Монголд энх цагийн дайн өрнөсөөр

Хуучирсан мэдээ: 2020.02.03-нд нийтлэгдсэн

Монголд энх цагийн дайн өрнөсөөр

Монголд энх цагийн дайн өрнөсөөр

Монгол Улс нь тайван амгалан оронд тооцогддог гэдэг. Улс орнуудын тайван, аюулгүй байдлыг үнэлдэг “Global peace index” судалгааны тайланд Монгол Улс дэлхийн 163 орноос 42 дугаарт бичигдсэн байдаг. Батлан хамгаалах зардал, терроризм, дайн самуунд амиа алдсан хүний тоо, эдийн засагт хүчирхийллээс үүдэлтэй гардаг зардал, энхийг сахиулах үйлсэд оролцох оролцоо зэрэг олон үзүүлэлтээр дээрх жагсаалтыг гаргадаг юм.

Гэхдээ Монгол үнэндээ тийм ч тайван амгалан орон биш, энх цагийн дайн өрнөж байдаг орон аж. Учир нь, Монгол Улсад дайн байлдаан болж буй мэтээр жилд үй олон иргэн амиа алдаж байна.

ЖИЛД 3000 ХҮН ОСОЛ, ГЭМТЛЭЭР НАС БАРДАГ

Осол гэмтлийн улмаас жилд 3000 Монгол хүн, өдөрт 7-8 хүн амь насаа алдаж байна. Тухайлбал, 2018 онд ослын улмаас 142.665 хүн гэмтэж, 2920 хүн амиа алджээ. Зөвхөн зам тээврийн ослоор жилд 500 гаруй хүн хорвоог орхиж байна. Тодруулбал, 2018 онд зам тээврийн осолд 5323 хүн өртөж, 4761 нь хүнд гэмтсэн бол 562 хүн нь нас баржээ. Нас барсан хүмүүсийн 52 нь хүүхдүүд байгаа юм. Ослын дийлэнх нь буюу 74 хувь нь орон нутгийн замд гарчээ. Мөн 6500 орчим хүн түлэгдэсний 67 хувийг хүүхдүүд эзэлж байна.

Зам тээврийн ослын 97 хувь нь жолоочийн буруугаас, гүйцэж түрүүлэх, жолоо барьж байхдаа утсаар ярих, гэрлээ шилжүүлэхгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг дутуу хангах, хурд хэтрүүлэх, согтуугаар жолоо барьсан зэргээс шалтгаалдаг байна.

ЖИЛД 30-50 ХҮН УГААРТАЖ НАС БАРДАГ

Өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, нийтээрээ сайжруулсан түлш ашиглахаар болсон. Гэвч аравдугаар сарын 3-наас эхлэн иргэд сайжруулсан түлшинд угаартаж амь насаа алдаж эхэлсэн. Албаныхан цаг үеийн асуудлаар өдөр бүр мэдээлэл хийх болсон бөгөөд энэ үеэрээ “Жилд 30-50 хүн угаартаж нас бардаг гэдгийг “Тавантолгойн түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар дурдсан билээ. Гэвч нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн 2019 оны аравдугаар сараас эхлэн өнөөг хүртэлх хугацаанд 10 гаруй иргэн зөвхөн угаартсан байдалтайгаар амь насаа алдаад буй. Үүн дээр гал алдсанаас гэртэйгээ шатаж амь насаа алдсан иргэдийн тоог нэмбэл том тоо гарах болж байгаа. Харамсалтай нь, өнөөдөр энэ тухай эрх баригч нам нь ч ярьдаггүй, сөрөг хүчин нь ч үг хэлдэггүй. Хүний амь хөсөр хаягдсаар л байна.

Үндэсний статистикийн хорооноос өгч буй мэдээллээр  нүүрс төрөгчийн давхар болон дан исэлд улсын хэмжээнд хордож, эмчүүлж буй хүмүүсийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байна.

ОнАмбулаторт үзүүлсэн

Хэвтэн эмчлүүлсэн

20144017
20152515
20165723
201719825
201811542
2019468127

ХАТГААГААР ЖИЛД 400 ГАРУЙ ХҮН НАС БАРЖ БАЙНА

Хатгаагаар л гэхэд жилд 78 мянга гаруй хүн өвчилж, 400 гаруй хүн нас барж байна. Үндэсний статистикийн хорооноос өгч буй мэдээллээр сүүлийн таван жилд хатгаагаар 1865 хүн нас барсан байгаа юм.

Уушигны хатгалгааг үүсгэгч олон төрлийн вирус байдаг бөгөөд H3N2, N1H1 томуугийн вирусээр үүсгэгдсэн уушигны хатгалгаанд хүн ам түлхүү өвдөх болжээ. “Томуугаас урьдчилан сэргийлж, эрт үед нь эмчид хандвал уушигны хатгалгаа нь эдгэдэг өвчин. Ханиад хүрч, халуурвал яаралтай эмчид ханд”  хэмээн эмч мэргэжилтнүүд ч учирладаг. Гэвч иргэд ханиадаа хүндрүүлж, хатгаа болсон хойно нь эмнэлэгт ханддаг аж. Зарим нь эмчилгээ авдаг ч цаг алдаж хандсан тохиолдолд хатгаагаар нас барах шалтгаан болдог байна.

 

 ЛИВИД 1000 ГАРУЙ ХҮН АМИА АЛДЖЭЭ

Монголд осол, гэмтлийн улмаас жилд 3000 хүн нас барж байгаа нь 3.2 сая хүн амтай орны хувьд дайн дажинтай орноос ч илүү олон хүн амь үрэгдэж байна гэсэн үг юм.

Ливийн Үндэсний зөвшилцлийн Засгийн газраас Триполи хотыг чөлөөлөх цэргийн ажиллагааг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 4-нд эхлүүлсэн билээ. НҮБ-ын мэдээлснээр, уг цэргийн ажиллагаа эхэлснээс хойш 1000 гаруй хүн амиа алдаж, 5000 гаруй хүн шархаджээ.

Түүнчлэн 2019 онд Сири дэх мөргөлдөөний улмаас 1106 хүүхэд амь үрэгдсэн нь энэ төрлийн мэдээллийг бүртгэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай НҮБ-ын Хүүхдийн сан мэдээлсэн. Сирид амь үрэгдсэн хүүхдүүдийн талаарх мэдээллийг Хүүхдийн сан 2014 оноос бүртгэж эхэлсэн юм. Амь үрэгдсэн хүүхдүүдийн дийлэнх нь мина болон тэсрэх төхөөрөмжид өртжээ.

Монголчуудын эрүүл мэнддээ хайнга ханддаг, хайхрамжгүй байдал, эрх баригчдын иргэдийн амьдрал уялдаагүй шийдвэр зэргээс шалтгаалан энх цагт дайн байлдаантай орны иргэд шиг үй олноороо амь үрэгдсээр байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж