Коронавирусийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх болон дархлаагаа хэрхэн дэмжих талаар хүний их эмч, иммунологич, ХБНГУ Транслатум анагаах ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгааны багийн ахлагч, АШУҮИС-ийн зочин профессор, зѳвлѳх, анагаах ухааны доктор Д.Нямбаяртай ярилцлаа.
-Дэлхийн дахиныг коронавирус айлгаж байна. Энэ вирусаас урьдчилан сэргийлэх, хамгаалах үр дүнтэй арга байна уу. Коронавирусээр өвчлөх вий гэсэн айдас хүн болгонд байгаа болохоор мэргэжлийн хүний зөвлөгөө их хэрэгтэй байна?
-Дэлхий дахинд коронавирусийн эсрэг эм, түүнээс хамгаалах вакцин одоогоор гаргаж аваагүй байна. Гол нь, хувийн ариун цэвэр сахих маш чухал. Гараа байнга савангаар угааж ариутгалын бодисоор цэвэрлэх, ѳглѳѳ оройдоо хоолойгоо зориулалтын уусмалаар зайлах, амны хаалт хэрэглэх хэрэгтэй. Мөн хамар болон нүдээ бохир гараараа оролдохгүй байх, нус цэрээ гадуур хаяхгүй байх нь өвчин тархах эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаална. Халдвараас сэргийлэхэд ѳѳрийн орчин тойрноо цэвэр байлгах маш чухал. Өрөөндөө чийгтэй цэвэрлэгээ хийх, агаар чийгшүүлэгч хэрэглэх, тасалгаагаа цэвэр агаараар сэлгэх олон хүнтэй газраар явахгүй байх шаардлагатай. Бас хүүхэд, хөгшчүүд болон архаг ѳвчтэй хүмүүс, ялангуяа хорт хавдартай болон эрхтэн шилжүүлэх мэс засалд орсон, химийн эмчилгээ хийлгэж буй гэх мэт хүмүүсийн дархлаа харьцангуй сул байдаг учир коронавирусийн халдвараас маш сайн хамгаалах хэрэгтэй. Нэмж хэлэхэд хувийн ариун цэврийг хангаж хамгаалахын зэрэгцээ ялангуяа бага насны хүүхдүүдийнхээ халууныг тогтмол цагт хэмжиж, үзэж байх хэрэгтэй, ѳндѳр халуурсан үед нь эмчид хандаж шинжилгээ өгөх хэрэгтэй.
Өнөөдөр олон улсад коронавирусийг устгах аргыг хараахан олоогүй. Хүний дархлаа чадамжийг шууд нэмэгдүүлэх эмийн бэлдмэл ч байхгүй байна. Иймд бүх зүйл танаас шалтгаалах учир дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй байна.
-Ямар зүйлсийг анхаарах хэрэгтэй гэж?
-Нэгдүгээрт, шаардлагагүй бол гадуур гарахгүй байх хэрэгтэй. Шингэн зүйл, ус сайн уу. Бага, багаар өдөрт хоёр литрээс доошгүй уух хэрэгтэй. Гараа тогтмол угаах, ариутгах, хоолойгоо зайлах гээд хувийн ариун цэврээ сайтар сахихаас гадна, тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийж орчны ариун цэврийг сахь. Цагаан сараар бага насны хүүхдийг аль болох үнсэх хэрэггүй. Сайтар унтаж амрах, хэт ядрахгүй байх, сэтгэл санааны дарамтанд орохгүй байх, сайн хоолло. Шаардлагагүй эм бэлдмэл эмчийн зааваргүйгээр дур мэдэн хэрэглэх хэрэггүй.
-Дархлаагаа дэмжих нь чухал байх. Дархлааг хэрхэн дэмжих вэ?
-Дархлааг гаднаас нь, эмээр сайжруулах арга гэж байдаггүй. Тиймээс хоол унд, ариун цэвэртээ анхаарснаар халдвараас сэргийлнэ.
-Гэтэл дархлааг дэмжинэ гэсэн эм, бэлдмэлийг зах зээлд худалдаалж байдаг. Энэ нь ямар учиртай зүйл вэ?
-Ихэнхдээ ийм тѳрлийн бүтээгдэхүүнүүд нийгмийн боловсрол нимгэн давхрааны хүмүүст чиглэгдсэн цэвэр бизнесийн шинж чанартай, анагаах ухаанаар нотлогдоогүй зүйлс байх нь элбэг байдаг.
-Шинэ төрлийн вирусийн халдвар цаашид ч гарахгүй гэх баталгаагүй. Тиймээс монголчууд бид юун дээр анхаарах вэ?
-Монгол Улсын хэмжээнд хүнээс хүнд халдварладаг вирусийн халдварыг судлах, шинжилгээ хийх лаборатори болон эмнэлгийн тусламж үзүүлэх тусгай эмнэлгийн тасаг байхгүй байна. Ийм тѳрлийн лаборатори манай улсад одоогоор Мал эмнэлэг ариун цэврийн тѳвд л байдаг. Хүн эмнэлгийн хувьд гэвэл Халдварт өвчин судлалын үндэсний тѳвийн хашаанд био аюулгүй байдлын гуравдугаар зэрэглэлийн лабораторийг 10 аад жилийн ѳмнѳѳс барьж эхэлсэн боловч дуусаагүй. Одоо бараг балгас болж байгаа сураг сонсогдсон. Үүнийгээ даруй барьж дуусгах шаардлагатай байна. Коронавирусийг полимеразын урвалаар таних оношлуурыг ЭМЯ гадаадаас оруулаад ирчихсэн, одоо боллоо хэмээн хэрхэвч тайвширч болохгүй. Иймэрхүү гоц халдвартай хоруу чанар ѳндѳртэй вирусийн халдвар цаашид ч гарах магадлалтай тул ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах алсыг харсан цогц бодлого тѳлѳвлѳлт хэрэгтэй байгааг ѳнѳѳгийн байдал харуулж байна. Үүн дээр нэмээд хэлэхэд, коронавирусийн халдварын нууц үе нь хоёр долоо хоног хүртэл байгаа нь, уг халдварын сэжиг бүхий хүмүүсийг хамгийн багадаа 14 хоногийн хугацаанд тусгаарлаж ажиглах шаардлагатайг илтгэж байна. Хэрэв Монгол Улсад коронавирусийн халдвартай хүмүүс илэрлээ гэж бодоход энэ халдвар тархахаас сэргийлэх болон гарах хүндрэлүүдийг урьдчилан харж үүндээ бэлтгэх арга хэмжээнүүдийг яаралтай авах хэрэгтэй байна.
-Тухайлбал?
-Вирусийн халдварыг гадагш алдахгүй байх нэн шаардлагатай учраас гадаад орчноос сайтар тусгаарласан атмосферийн даралтаас нам даралтын, агаарын тусгай шүүлтүүртэй, дотогш чиглэсэн агаарын урсгал бүхий ѳвчтѳн тусгаарлан эмчлэх бүхэл бүтэн тасаг байгуулж, тэр дотроо шинжилгээ эмчилгээ зэрэг бүх үйл ажиллагааг мэргэжлийн ѳндѳр түвшинд бэлтгэгдсэн, тусгай хамгаалах хэрэгсэл, хувцас хэрэглэл бүхий эмч сувилагч эмнэлгийн ажилтнууд гүйцэтгэх нѳхцлийг бүрдүүлэх шаардлагатай.
Коронавирусийн халдварын үед гарч болох хүндрэл нь уушигны хүнд хэлбэрийн хатгалгаа бѳгѳѳд ийм хүндрэлд орсон ѳвчтөний уушигны үйл ажиллагааг нѳхѳж амь насыг нь аврахад чухал хэрэгцээтэй цусыг хүчилтѳрѳгчѳѳр баяжуулж хүний биед буцаан хийдэг тѳхѳѳрѳмж (extracorporeal membrane oxygenation буюу ECMO) нь Монгол Улсын хэмжээнд одоогоор байхгүй байгаа нь үнэхээр санаа зовоох асуудал.
Эцэст нь дүгнэж хэлэхэд, олон арван жил улс тѳрийн амбиц болон эрх мэдэл албан тушаалын тѳлѳѳх тэмцлийн талбар болж, улмаар мэргэжлийн боловсон хүчнийхээ үгийг сонсдог, мэдлэг боловсролыг үнэлдэг, бодлого шийдвэр гаргах түвшний албан тушаалд мэдлэг туршлагатай мэргэжлийн хүмүүсийг томилдог мерит зарчим алдагдсанаас эрүүлийг хамгаалах салбар маань элгээрээ хэвтсэн хэцүүхэн байдалд орсон байгаа нь энэ удаагийн коронавирусийн халдвартай тэмцэх бэлтгэл маш хангалтгүй байгаагаар илэрч байна. Тиймээс иргэд маань тѳр засаг болон ЭМЯ-даа амь насаа даатгахгүйгээр, ѳѳр ѳѳрсдийн эрүүл мэндийг хамгаалахад онцгой анхаарч уг вирусийн халдвараас сайтар хамгаалах хэрэгтэй байна.
–Та дэлхийд нэгдүгээрт үнэлэгддэг Японы үндэсний шинжлэх ухааны “Riken” хүрээлэнд олон жил ажилласан Одоо Германы хүрээлэнд ажиллаж байгаа юм байна. Яагаад “Riken”-ийг орхих болсон бэ?
-“Riken”-д 12 жил тасралтгүй ажилласан. Одоо Германд төдийгүй Европт шилдэгт тооцогддог Мюнхений техникийн их сургуулийн анагаах ухааны хүрээлэнд урилгаар ажиллаж байна.
-Урилга ирсэн болохоор нь Германы хүрээлэнд ажиллахаар болсон юм байна. “Riken”-нд 12 жил ажилласан болохоор өөр газар ажиллах шийдвэр гаргах амаргүй байсан байх. Таныг “Riken”-нээс явлаа гэхэд багш, хамт олон нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Мэдээж хэн хэндээ амар шийдвэр байгаагүй ч эрдэмтэн хүний хувьд нэг дассан газраа ажиллахаас илүү шинэ газар ажиллаж, шинэ юм үзэх нь эрдмийн цаашдын ажилд хэрэгтэй. Багш маань “Рикен” хүрээлэнгийн үүд хэзээд чамд нээлттэй байх болно, хамтарсан төсөл дээр ажиллах зэргээр хамтарч ажиллах олон арга зам байгаа” гээд амжилт сайн сайхныг хүсэн гаргаж өгсөндөө.
Дархлаа судлалын салбарт дэлхийд нэрээ цуурайтуулсан Масару Танигучи гэх энэ хүн дөнгөж доктор болсон 29-хөн настай “нов ногоохноороо” байсан намайг тоож, "РИКЕН" хэмээх босго өндөртэй хүрээлэндээ ажилд авч, өсгөн хүмүүжүүлж өдий зэрэгт хүргэсэн гэж хэлж болно. Масару Танигучи нь "РИКЕН" хүрээлэнгийн Дархлаа судлалын институтыг үндэслэгч, анхны захирал, Чибагийн үндэсний их сургуулийн анагаахын их сургуулийн захирал хийж явсан юм. Бас Японы эзэн хааны одонг хоёр удаа хүртсэн цорын ганц эрдэмтэн. Одоо 80 насыг зооглож байгаа ч "РИКЕН" хүрээлэндээ судалгааны багаа удирдаад ажиллаж яваа нь үнэхээр бахархмаар. Энэ мундаг эрдэмтэнтэй хамт 12 жил ажилласан цорын ганц хүний хувьд цаг хугацааны шалгууруудыг давж багш шавийн үүрдийн холбоотой болсондоо баярлаж явдаг.
-Одоо та яг ямар судалгаан дээр ажиллаж байна вэ. Шинжлэх ухааны өнгө төрөхийг тодорхойлогч “Nature”, “Science” сэтгүүлд хэзээ дахин судалгааны бүтээлээ нийтлүүлэх гэж байна вэ?
-Өөрийн үндсэн судалгааны сэдэв болох хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй “Байгалийн алуурчин” T Эсийг (natural killer T cell) судалж байна. “Nature”, “Science” зэрэг шинжлэх ухааны дэлхийн топ сэтгүүлд бүтээлээ дахин хэвлүүлнэ гэж найдаж байгаа. Яг хэзээ гэдгийг тодорхой хэлэх боломжгүй байна.
Холбоотой мэдээ