Хуулийнхны барилга 1 жилд баригдаж байхад эмнэлэг 10 жилд ч баригдсангүй

Хуучирсан мэдээ: 2020.02.03-нд нийтлэгдсэн

Хуулийнхны барилга 1 жилд баригдаж байхад эмнэлэг 10 жилд ч баригдсангүй

Хуулийнхны барилга 1 жилд баригдаж байхад эмнэлэг 10 жилд ч баригдсангүй

Хууль, хүчний байгууллагын барилга барихад мөнгө олддог атлаа эмнэлэг барихад төсөв хүрэхгүй байна гэж үү, Ерөнхий сайд аа? Ингэж хэлсний учир нь Монгол Улс шинэ хүнээ угтах төрөх эмнэлэг барихаар ажлыг нь эхлүүлээд 10-аад жил, Түлэнхийн төвийн барилгыг нурааж шинээр барьснаас хойш долоон жил өнгөрөхөд аль нь ч ашиглалтад орсонгүй. Харин Цагдаагийн ерөнхий газар, Мөрдөн байцаах газрын барилгууд жилийн дотор сүндэрлэн боссоноор өнөөдөр ажил алба өрнөж байгаа бол Тагнуулын ерөнхий газрынхан тун удахгүй шинэ байрандаа нүүж орох нь.

Угтаа бол иргэдийгээ бодож эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй эмнэлгийн ачаалал, хүрэлцээний асуудлыг хамгийн түрүүнд шийдэх ёстой. Төрөх насныхан жил бүр нэмэгдсээр. Харамсалтай нь,  улсын хэмжээнд төрөх эмнэлгийн хүрэлцээ муу, ачаалал ихтэй байдгаас улсын эмнэлэгт хүндрэлтэй төрсөн эх хоёр хоноод, хэвийн төрсөн эх нэг хоноод л эмнэлгээс гарч байна. Гэтэл тэднийг эсэн мэнд амаржуулж, яс бүтэн амь салгах эмнэлэг дутагдаад олон жилийн нүүр үзсэн ч өнөөдрийг хүртэл төсөвгүй гэдэг шалтгаанаар хүлээгдсээр л байна.

АРВАН ЖИЛ “ЦАРСАН” ДӨРӨВҮГЭЭР ТӨРӨХ ЭМНЭЛЭГ

IV амаржих газар

Яармагийн дэнж дээр байрлах дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилга арван жил “дуншиж” байна. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт барих 300 ортой IV амаржих газрын барилгын ажил 2010 онд эхэлсэн ч санхүүжилтээс шалтгаалан царцсан билээ.

Төлөвлөгөөний дагуу тус барилга 18.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдаж, 2013 онд ашиглалтад орох ёстой байжээ. Гэвч нэмэлт санхүүжилт шаардлагатай болсноор барилгын ажил зогссон байна. Ингээд дахин барилгын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтаар “Томо бюлдинг” компани шалгарч, 25 тэрбум төгрөгөөр барилгыг барьж, ашиглалтад оруулахаар болсон юм. Олон жил дуншсан барилгын ажил 2017 оны есдүгээр сард эхэлсэн. Гэвч барилгын ажилд дахин асуудал үүссэнийг гүйцэтгэгч “Томо бюлдинг” компани мэдэгдсэн. Учир нь, барилгын зураг нь 2010 онд зурагдсан тул эмнэлгийн одоогийн шинэ стандартад нийцэхгүйгээс асуудал үүсчээ.  Тухайлбал, мэс заслын өрөөний тохижилт өнөөгийн стандартад нийцэхгүй байгаа тул хэсгийн буюу В блокийн барилгын зургийг өөрчлөх, хүчилтөрөгчийн шугам сүлжээний тоо гэрээнд тусгагдаагүй байгаагийн зэрэгцээ хүчилтөрөгчийн Ж блокийн байр, гадна талбайн тохижилт зэрэг нь зурагт байхгүй, эсвэл ажил гүйцэтгэх гэрээнд тодорхой тусгагдаагүй байгаа тул эдгээр асуудлыг шийдвэрлэхэд дахин санхүүжилт шаардлагатай болжээ.

Арван жил шахуу хүлээгдсэний эцэст “Томо бюлдинг” компани барилгын ажлыг 34 хувьтай байхад нь хүлээн авснаар барилгын дүүргэлт, дээврийн ажлыг дуусгаж, дотор болон гадна шугам сүлжээ, гадна талбай, өрөлт, хаалга, цонх суурилуулах ажлыг гүйцэтгэсэн аж. Одоо тус барилга 95 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Гэхдээ яг хэдэн сард ашиглалтад орох вэ гэдэг бүрхэг хэвээр байна.

ТҮЛЭНХИЙН ТӨВИЙН АСУУДАЛ ЭНЭ ЖИЛ ЦЭГЦЭРЧ МАГАДГҮЙ

Түлэнхийн төвийн барилга

Дахин нэг жишээ дурдая. Олон жил яригдсан Түлэнхийн төвийн барилгын ажил энэ жил цэгцэрч магадгүй бололтой.  Монгол Улсын хэмжээнд түлэгдэлт, хөлдөлт, нөхөн сэргээх мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх, олон улсын чанар стандартад бүрэн нийцсэн, орчин үеийн оношлогоо эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдох, Түлэнхийн төвийн барилгын явц 80 өнөөдөр хувьтай байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн уг барилга нь үндсэн 3 блоктой бөгөөд А, С блокын гүйцэтгэгчээр “Цаст констракшн”-тай, В блокын гүйцэтгэгчээр “Нутгийн зам” ХХК-тай гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн юм. Гэвч хөрөнгө шийдэгдэхгүйгээс хойшилсоор ирсэн.

Иймээс Монгол Улсын Засгийн газар болон Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн хооронд 2007 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр байгуулсан байсан хэлэлцээрт Ж.Эрдэнэбатын Засгийн газар өөрчлөлт оруулж, буцалтгүй тусламжаар олгохоор шийдвэрлэсэн санхүүжилтийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харъяа Түлэнхий төвийн барилга руу шилжүүлжээ.

Улмаар  Эрүүл мэндийн яам “Нутгийн зам” ХХК, “Цаст констракшн” ХХК-тай барилга угсралтын ажлын гэрээг шинэчлэн байгуулж, 2017 оны наймдугаар сараас барилга, угсралтын ажлыг үргэлжлүүлжээ.  Одоогийн байдлаар барилга угсралтын ажил 80 хувьтай явж байгаа ч мөн л хөрөнгө мөнгөгүйгээс шалтгаалж, барилга товлосон хугацаандаа ашиглалтад орох боломжгүй болж, хойшилсоор иржээ.

Олон жил хүлээгдсэн эмнэлгийн барилга, хууль хяналтынхны барилгыг харьцуулахад ийм дүр зурагтай байна.

Э.АРИУН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж