Яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарын оролцсон “Шинэ он – шинэ хандлага” сэдэвт зөвлөлдөх уулзалтад Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн тавьсан итгэлийн ИШЛЭЛ ҮГС
“Бага зардлаар ихийг хийх”-ийг шаардаж буй цаг үед бид төрийн албанд ажиллаж байна. Шинэтгэлийн стратегийн зорилтуудаа Төрийн албаны зөвлөл 2020 онд дараах байдлаар эрэмбэлэн ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТУУДАА тодорхойллоо.
Эдгээр зорилтуудыг цаг тутам, өдөр тутам, сар тутам ажилдаа тусган авч хэрэгжүүлэн шударга ажиллаж, төрийн үйлчилгээг иргэдэд чанартай хүргэ!
1. Төрийн албаны шинэтгэлийн стратегийг шинэчлэн боловсруулж батлуулан, үйл ажиллагаанд мөрдөнө
Төрийн албаны бодлогын зөвлөгөө, зөвлөмж өгөх чадавхыг сайжруулж, судалгаа, нотолгоонд суурилсан бодлогын зөвлөмжийг тэнцвэртэй, бодитой өгөх.
2. Төрийн албаны тухай хуулийг бүрэн хүчин чадлаар нь хэрэгжүүлнэ, үргэлжлүүлнэ
Та бид шинэтгэлийн эрчийг, иргэдийн итгэлийг хөсөрдүүлэхгүйн тулд хэрэгжилтийн явцад батлагдсан дүрэм, журмуудыг боловсронгуй болгох, сайжруулах, өөрчлөх ажил үргэлжилнэ.
Нийгэм, соёл, сэтгэхүй, эдийн засгийн өөрчлөлтийг үл тоомсорлож болохгүй.
Эрх зүйн хүрээний шинэтгэлийн процесс тасралтгүй үргэлжлэх ёстой.
3. Томилгооны зөрчилгүй жил болгоно
Төрийн албаны тухай хууль тогтоомжийг нийт төрийн албаны хэмжээнд даган мөрдөж байгаа нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, байгууллага бүрийг зөрчилгүй ажиллах дархлаатай болгоно. Томилгооны зөрчилгүй жил болгоно.
4. Хүний нөөцийн аудит
Төрийн албаны хүний нөөцийн аудитыг агуулга зорилтын дагуу хэрэгжүүлж, үр нөлөөг нь байгууллагын хөгжилд ашиглах боломжоор хангана.
5. Төрийн албан хаагчийн ёс зүй
Төрийн албан хаагчийн ёс зүйн талаар төрийн албан хаагчдыг соён гэгээрүүлэх, болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, гарсан зөрчлийг таслан зогсоох, цаг тухайд нь шийдвэрлэх, холбогдох албан хаагчдад хариуцлага хүлээлгэх үйл ажиллагааг байгууллага нэг бүрт хэвшүүлнэ.
Хэчнээн чадвартай ажилтан байлаа ч иргэдийн итгэлийг алдаж байгууллагын дотоод уур амьсгалыг эвдэж байгаа бол чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах.
Төрийн алба бол итгэлийн алба. Төрийн алба хариуцлагатай, төрийн албан хаагч ёс зүй, дэг журамтай байж иргэдийн төрд итгэх итгэл сэргэнэ.
6. Сургалт, хөгжил
Төрийн албан хаагчийн сургалт, хөгжилтэй холбоотой асуудлыг Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан агуулга, хэлбэрээр нь шинэчлэн зохион байгуулж түнш, хамтрагч байгууллагуудын хооронд зохистой хамтын ажиллагааны горим тогтооно.
7. Шатлан дэвших
Төрийн албанд меритийн зарчмаар шатлан дэвших нөөцөд хамрагдах төрийн албан хаагчдын судалгааг бүрэн гаргаж, шатлан дэвшүүлэх болзол, шаардлагыг хангуулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ.
8. Шалгалт
Төрийн албанд орохыг хүссэн иргэдэд зориулсан ерөнхий шалгалт, сул орон тоонд томилохтой холбоотой тусгай шалгалтыг технологийн дэвшил, инновацид тулгуурлан шударга явуулах бүх талын нөхцөлийг бүрдүүлнэ.
9. Цалингийн нэгдсэн систем
Төрийн албан хаагчийн цалингийн нэгдсэн систем, бүртгэлийг шинжлэх ухааны судалгааны хэрэгцээ, төрийн албаны шаардлага, хууль, стандартад нийцүүлэн өргөтгөж, технологийн дэвшилд үндэслэн, программын хэмжээнд шийдвэрлэж, мэдээллийн ил тод, үр нөлөөтэй байдлыг хангана. Цалингийн нэгдсэн системээр дамжуулж томилгооны зөрчлийг арилгах эдийн засгийн арга механизмыг нэвтрүүлнэ.
10. Эрх тэгш байдал
Төрийн захиргааны албан дахь эмэгтэйчүүдийн тэгш байдлыг бодитоор дээшлүүлнэ. Судалгаанаас дүгнэж үзвэл төрийн захиргааны албан тушаалын ахлах түшмэлийн ангилалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 50 хувь байгаа нь шатлан дэвшүүлэх боломжийг нээж байна.
11. Иргэдийн сэтгэл ханамж
Төрийн албаны үйл ажиллагааны чанар, хүртээмж, үр нөлөөнд олон нийтийн хяналтыг өргөжүүлж, үнэлгээ, зөвлөмж өгөх нөхцөлийг бүрдүүлэн ажлын үр дүнг иргэдийн сэтгэл ханамжаар тодорхойлно.
Төрийн ажлыг төрийн байгууллага, албан хаагч өөрөө үнэлж дүгнэдэг байдлыг арилгаж, төрийн албаны тухай шинэ хуулиар төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөг олон нийт буюу үйлчлүүлэгчид тодорхойлдог механизмыг бүрдүүлж энэхүү үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.
12.Чадахуйн зарчим
Төрийн албаны хариуцлагыг хууль тогтоомжийн дагуу цаг тухайд нь хэрэглэх, сонгон шалгаруулалтыг чанартай явуулах, албан тушаалын тодорхойлолтын шалгуурыг бүрэн хангуулах замаар зөвхөн чадахуйн зарчимд бүрэн нийцэх албан хаагчаар төрийн алба бүрдэх болно.
ШИНЭ ОН-ШИНЭ ХАНДЛАГА
Тогтвортой, урьдчилан төсөөлөх боломжтой, үр ашигтай үйлчилгээг иргэдэд үзүүлэх жил болгоно
Төрийн алба 21 дүгээр зуунд ямар байх вэ, төрийн албаны 21 дүгээр зууны менежер ямар байх вэ гэдэг асуулт дэлхийн улс орнуудын өмнө тавигдаж, эрдэмтэн судлаачдын анхаарлыг татаж байна.
Засаглалын шинэ хэв маягийн тухай дэлхийн эрдэмтэн судлаачид олон санал дэвшүүлж байгаагийн хамгийн чухал нь меритээр дамжуулж засаглахуй, меритийн зарчмыг хамгаалах явдал байна. Манай улс меритийн зарчмыг шинэ хуулиар тов тодорхой тогтоосон. Энэ жилийг тогтвортой, урьдчилан төсөөлөх боломжтой, үр ашигтай үйлчилгээг иргэдэд үзүүлэх жил болгоно.
“Мэдэгдэж байгаа” бас “үл мэдэгдэх” сорилуудыг давна
Гараа сайн бол бариа сайн гэдэг. Шинэ ажлын гарааны нөхцөлөө бодитой тодорхойлж, мэдээллийн хүртээмж, ойлголтоо нэгтгэж чадвал шинэтгэлийн үр дүн гарна.
21 дүгээр зууны төрийн албаны удирдах ажилтан “мэдэгдэж байгаа”, бас “үл мэдэгдэж байгаа” олон сорилтууыг давна. Бэлтгэгдэж чадсан хүн сорилтуудыг бэрхшээл, хохирол багатай даван туулж чадна.
Мэдлэгтэй, ур чадвартай, мэдээлэл боловсруулж чаддаг, эрдэм илүү төрийн албан хаагч үүнийг хийж чадна. Төрийн албыг АЧАА гэж зүйрлэвэл Алдаагүй бодлогыг Чадварлаг ажилтан хэрэгжүүлсний үр дүнд, иргэдийн Айдас арилж, Амьдралын баталгаа нь бий болох учиртай гэдгийг дахин сануулъя.
HEADHUNTING
Хувийн хэвшил хүнээ бэлдээд, чадварлаг боловсон хүчнийг татаж байхад төрийн алба хүн ирж ажиллахыг хүлээгээд сууж таарахгүй. Өсөн дэвжих төрийн үйлийг өрсөлдөх чадвартай, өндөр боловсролтой, ёс зүйтэй хүмүүс залгуулах учиртай.
Бизнесийн үйл ажиллагаа нь амжилттай яваа хувийн хэвшлийн арга туршлагыг төрд нутагшуулах “headhunting” буюу “толгой ангуучлах”нь утгачилбал оюуны өндөр чадамжтай хүний сэтгэлгээг ашиглах тухай асуудал юм.
“Зөв хүнийг зөв ажилд нь томилж зөв үр дүнд хүргэх” зорилтыг дэвшүүлж бодит ажил хэрэг болгох зөв ажлын эхлэлийг тавьж байна.
Меритийн зарчмын мөн чанар ч ийм юм аа.
Чадварлаг ажилтныг дэмжинэ
Шударга, ёс зүйтэй, авилгагүй нийгмийг хүссэн, гадаад хэлтэй, боломжийн мэдлэг боловсрол эзэмшсэн иргэдийн орчин үеийн их нүүдэл дэлхий дахинаа явагдаж байна. Бид гадаадад ажиллаж сурахаар явж байгаа хүмүүсээ дан ганц эдийн засаг, илүү орлогын талаас нь төдийгүй шударга ёсны хүсэмжлэлдээ хөтлөгдөн яваа эсэхийг ч бодолцох ёстой болжээ. Сурч ирсэн хүмүүсийг ч, чадвартай ажилтныг ч хэн хэнийг нь дэмжинэ.
Хууль дээдлэн ажиллана гэдэг хамгийн товчоор үүрэг, хариуцлагаа ухамсарлана, бас эрхээ зөв эдэлнэ гэсэн үг. Хуулиас ангид, хуулиас гадуур амьдрах боломжгүй болсон нийгэм, цаг үед бид ажиллаж байна.
Хагархай цонхны онол
Шинэ үзэл санааг тээгч, нийгэмд түгээн дэлгэрүүлэгч байх эрх, бас үүрэг нь төрийн захиргааны тэргүүн түшмэд Та нарт ногдож байна.
Ажилд гарч буй үр дүн багагүй бий ч цөөн гэлтгүй зарим хүмүүсийн алдаа тэр бүхнийг маань харлуулах явдал гарсаар байна. Алдаанаас урьдчилан сэргийлж чадахгүй бол нэгэнт эхэлсэн хар бараан зүйл гинжин урвал адил цааш үргэлжлэх магадлалыг тодорхойлсон “Хагархай цонхны онол” гэж бий. Товчхондоо гэм буруутай, ёс зүйгүй үйлдлийг гаргуулахгүй байх нь хамгийн зохистой гэсэн үг. Буруу үйлдлийг давтан үйлддэг. Энэ байдалтай эвлэрч болохгүй. “Цонх” бүтэн байх ёстой. Тиймээс ч иргэд, олон нийтийн дунд төрийн албаны шинэчлэлтийн хүлээлт өндөр давтамжтай, шударга ёсны хүсэмжлэл их байна.
Шилжилтийн VUCA эрин үе
Төрийн албаны үйл ажиллагааг блокчэйн технологи нэгдмэл цахим мэдээллийн сан/-д шилжүүлэх том алхам бидний урд байна.
Хувьсамтгай, тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй байдал буюу VUCA эрин үед төрийн албыг хэрхэн үр ашигтай зохион байгуулахаас бидний шинэтгэлийн үр дүн хамаарна.
Эстони улс үндсэндээ дижитал орон болж, төрийн үйлчилгээ нь блокчэйн технологид суурилан 24 цаг 7 хоногийн тасралтгүй системд шилжиж чаджээ. Төрийн бүх үйлчилгээ өдөр шөнө, амралт баяр ёслолын өдрүүдээс үл хамааран онлайнаар явагдаж байна. Хүлээлт, хүнд суртал, чирэгдэл алга болжээ.
Аргентин энэ оны эхний өдрөөс цаасгүй Засгийн газартай болж, технологийг авлигатай тэмцэх гол түншээ болгож байна.
Хятад “нийгмийн оноо”-ны системийг туршиж эхэлжээ. Архи авдаг, уудаг, гарцгүй газраар гардаг, гудамжинд зүй бус авирладаг, хэв журам зөрчдөг хүнийг царайгаар нь таниад хиймэл оюун ухааны оролцоотойгоор зээлжих зэрэглэлийг нь бууруулж, нийгмийн хариуцлага хүлээлгэж байна.
Хүнд суртал цагийн дайсан байдаг бол дижитал шилжилт цаг хугацааны найз нөхөр болж байна.
ЭХ СУРВАЛЖ: ZASAG.MN
Холбоотой мэдээ