Тэрслүү үг: МОНГОЛЫН ЦАГДААД БИТГИЙ ИТГЭ!

Хуучирсан мэдээ: 2020.02.03-нд нийтлэгдсэн

Тэрслүү үг: МОНГОЛЫН ЦАГДААД БИТГИЙ ИТГЭ!

Тэрслүү үг: МОНГОЛЫН ЦАГДААД БИТГИЙ ИТГЭ!

Манай хууль, хүчнийхэн нийгмийг донсолгосон бичлэг үе, үе задалж, “үзэгчид”-ээ уйдаахаа больсон. Үүнийгээ “нийгэм дэх хор уршгийг нь нийтэд таниулан сурталчилж буй арга” гэж зөвтгөх нь олонтаа. Тийм ч байх, бас үгүй ч байж болно.

Хамгийн сүүлд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас цацсан бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиалд бүүм тарьж, олон нийтийн сүлжээнийхэн зөв бурууг нь шүүн хэлэлцэв. Хэрэвзээ Т.Билэгжаргал хар тамхи хэрэглэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол түүнийг хуулийн дагуу хатуу шийтгэх ёстой. Түүнээс ар гэрийнхнийг нь давхар яллах нь Монголын цагдаагийн хийх ажил биш ээ. Зовсон зүдэрсэн, ядарсан иргэнээ хүчирхийллээс, хүчирхийлэгчдээс хамгаалах ёстой төрийн цагдаа нь бичлэг дэлгээд, бие, сэтгэлийн зовлон туулж яваа нэгэн ээжийг давхар шийтгэж, нийгмээрээ яллах боломж олгож байгаа нь хамгийн бүдүүлэг байлаа. Хүний эрхийн мэдрэмжгүй, хүнлэг бус цагдаа нар хүчирхийлэгчээс үнэндээ дээрдсэнгүй.

Хүү нь хар тамхичин болсон нь тэр ээжийн хувьд хангалттай том зовлон, харамсалтай хатуу шийтгэл. Гэтэл иргэнийхээ зовлон, нулимс дээр нь нулимж, дэвсэлж, бах таваа хангаж байгаа Монголын цагдаа хүчирхийлэгчээс юугаараа ялгаатай гэж.

Хар тамхи Монголын нийгмийн айдас, асуудал, эмгэнэл болсон нь үнэн. Олон сайхан залуус хар тамхинд донтож, ар гэрийнхнийгээ тамлан зовоож буйг үгээр хэлэхийн аргагүй хэцүү байгаа. Гэвч хэн нэгний нийгэмд учруулж буй хор хөнөөлийг нийтэд таниулахын тулд хэн нэгний нэр хүнд, бие сэтгэлд халдаж болохгүй. Хүчирхийллийг хүчирхийллээр шийдэж, шийтгэж огтхон ч болохгүй.

НЭГ.

Зорилго нь зөв бол арга нь ямар байх нь чухал биш, төрийн цагдаа иргэнийхээ нэр төрд халдах, хүчирхийлэх энэ тэр бол ямар ч хамаагүй юм байна л даа, хуулийнхний зөвтгөлөөр. Гэхдээ, зорилго нь аргаа зөвтгөж огтоос болохгүй.  Зорилго нь аргаа зөвтгөж болно гэсэн зарчмаар асуудалд хандвал коммунизм, фашизм, терроризмыг хүлээн зөвшөөрсөнтэй ялгаагүй. Энэ бол коммунистуудын хэлдэг ганц тайлбар. Нийгэмд хар тамхины хор хөнөөлийг нийтэд таниулахын тулд ар гэрийнхнийг нь хүчирхийлж, нэр хүндэд нь халдаж, амьд явах эрхэнд нь коммунист, фашистууд л халдаж чадна. Бид уг нь хүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгэмд амьдарч байгаа биш үү!

Тэр тусмаа бичлэгийг нь хэзээ хойно дэлгэсэн  Монголын цагдаагийн цаад сонирхол юу байв. Хэрэвзээ, хар тамхины донг нийтээр жигшээхийг хүссэн бол хэзээ хойно биш хэрэг гарсан үед цацаж, дэлгэх ёстой байсан юм биш үү. Тэр тусмаа ядарсан ганц ээжийг хүчирхийлэгчээс хамгаалах ёстой төр нь хүчирхийлэгчтэй хамжаад хүчирхийлэх шалтгаан нь юу байв. Ямар том хэргийг нуун дарагдуулахын тулд  иргэнийхээ зодуулж, хүчирхийлүүлж буй бичлэгийг ил цацаж шуугиан дэгдээсэн нь анхаарал татаж байна.

Бичлэг дэлгэхээс өмнөхөн “Бавгар” компанийн гүйцэтгэх захирал Х.Оюун телевизэд ярилцлага өгөхдөө түүнээс авлига нэхсэн гэх асуудалд хурандаа Б.Цогтбаяраас өөр гурван хүний нэрийг дурдсан. Төрийн мөрдэстэй хувцсаар иргэнээ айлгасан хурандаа Чингис, Отгонбаатар, Батсайхан нарын дуулианыг дарахын тулд “бичлэг” задалсан байж ч болзошгүй. Ингэвэл юун “нийгэм дэх хор уршгийг нийтэд таниулах” энэ тэр вэ.  Цагдаагийн хурандаа нарын хууль бус үйлдлийн талаарх дуулианыг намжаах гэсэндээ ЦЕГ тэс өөр бичлэгээр нийгмийн анхаарлыг сарниулахыг хүссэн бол зорилго нь ч, арга ч буруу гэсэн үг.

Монголын цагдаад мянга, мянган бичлэг бий. Хүсвэл тэд иргэнийхээ эрхэнд халдаад ч болтугай бичлэг дэлгэхэд гайхах зүйлгүй болсон нь эндээс харагдаж байна. Тэр тусмаа нэг хүнийг нийгэмд жигшээхийн тулд ар гэр, үр хүүхэдтэй нь давхар ялладаг коммунист арга барилаасаа Монголын цагдаа хэзээ салах вэ. Гэмт хэрэгтэнд ч гэсэн гэмших эрх үлдээх ёстой. Энэ нь гэмт хэрэгтнийг өмөөрөх, өөгшүүлж байгаа юм биш, гэмт хэрэгтнүүдийн ар гэр, үр хүүхэд, аав ээжид ч нэр төр гэж бий, тэд амьд явах, амьдрах эрхтэй учраас. Монголд хүчирхийлэгч, хүний эрхийн мэдрэмжгүй цагдаа олон бий.   Ц.Нямдоржийн үед тэд сошиал хүчирхийлэгчид, эрүүгийн том элементүүд болсныг энэ бичлэг ч, Х.Оюун бүсгүйн ярилцлага ч давхар нотолж байна. Ард иргэдээ айлгадаг, авлига нэхдэг, хүчирхийлдэг, хүнлэг бус Монголын цагдаагаас үнэндээ айж байна.

ХОЁР.

Жүжигчин Т.Билэгсайханаас гадна дуучин С.Амархүү, Г.Эрдэнэбаяр /Мотив хамтлаг/ нар хар тамхи татсан хэргээр цагдан хоригдож байсан. Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Хүлүгэ хар тамхины хэрэгт нэр холбогдсон гээд цагаан тахал Монголын үндэсний аюулгүй байдлын том асуудал болж хувирчээ. Монгол хар тамхины хэрэглэгчид байгаа учраас зарж, борлуулж, ашиг олдог нь ч бий гэсэн үг.  Гэтэл тэднийг Ц.Нямдоржийн цагдаа нар яагаад олж илрүүлж, барьж хорихгүй байна вэ.

Монголд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис оруулж ирдэг хэд хэдэн том бүлэглэл бий гэсэн мэдээлэл байдаг. Сүлжээ бүлэглэлд хил гаалийн ажилтны хүүхдүүд, олны танил хүмүүс, прокурор, цагдаагийн алба хаагч байдаг гэх.

Тэднийг барьж шийтгэхгүй бол хар тамхи хэрэглэгчид, гэр бүлээ хүчирхийлэгчдийн бичлэгийг мянга цацаад нийгэмд юу ч өөрчлөгдөхгүй. Олны танил, мөнгөтэй нөлөөтэй хүмүүс, тэдний хүүхдүүд хар тамхины хэргээр баривчлагддаг ч тэгсхийгээд суллагддаг, өршөөдөг, хэргийг нь хэрэгсэхгүй болгодог учраас энэ нь  залууст буруу сэдэл болж очдогийг үгүйсгэхгүй юм.

Өнгөрсөн онд гэхэд хар тамхины хэрэгт 335 хүн шалгагджээ. Үүний цаана илрээгүй хичнээн хүн хар тамхинд донтож, ар гэрээ тамлан зовоож байгааг хэлэхэд хэцүү. Гурван сая хүн амтай Монголд 335 хүн хар тамхины хэргээр шалгагдсан, үүний  88.9 хувь  35 хүртэл насныхан байгаа нь бүр том эмгэнэл.  

Хэрэглэгчийг барьж, шийтгэхээс гадна зарж, борлуулдаг  сүлжээг нь “дэлбэлж”,  “нийгэм дэх хор хөнөөлийг нь нийтэд сурталчилах нь” Ц.Нямдоржийн цагдаа нарын хийх ёстой жинхэнэ ажил. Хар тамхи зарж, борлуулагчдын нийгэмд учруулж буй хор хөнөөл нь хэд дахин их. Т.Билэгжаргалын ар гэрийнхэн шиг олон хүнийг тэд бие, сэтгэлээр нь яллаж байгаа.

Тэгэхээр хил гаалиар хар тамхи ямар хүмүүс оруулж ирдэг болохыг тэдэнд хэн туслаж, хаанаас Монголд нийлүүлж, ард нь ямар эрх дархтан байгааг харуулсан бичлэгээ задалбал Монголын цагдаад итгэе.  Яагаад гэвэл хар тамхи борлуулж, худалддаг хүмүүс нь цагдаа, тагнуулынхан байдаг гэсэн хардлага олон нийтэд байгаа учраас.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
64
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж