“Монгол-Хятадын үйлдвэрлэгч, худалдаалагчдын экспо” үзэсгэлэн, яармаг энэ сарын 23-27-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болж байна.
Энэ үеэр ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Хөлбөмбөгийн холбоо, Спортын захиргаа, Бүс нутгийн Худалдаа, аж үйлдвэрийн газар хамтран хоёр орны 15 хүртэлх насны ангиллын хөлбөмбөгчдийн тэмцээн зохион байгуулж байна. Тэмцээнд Монголын дөрөв, БНХАУ-ын дөрөв, нийт найман баг хүч үзэж байгаагаас хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд боллоо. Одоогоор "А" хэсгээс Монголын "ДМЮ" баг хэсгээ тэргүүлэх боломжтой болж байна.
Өнөөдөр /10.24/ тус тэмцээний хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд боллоо.
"А" хэсэг
Хэсгийн эхний тоглолтууддаа хожил байгуулаад байсан ДМЮ, "Хараацай" клубууд энэ удаад учраа таарч тоглосон бөгөөд "ДМЮ" 2-0 харьцаатай хожсон байна. Ингэснээр "ДМЮ" хоёр тоглолтын дараах байдлаар хэсэгтээ 6 оноотой болж, сүүлийн тоглолтоос үл хамааран хэсгээ тэргүүлэх нь тодорхой боллоо. Учир нь энэ хэсгийн нөгөө хоёр баг болох Бугат /энэ оны Өвөрмонголын аварга/ болон Ордос /дэд аварга/ багуудын тоглолт 1-1 харьцаатай тэнцсэн бөгөөд зохион байгуулагч орны хоёр баг хэсгийн эхний тоглолтууддаа манай клубуудэд хожигдол хүлээсэн юм.
"В" хэсэг
Энэ хэсэгт Монгол улсаас "Монголын тэмүүлэл", "Дэрэн", БНХАУ-ын Хэбэй мужийн шигшээ баг болон ӨМӨЗО-ны Биеийн тамирын дунд сургуулийн багууд өрсөлдөж байгаа. Одоогоор хэсгийн тоглолтуудын дүн мэдээ хараахан ирээгүй байна гэж бидэнд мэдээллээ.
Ч.БОЛОР