Нийслэлийн тохижилтын талаар иргэд ярьж байна

Хуучирсан мэдээ: 2015.10.23-нд нийтлэгдсэн

Нийслэлийн тохижилтын талаар иргэд ярьж байна

Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээлэл хийв. Энэ жил нийслэлийн иргэдээс тус төвд халаалт дулаан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, тохижилт, гэрэлтүүлгийн талаар гомдол, саналыг ирүүлжээ. Эдгээр мэдээллээс заримыг онцолъё.

Гудамжны гэрэлтүүлгийг хэрхэн зохицуулдаг вэ

Нийслэлийн гудамж талбай нэг үеэ бодвол өнгөжиж, гэрэл гэгээтэй болсон талаар иргэд ам сайтай байдаг. Гэхдээ үүний хажуугаар гэрэлтүүлгийг өдрийн цагаар асаах, зарим шаардлагатай цэгүүдэд асдаггүй, эвдэрсэн зэрэг санал гомдол иргэдээс ирсээр байгаа аж. Тухайлбал, гэрэлтүүлэгтэй холбоотойгоор энэ жил иргэдээс 100 орчим санал иржээ.

Тэгвэл нийслэлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн асуудлыг “Улаанбаатар нэгтгэл” компани хариуцан ажилладаг. Өдрийн цагаар гэрэл асааж хий дэмий үргүй зардал гаргаж буй талаар иргэдийн саналд тус компанийн ерөнхий инженерээс хариулт авсан юм.

“Улаанбаатар нэгтгэл” компанийн ерөнхий инженер С.Баяр-Өлзийгийн мэдээлж буйгаар гудамж талбайн гэрлийг ухаалаг системээр удирдддаг. Ингэхдээ тухайн гэрэлтүүлгийн асч, унтрах цагийг ч автоматаар тохируулдаг. Гэхдээ тодорхой тооны гэрэлтүүлгийг унтрааж, асаах удирдлага нь нэг хэсэгт төвлөрдөг. Иймээс нэг хэсэгт засвар хийх шаардлагатай болбол түр хугацаанд бүгдийг нь асаах хэрэгтэй болдог гэв. Түүнээс биш шалтгаангүйгээр, аль эсвэл удирдлагын систем алдагдсанаас өдрийн цагаар гэрэл асааж, хий дэмий зардал гаргадаг явдал байхгүй гэдгийг тайлбарлав.

Нийслэлд 1500 гаруй камер бий

Нийслэлийн гудамж талбайд 1500 гаруй камер бий гэх тооцоог Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс өгч байна. хамгийн сүүлд нийтийн гудамж талбайд 12, хогийн цэгүүдэд 10, явуулын хөдөлгөөнт 10, Төв цэнгэлдэх хүрээлэнд гурван камер суурилуулжээ. Гэхдээ энэ жилийн хувьд камер суурилуулах төсөв өмнөх жилээс багассан байна.

Иргэдийн зүгээс гудамж талбайн камержуулалттай холбоотой багагүй санал, гомдол ирүүлдэг аж. Гэхдээ шаардлагатай тохиолдолд камер шүүлгэх гэхэд тухайн хэсгийг камержуулаагүй, аль эсвэл тухайн камерыг хянаж, шүүж мэдээлэл авах боломж байдаггүй зэрэг санал, гомдол хэлдэг байна.

Тэгвэл нийслэлийн хэмжээнд 1500 камерыг гудамж талбайд суурилуулсан. Гэхдээ эдгээрийн дөнгөж 65-ыг нь л Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс хянах боломжтой байдаг аж. Иймээс цаашид камерын тоог нэмэхийн хажуугаар эдгээрийг хянаж, мэдээллийн сүлжээ бий болгох асуудлыг сайжруулах шаардлага тулгарчээ.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж