БНХАУ коронавирус дэгдсэн Ухань хотод арван өдрийн дотор барьсан 1000 ортой эмнэлгээ өнөөдөр/2020.02.03/ нээнэ. Эмнэлгийг «Хошэньшань» хэмээн нэрлэсэн нь коронавирусаар өвчилсөн өвчтөнүүдийг эмчлэх зорилгоор барьсан хоёр эмнэлгийн нэг юм.
Шинэ эмнэлэг нийт 25 мянган метр.кв талбайг эзэлнэ. Анх нэгдүгээр сарын 24-нд барилга барих талбайг цэвэрлэсэн бөгөөд эмнэлэг барих ажил эхэлснээс хойш найман хоногийн дараа ашиглалтад ороход бэлэн болсон аж. Барилгын явцыг дэлхий даяар шууд дамжуулж байсныг 40 сая орчим хүн үзсэн гэнэ.
Хошэньшань эмнэлгийг 2003 онд САРС өвчний дэгдэлтийн үеэр Бээжинд барьсан Шиаотаншан эмнэлгийн туршлагаар барьжээ. Шиаотаншан эмнэлэг тэртээ 17 жилийн өмнө долоо хоногийн дотор баригдаж, дэлхийн хамгийн хурдан баригдсан барилга хэмээн цоллуулж байсан аж. Уг эмнэлэг өнөөдрөөс /2020.02.03/ эхлэн шинэ төрлийн коронавирус буюу 2019nCoV-аар халдварласан хүмүүсийг хэвтүүлнэ.
БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаачлан халдварт өвчний голомтод ажиллаж байсан туршлагатай 1400 Хятадын цэргийн эмч нар шинэ эмнэлэгт ажиллахаар Ухань хотод хүрэлцэн ирсэн байна.
Дээр дурдсанчлан «Хошэньшань» эмнэлэг коронавирусаар халдварласан өвчтөнүүдийг эмчлэх зорилготой барьж буй хоёр эмнэлгийн нэг бөгөөд хоёр дахь эмнэлгийн барилгын ажил нөгөөдөр /2020.02.05/ дуусна гэв.
Тус хоёр эмнэлэг ийнхүү шуурхай баригдаж, яаралтай ашиглалтад орж буй нь чухал үйл явдал болж байна. Учир нь коронавирусаар халдварласан хүний тоо эрчимтэй өсөхийн хэрээр Хубэй мужийн эмнэлгүүд дүүрч, шинэ өвчтөн хүлээж авахад тун хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байжээ. Тэр ч байтугай зарим эх сурвалжуудын мэдээлснээр эмч, сувилагч нар өвчтөнүүдэд үйлчлэхийн тулд насанд хүрэгчдийн живх өмсөн ажиллаж байгаа аж.
Мөн бүх эмнэлгүүдэд эрүүл мэндийн барааны хомсдол үүсч, эмнэлгийн гадаа өвчтөнүүд 10 цагийн турш дугаарлан байж эмчид үзүүлж байгаа гэнэ.
Эх сурвалж: bbc.com