Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/ цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр /2020.02.03/ мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын харьяа Мөрдөн байцаах албаны дэд хурандаа П.Эрдэнэбилэг “УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулж хохирогчийн өмгөөлөгч Ж.Батхуяг мэдээлэл хийхдээ мөрдөн шалгах ажиллагааны баримтыг олон нийтэд мэдээлж, задруулж, бодит бус мэдээллийг тарааж хэрэг шалгахад саад учруулсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт, полиграфын магадлагаа, гар утсанд хийсэн шинжилгээ, хуурамч мессеж зэргийг прокурорын зөвшөөрөлгүй олон нийтэд тараасан. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хэргээр хэрэг нээж шалгаж байна.
Г гэгч этгээд хуурамчаар мессеж зохиож, ар гэрийнхнээс нь 15 сая төгрөг авсныг тогтоосон. Мөн Г гэгч этгээд зургаан удаагийн үйлдлээр бусдаас 260 сая төгрөгийг залилж авсан үйлдэлд нь холбогдуулж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар шалган, хэргийг прокурорт хүргүүлсэн байгаа. 13 секундын бичлэг байгаа юу гэдэг одоогоор тогтоогдоогүй байна” гэлээ.
Сурагчид руу халдах тохиолдол бүртгэгдэж байна
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “2004 оны тавдугаар сард Дорноговь аймагт иргэн Т гаднын нөлөөтэй амь үрэгдсэн байсныг Эрүүгийн цагдаагийн албаныхан илрүүлэн шалгалтын ажиллагаа явагдаж байна. Тус гэмт этгээд нь 1968 онд төрсөн А гэгч бөгөөд хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн амь насыг нь хохироосныг 16 жилийн дараа хэрэг үүсгэн шалгаж байна.
Эрүүгийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн Мөрдөн шалгах албаны хан 1997 онд төрсөн Б-г өнгөрсөн долоо хоногт баривчиллаа. Б нь урьдчилсан байдлаар 35 удаагийн үйлдлээр бага насны хүүхдийг хуурч мэхлэн, хүнгүй газар аваачиж, эд зүйлийг нь дээрэмддэг, айлган сүрдүүлдэг байсан.
Сурагчдыг гадуур явж байх үед нь гэмт этгээдүүд халдах тохиолдол бүртгэгдэж байна. Үүнд эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулж, гадуур явуулахгүй байхад анхаар. Энэ нь өвчлөлөөс гадна, эрсдэлд өртөхгүй байх боломжийг бүрдүүлж байгаа юм.
Сар шинийн баярыг угтан нэгдсэн баярын арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд тус арга хэмжээ энэ сарын 3-28-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ хүрээнд иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх тал дээр түлхүү ажиллана. Мөн зам тээврийн ослыг багасгах үүднээс орон нутгийн замд нэмэгдэл пост гарган, нэмэгдэл хүч гарган ажиллана.
Эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн мэдээллээр малын хулгайн гэмт хэргүүдийг илрүүлэн шалгаж байна. Тиймээс малчид хөдөлмөрчид малаа хариулгатай, маллагаатай байлгах, нөхөрлөл бий болгон ажиллах тал дээр анхаараарай” гэсэн юм.