“Өвөлжилтийн бэлтгэл ажил” өдөрлөг боллоо

Хуучирсан мэдээ: 2015.10.24-нд нийтлэгдсэн

“Өвөлжилтийн бэлтгэл ажил” өдөрлөг боллоо

Авто тээврийн үндэсний төвөөс Замын цагдаагийн газартай хамтран өнөөдөр(X.24) Зам, тээврийн яамны гадна талбайд “Өвөлжилтийн бэлтгэл ажил” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт хот хоорондын 47, улс хоорондын 7, нийт 52 аж ахуйн нэгж байгууллага оролцсон юм. Энэ үеэр өнгөрсөн есдүгээр сарын 20-ноос эхлээд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагад хийсэн шалгалтын дүнг танилцуулжээ. Мөн Автотээврийн үндэсний төвөөс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж буй талаар мэдээлэл хийлээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хуралд 21 аймгийн Автотээврийн үндэсний төвийн дарга, АТХУБ, улс, хот хоорондын компанийн захирал, инженер, жолооч нар оролцлоо.

Манай улсад аравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 780.164 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Өнөөдрийн байдлаар хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг 43 аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан 67 чиглэлд 924 тээврийн хэрэгсэл, 1400 мэргэшсэн жолоочтойгоор гүйцэтгэж байна. Энэ сарын 09-ний өдрийн байдлаар 1,623,0 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 5 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Улс хоорондын байнгын зорчигч тээвэрлэлтийн 3 улсын 6 чиглэлд 8 аж ахуйн нэгж байгууллагын 38 тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэж байгаагаас энэ сарын 9-ний өдрийн байдлаар 132,8 мянган зорчигч байгаа нь өмнөх оны мөн үеэс 1,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслүүдэд байршил тогтоох, хөдөлгөөнийг хянаж GPS төхөөрөмж суулган тээвэрлэлтийн үйл явцыг хянаж чаддаг болсон байна.

Автотээврийн үндэсний төвөөс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, хяналт тавих, эрчимжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн Автотээврийн төвүүдтэй цахим хурлыг өнгөрөгч сарын 30-ны өдөр зохион байгуулжээ. Цахим хуралд Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Говь-Алтай аймгууд оролцож цаг үеийн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцуулга хийсэн байна. Тус хурлыг орон нутаг дахь томилолтын зардлыг хэмнэх, төсвийн хэмнэлтийн горимд шилжих ажлын хүрээнд зохион байгуулсан бөгөөд цаашид тогтмолжуулахаар ажиллаж байгаа аж.

Сануулахад, Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ойрын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг сэрэмжлүүлж байна. Энэ сарын хувьд тогтуун, дулаан байсан ч өнөөдрөөс эхлэн хүйтэрнэ гэдгийг малчдэд санууллаа.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж