Усны ихэнхийг ХАА-н салбар ашигладаг ч татвар төлдөггүй

Хуучирсан мэдээ: 2020.02.03-нд нийтлэгдсэн

Усны ихэнхийг ХАА-н салбар ашигладаг ч татвар төлдөггүй

Усны ихэнхийг ХАА-н салбар ашигладаг ч татвар төлдөггүй

Усны нөөцийн төлөө өнөөдөр дэлхийн нийт “дайтах нь” холгүй байна. Учир нь, олон улсын судлаачдын үзэж буйгаар, ирээдүйд усны нөөцөө барсан орнууд илүү хурдан ядуурч, хатах бол арвин нөөц баялагтай орнууд дэлхийн геополитикийн гол тоглогчид болох гэнэ. Өөрөөр хэлбэл, ирээдүйд олон улсын харилцаанд гол нөлөө үзүүлэх хүчин зүйл нь усны нөөц болох ажээ.

“Water Aid” олон улсын байгууллагын судалгаанд дурдсанаар, 2040 он гэхэд усны хомсдолд орох дэлхийн 33 орны тоонд Монгол Улс багтав. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд ашиглаж болох усны нөөц 610 орчим мянган метр куб байгаа бөгөөд ихэвчлэн газар доорх усыг ашиглаж байгаа нь усны нөөц багасахад нөлөөлж байгаа ажээ. Мөн манай улсын орон сууцанд амьдардаг иргэн хоногт 140-160 литр ус хэрэглэж байгаа бол гэр хорооллын иргэд 7-10 литр ус хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Харин өндөр хөгжилтэй улс орнуудад нэг хүн хоногт 200-250 литр ус хэрэглэж байна.

Гэхдээ Монгол Улсын усны нөөцөд хүн амын ашиглаж буй усны хэмжээ харьцангуй бага. Тодруулбал, хүн амын унд, ахуйн хэрэглээнд гадаргын усны нөөцийн 0.4 хувийг ашигладаг бол газар доорх усны 0.8 хувийг ашиглаж байна. Харин үйлдвэр, үйлчилгээнд гадаргын усны 99.6 хувийг, газар доорх усны 99.2 хувийг ашиглаж байгаа гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.

Үүнээс гадна, сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр иргэдийн дунд тус салбар усыг маш ихээр хэрэглэж байна гэх сөрөг ойлголт бий болж, улмаар энэ асуудлыг хөндөн, жагсаал, цуглаан хийх ч иргэд олширсон.

Тэгвэл Монгол орны байгалийн төлөв байдлын судалгаанаас харахад нийт ашиглаж болох усны нөөцийн 50 гаруй хувийг хөдөө аж ахуйн салбар ашигладаг гэдэг нь тогтоогджээ. Үүнээс гадна, уул уурхайн салбар ашигласан усны нөөцдөө татвар төлдөг бол хөдөө аж ахуйн салбар огт татвар төлдөггүй гэдэг нь доорх судалгаанаас ил болсон байна.

Мөн Монгол Улс сүүлийн жилүүдэд улсын төсвийн хөрөнгөөр усны нөөцийн эх үүсвэрийг хайх хайгуулын ажил хийх нь багасчээ.

УСНЫ НӨӨЦИЙН 50 ГАРУЙ ХУВИЙГ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР АШИГЛАЖ БАЙНА

Монгол орны усны хэрэглээ нь хүн амын унд ахуй, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал, ногоон байгууламжийн зориулалттай болон бусад гэсэн бүтэцтэй байна.

Ус хэрэглээг ус ашиглуулах дүгнэлт болон хөдөө аж ахуй, усан цахилгаан станцын хэрэглэсэн, ашигласан усны хэмжээгээр тооцож үзэхэд 2018 онд 570 орчим сая метр куб ус ашигласан нь нийт ашиглах боломжит нөөцийн 5 хувийг эзэлж байна.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар хүн амын унд, ахуй болон үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд эргүүлэн ашигласан усыг төлбөрөөс чөлөөлжээ. Харин уул уурхайн салбарт 2018 онд 356.8 сая метр куб /жил ус ашигласан ба үүний 266.7 сая метр куб буюу 74.5 хувийг дахин ашиглаж, нөхөн сэлбэлтээр 90 сая метр куб ус авч, ус, рашааны нөөц ашигласны төлбөр ногдуулжээ.

Харин жилдээ 300 орчим сая метр куб  буюу нийт ус хэрэглээний 50 хувийг хэрэглэж, ашиглаж байгаа хөдөө аж ахуйн салбарын усны хэрэглээнд ус ашиглуулах дүгнэлт гаргадаггүй ба төлбөр ногдуулдаггүй байна.

Харин Азийн хөгжлийн банкны гаргасан судалгаагаар, ус ашиглалт, хэрэглээний хэмжээгээр хөдөө аж ахуйн салбар (31% нь усалгаатай газар тариалан, 24% нь мал аж ахуй) тэргүүлж, түүний дараа ахуйн болон ундны усны хэрэглээ (20%), уул уурхай (13%), эрчим хүчтэй холбоотой цахилгаан хөргөлтийн үйл ажиллагаа (10%) ордог ажээ.

 УС АШИГЛАСНЫ ТӨЛБӨРӨӨС ОЛСОН ОРЛОГОО УСНЫ САЛБАРТ ЗАРЦУУЛАХГҮЙ БАЙНА

Ус рашааны нөөц ашигласны төлбөрийн орлого 2018 онд 46.7 тэрбум төгрөг байсан ба үүний 42.9 тэрбум төгрөг нь ус хэрэглээний 17 хувийг эзэлж байгаа уул уурхайн салбарт ашигласан усны төлбөрөөс орсон байна.

 

Ус рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогоос улсын хэмжээнд 2018 онд 46.6 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэмэгт заасны дагуу 2018 онд ус , рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогоос 16.3 тэрбум төгрөгийг усны салбарт эргүүлэн зарцуулах ёстой байсан ч 3.9 тэрбум төгрөг зарцуулсан буюу хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг Монгол орны байгалийн төлөв байдлын судалгааны дүгнэлтэд дурджээ.

ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР УСНЫ НӨӨЦИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ ХАЙХ НЬ БАГАСЧЭЭ

Монгол Улс нь ус, рашааны нөөцийн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч, усны эх үүсвэр булаг шандыг тохижуулж, сэргээн засварлаж байна. Тухайлбал, 2007 онд 26 усны эх үүсвэр булаг, шандыг тохижуулсан бол 2018 онд 236 болж нэмэгджээ. Гэсэн хэдий ч газрын доорх усны нөөц тогтоох хайгуул судалгааны ажлыг 2000 оноос хойш улсын төсвийн хөрөнгөөр хийх нь багасч, хайгуул хийж буй ордын тоо цөөрчээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1987 оноос 1995 он хүртэлх хугацаанд газрын доорх усны нөөц тогтоох хайгуул судалгааны ажил жилдээ 5-18 хүртэлх ордод хийгддэг байсан бол 2000-2002 онд нэг ч ордод хийгдээгүй, 2003 оноос жил бүр тогтмол хийгдэж эхэлсэн ч тоо нь цөөрсөн байна.

Харин аж ахуй нэгж, томоохон компаниуд өөрсдийн хөрөнгөөр газрын доорх усны хайгуул судалгааны ажлыг 2003-2018 онд 67 объектод хийж, нийт 10956.62 л/с буюу 946,600.128 метр куб / хоног нөөцийг улсын нөөцийн зөвлөлөөр батлуулсан байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж