНЭ
Тэтгэврийн нэмэгдлийн талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодрууллаа.
-Тэтгэвэр нэмэгдлээ. Хэчнээн ахмад настан нэмэгдэл тэтгэвэр авах юм бол. Улсын төсөвт хэчнээн төгрөг суусан бэ?
-Засгийн газраас 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс Нийгмийн даатгалын сангаас авч байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Нийтдээ 2020 онд улсын улсын төсөвт тэтгэвэр нэмэгдүүлэх 150 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр тусгасан.
Тэтгэврийн доод хэмжээг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 350 мянган төгрөгт хүргэсэн. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 300 мянган төгрөгт хүргэсэн. Бусад тэтгэвэр авагчдын тэтгэврийг 25-30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.
Тэгэхээр өнөөдрөөс Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийг Засгийн газрын шинэчлэн тогтоосон хэмжээгээр тэтгэвэр олгох арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарч Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр барьцаалсан тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль батлагдсан. Энэ хууль батлагдсанаар “Эрдэнэс Монгол” компанийн эзэмшилд Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийг тэглэх арга хэмжээ авна.
-Тэтгэврийн зээлийг яг хэдийд тэглэх вэ?
-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн гишүүдийг нөхөн томилсон. Эрдэс баялгийн зөвлөлөөс тухайн компанийн ТЭЗҮ болоод нөөцийн тайланг баталсан. Ингээд хоёрдугаар сарын 24-нөөс өмнө буюу цагаан сарын өмнө тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээг бүрэн утгаар нь хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Монгол” компанийн “Эрдэнэс” бонд гарч арилжаалах хугацаа энэ сарын 24-ныг хүртэл явагдана. Нэгэнтээ бонд гаргахад цаг хугацааны хүчин зүйлс нөлөөлж байгаа учраас тэтгэвэр олгохдоо хоёрдугаар сарын тэтгэврийг нэмэгдүүлсэн хэмжээгээр нь зээлийн үлдэгдэл төлбөрийг суутган тооцохгүйгээр тэтгэврийг олгох, нэгдүгээр сарын тэтгэврээс зээлийн үлдэгдэл төлбөрийг тооцон суутгах байсан энэ зээлийн үлдэгдэл төлбөрийг хоёрдугаар сарын тэтгэвэр дээр тэтгэвэр хэлбэрээр олгоно гэсэн ийм хэлбэрээр арилжааны банк болоод Монголбанк харилцан ойлголцож энэ ажлыг зохион байгуулж байна.
Өнөөдөр есөн арилжааны банкаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг олгож эхэлж байна. Тэтгэврийг олгохдоо Засгийн газраас тогтоосон шийдвэрийн дагуу шинэчилсэн тэтгэврийг олгож байна. Хоёрдугаарт, хууль батлагдсантай холбоотойгоор хоёрдугаар сарын тэтгэврээс зургаан сая төгрөгөөс доош тэтгэврийн зээлтэй байсан иргэдийн тэтгэврээс нь зээлийн төлбөр суутган тооцохгүй олгоно.
Хоёр дах асуудал нь нэгдүгээр сарын тэтгэврээс зээлийн үлдэгдэл төлбөрийг тооцон суутгасан төлбөрийг буцааж хоёрдугаар сарын тэтгэвэр дээр нь олгож эхэлж байна. Зургаан саяас дээш тэтгэврийн зээлтэй байсан иргэдийн тэтгэврийг зургаан сая хүртэл тэглээд түүнээс дээш үлдсэн тэтгэврийг тухайн арилжааны банкууд зээл авагчтай хийсэн гэрээгээ шинэчилж ямар хугацаанд төлж дуусгах уу гэдэг гэрээгээ шинэчлэх замаар зохицуулж ажиллаж байна.
Бидний авсан мэдээллээр “Хаан” банк өнгөрөгч баасан /2020.02.01/ гаригаас эхлээд нэгдүгээр сарын тэтгэврийг суутган тооцсон байсан зээлийн үлдэгдэл төлбөрийг иргэдэд дансанд нь буцаан шилжүүлэн олгосон. “Төрийн банк” дансаар тэтгэвэр авдаг иргэдийн нэгдүгээр сарын тэтгэврийг суутган тооцсон байсан зээлийн үлдэгдэл төлбөрийг өнгөрөгч Бямба гаригт тэтгэвэр авагчдын дансанд шилжүүлэн олгосон.
-Цаашдаа тэтгэврийн зээлийг ямар журмаар зохицуулах вэ?
-Тэтгэвэр барьцаалсан зээлийг жилд нэг удаа зургаан сарын хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээл олгохоор хуульчилсан. Тэгэхээр цагаан сарын өмнө тэтгэвэр барьцаалсан нөхцөл ямар байх уу, хүү нь ямар хэмжээтэй байх вэ гэдгийг арилжааны банк болон Монголбанктай яриа хэлцэл хийх замаар нөхцөлийг тохирох шийдлийн хүрээнд ажиллаж байна.
Мөн зарим иргэдийн тэтгэврийг энэ оны нэгдүгээр сарын нэгнээс шинэчлэн 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Эдгээр иргэдийн тэтгэврийг арав хоногийн өмнө Нийгмийн даатгалын байгууллагуудаас тэтгэврийг 50 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоох арга хэмжээ авсан. Эдгээр иргэд 1991 онд Тэтгэврийн тухай хуулиар наснаасаа өмнө тэтгэвэрт гарсан иргэдийг 1996 онд тэтгэврийн нас нь болоогүй байна гэдгээр нөхөн олговорт оруулсан иргэд хамаардаг. Дээрх иргэдийн тэтгэврийг нэгдүгээр сарын 1-нээс 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ингээд хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр шинэчлэн тогтоох арга хэмжээнд дахин хамрагдаад нэмэгдсэн тэтгэвэр авах эрхийг нээж өгөөд олгож байна.
-Арилжааны банкуудад санхүүжилт ороогүй байгаа гэх асуудлыг ярьж байна?
-Тэтгэврийн санхүүжилтийн асуудлыг өнгөрөгч баасан гаригт бүх арилжааны банкуудад тэтгэвэр авагчдынхаа тоотой, тэтгэвэр авах эрхтэй уялдуулан санхүүжүүлэх эрхийг нээгээд өгчихсөн. Тийм учраас тэтгэвэр олгох эх үүсвэр орж ирээгүй байна гэдэг асуудал байхгүй.
СҮХБААТАР ДҮҮРЭГ 19320 ТЭТГЭВЭР АВАГЧИЙН ТЭТГЭВРИЙГ 25-40 МЯНГААР НЭМЭГДҮҮЛЭН ОЛГОЖ БАЙНА
Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ "2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарч байсан нийт иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Хоёрдугаар сарын 1-ээс нийт иргэдийн тэтгэврийг 25-40 мянгаар нэмэгдүүлэх шийдвэр гарч хэрэгжээд явж байна. Манай дүүргийн тухайд заах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих хүндрэлтэй үед хөнгөлөлттэй нөхцөл тэтгэвэрт гарсан 1460 иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлж нэгдүгээр сард олгосон.
Өнөөдрөөс эхлээд нийт 19320 тэтгэвэр авагчийн тэтгэврийг 25-40 мянгаар нэмэгдүүлэн олгож байна. Дээрээс нь 50 мянгаар тэтгэвэр нэмж байгаа иргэдийн тэтгэвэр нэгдүгээр сард 50 мянга, хоёрдугаар сард 30 мянгаар буюу үндсэндээ 80 мянган төгрөгөөр тэтгэвэр нь нэмэгдэж байгаа гэж ойлгож болно. Мөн иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хууль батлагдсан нь хэрэгжиж байна.
Тэтгэврийн зээлийг тэглэхдээ нэгдүгээр сарын нэгнээс тэглэнэ гэсэн учраас нэгдүгээр сард иргэдийн тэтгэвэр үндсэн төлбөр, зээлийн хүүг суутгасан. Түүнээс нэгдүгээр сард суутгасан үндсэн төлбөрийг хоёрдугаар сард буцаан олголт хийж эхэлж байна. Хүү нь арванхоёрдугаар сарын хүү нэгдүгээр сард бодогдож төлсөн учраас хүүг буцаан олгохгүй. Хоёрдугаар сарын нэгнээс эхлээд үндсэн зээл, хүүг нь тэглээд иргэдийн гарт үндсэн тэтгэвэр нэмэгдэлтэй бүрнээрээ дээрээс нь нэгдүгээр сард зээлийн үндсэн төлбөр төлсөн төлбөр буцаан олгогдоод явж байна" гэлээ.
Тэтгэврээ авсан ахмад настнуудын байр суурийг хүргэж байна.
БИ 80 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТЭТГЭВРЭЭ НЭМЭГДҮҮЛЛЭЭ
С.Цэрэндэжид “Ахмадын зээлийг шинэчилж, тэглэсэн явдалд маш их баярлалаа. Тэтгэвэр маань нэмэгдсээр 325 мянган төгрөг боллоо. Зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Нэгдүгээр сарын нэгнээс тэтгэврээ аваад явж байна.
Анх би 1992 онд нөхөн олговор авч байгаад 55 нас хүрээд жинхэнэ тэтгэврээ тогтоолгосон. Сая 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэртэй хүмүүст 30 мянган төгрөг нэмсэн, мөн наснаасаа өмнө хүчээр тэтгэвэрт гаргасан үндэслэлээр тэтгэвэр маань 50 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Үндсэндээ би 80 мянган төгрөгөөр тэтгэврээ нэмэгдүүллээ.
БАГА ТЭТГЭВЭРТЭЙ ХҮМҮҮСИЙН ТЭТГЭВРИЙГ НЭМСЭН НЬ ИХ ЗӨВ САНАА
Ц.Бямбаа “Би цэргийн хүн. Улсад 41 жил ажилласан. Миний тэтгэвэр муугүй өндөр гэж боддог. Цэргийн улс учраас. Энэ тэтгэвэр дээр нэмэр болж сая 25 мянган төгрөгөөр нэмсэн. Миний тэтгэвэр 900 мянга гарч байгаа. Үүнд сэтгэл хангалуун байна. Харин бага тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэврийг нэмсэн нь их зөв санаа. 300 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүн яаж амьдрах вэ. Тэтгэвэр нэмж байгаа нь буруу гэж хүмүүс ярьж байна. Өндөр тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэврийг бага нэмээд бага тэтгэвэртэй хүмүүсийнхийг нэмсэн нь их зөв" гэлээ.
Холбоотой мэдээ