УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.
–Намрын чуулганыг хугацаанд нь багтаан хаалаа, хэр үүргээ гүйцэтгэв?
-Олон чухал хуулийг баталсан түүхэн гэж хэлж болохоор намрын чуулган байлаа. Сүүлийн 20 гаруй жилийн турш, гурван парламент дамжин яригдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ удаагийн парламент 158 хоногийн турш тасралтгүй хэлэлцэн баталлаа. Засгийн газрыг тогтвортой, үр нөлөөтэй болгох, УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах, шүүхийг хараат бус, шударга болгох зэрэг асуудал энэ парламентын үед шийдэгдэж байна. Монгол Улсын парламентын 28 жилийн түүхэнд намар-хавар-намрын гурван чуулган үргэлжилж хуралдсан тохиолдол байгаагүй юм байна. Энэ намрын чуулган 86 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын болон дэд, түр хороод давхардсан тоогоор 119 удаа хуралдаж, нийт 154 хууль, Улсын Их Хурлын 51 тогтоол хэлэлцэн баталлаа гэдгийг УИХ-ын дарга хаалтын үгэндээ ч онцолж хэллээ.
-УИХ-ын намрын чуулганы төгсгөлд Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Уг хуулиар Сууц өмчлөгчдийн холбоо/СӨХ/-г татан буулгах гэж байгааг эсэргүүцэн хэвлэлийн хурал хийсэн иргэд таныг энэ хуулийг санаачилсан гэх юм. Уг нь Засгийн газраас өргөн барьсан байх аа?
-Барилга хот байгуулалтын яамнаас 2019 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр Орон сууцны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Гэтэл Ж.Ганбаатар гишүүн Орон сууцны тухай хуулийг өргөн мэдүүлж, СӨХ-г татан буулгах гэж зарим хүн хэвлэлийн бага хурал хийсэн. Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнтэй хамтраад хууль санаачилна гэсэн ойлголт байхгүй. Эдийн засгийн байнгын хорооноос хуулийн төсөл дээр ажиллах ажлын хэсгийг байгуулсан. Энэ хуулиар СӨХ-г татан буулгах заалт орж байгаа нь үнэн. Анх энэ хуулийг өргөн барьснаас нь хойш би ийм хуулийг баталж болохгүй гэж байнгын хорооны хуралдаан дээр Х.Баделхан сайд болон Төрийн нарийн бичиг даргатай нь санал зөрөлдсөн. СӨХ-г татан буулгахыг би дэмжихгүй байгаа атал энэ хуулийг намайг санаачилсан мэт болгож намайг харлуулах гэсэн зарим хүний оролдлого, хатгалга гэдгийг би ч мэдэж байгаа.
СӨХ-ны одоогийн үйл ажиллагааг улам төгөлдөржүүлэх тухайн орон сууцны иргэдтэй илүү ойр ажиллах энэ талаас нь хуулийн өөрчлөлтийг хийх шаардлага бий юу гэвэл бий. Түүнээс биш СӨХ-г татан буулгаад Орон сууцны конторт нэгтгэх нь маш буруу шийдэл. СӨХ нь муу ажиллаад, орон сууны контор нь сайн ажиллана гэдэгт би хувьдаа итгэхгүй байна. Тиймээс Орон сууцны тухай хуулийн төслийг дэмжихгүй, 100 хувь эсэргүүцэж ирсэн.
Засгийн газар хуулийн төслийг өргөн барьснаас хойш над дээр УИХ-ын нэр бүхий гишүүд орж ирж энэ хуулийн төслийг дэмжиж, цааш нь хэлэлцүүлж өгөөч гэж намайг олон удаа ухуулах гэсэн нь ч үнэн. СӨХ-ны удирдлагаас надад бичиг ирсний дагуу би Орон сууцны тухай шинэчилсэн найргуулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр миний байр суурийг 100 хувь ойлгосон байх гэдэгт найдаж байгаа.
-СӨХ-г татан буулгаж оронд нь Орон сууцны контортой нэгтгэхийг нь та эсэргүүцэж байгаа юм уу, эсвэл уг хуулийн төсөлд бүхэлд нь шүүмжлэлтэй хандаж байгаа юм уу?
-СӨХ-г татан буулгахыг 100 хувь эсэргүүцэж байгаа. СӨХ-г татан буулгалаа гэхэд оронд нь үйл ажиллагаа явуулах орон сууцны контор бол маш хүнд сурталтай, олон хүнтэй байгууллага. Төлөх мөнгө, иргэдэд очих ачаалал нь улам нэмэгдэнэ гэсэн үг. Орон сууцны конторын үндсэн үүрэг нь ус, дулаан, цахилгааны асуудлыг хариуцах гэтэл дээр нь нэмээд СӨХ-ны үйл ажиллагааг давхар хариуцаад ажиллах нөөц ч байхгүй, мөн туршлага ч байхгүй. Үндсэндээ боломжгүй зүйл.
Хоёрдугаарт, бүх СӨХ-г татан буулгаснаар орон сууц дахь нийтийн өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, бүртгэл, засвартай холбоотой асуудал эзэнгүй болно гэсэн үг. 1990 оны үеийнх шиг хуучин системдээ очно. СӨХ байгуулагдахаас өмнө орон сууцны конторт орон сууц дахь нийтийн өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт энэ бүхэн харьяалагддаг байх үед орон сууцуудын орц, хонгил хог новшоор дүүрчихсэн байдаг байлаа. Яахав одоогийн СӨХ-д бүгд сайн ажилладаг гэж хэлэхгүй ч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших өнгөрсөн хугацаанд үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгэсээр ирсэн.
“НУУХЫГ НЬ АВАХ ГЭЭД НҮДИЙГ НЬ СОХЛОХТОЙ АДИЛ ОРОН СУУЦНЫ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ОРУУЛЖ ИРСЭН"
– Засгийн газар яагаад ийм хуулийг өргөн барих болсон юм бол. Ямар нэгэн ашиг сонирхол байна уу?
-Хэлж мэдэхгүй байна. Хуулийн төслийг өргөн барьсан салбарын сайдаас нь асуусан дээр байх.
-СӨХ болон түүний дарга гэж тухайн орон сууцанд амьдардаггүй гаднаас хүн ирж иргэдийн тав тухыг алдагдуулж байна. Иймд оршин суугчдын төлөөллөөс СӨХ байгуулах нь зөв гэсэн шүүмжлэл байнга байсаар ирсэн. Та ч гэсэн үүнтэй санал нийлэх байх?
-Муу, сайн ажиллаж байгаа СӨХ-үүд бий гэдэгтэй санал нийлнэ. Тэр үйл ажиллагааг нь яаж сайжруулах уу гэдгийг энэ хуулиар оруулж ирэх ёстой байтал “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохтой” адил хуулийн төсөл оруулж ирсэн. Угтаа иргэдээс авч байгаа сар бүрийн СӨХ-ны төлбөрийг зөв зарцуулж байгаа эсэхийг яаж хянах вэ, яаж үүнийг сайжруулах уу гэдгийг энэ хуулиар оруулж ирэх ёстой. СӨХ-г байхгүй болгож сууц өмчлөгчид хэнд гомдол, саналаа гаргах уу энэ бүх асуудлыг тодорхой бус эзэнгүй болгож болохгүй.Энэ хуулиас сайн, сайхан зүйл олж харахгүй байгаа учир Орон сууцны тухай хуулийг би санаачлах нь байтугай огт дэмжихгүй. Намрын чуулганаар батлаж амжаагүй учраас Засгийн газар өргөн барьсан хуулиа эгүүлэн татах байх гэж бодож байна. Санаачилсан газар нь хуулийн төслийг аль ч хэлэлцүүлгийн үед нь татах бүрэн боломжтой.
-“2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Сонгуулийн тойргийн хуваарилалт зөв үү. Хүнээ бодсон бол нийслэлд арай олон байх байсан биш үү?
-Төрийн байгуулалтын байнгын хорооноос өгсөн тайлбараар бол сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулна гэсэн зарчмын дагуу тойрог, мандатын тоог хуваарилсан гэж хариулсан. Миний хувьд хариултыг 50:50 харьцаагаар ойлгож байгаа. Ер нь бол Улаанбаатар хотоос сонгогддог гишүүдийн тоо цөөхөн байгаа гэдэгтээ би санал нийлнэ.Нэгэнт батлагдсан тогтоолын төслийн талаар одоо буруу, зөв гэж ярих нь зохисгүй.
Баянгол дүүргийн хувьд улсын хэмжээний хамгийн том тойрог болсон. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүрэгт гурван мандат хуваарилагдсанаас нэг мандатад оногдох хүн амын тоо 78 мянган иргэн. Улсын дундаж нь 41 гаруй мянган иргэнд нэг мандат оногддог.
-Тойрог, мандат хуваарилдаг үндсэн зарчмыг баримтлах гэхээсээ илүүтэй тухайн эрх баригч нам өөрсдөдөө ашигтай байдлаар тойргуудаа зурдаг үе үеийн жишиг бий. Энэ удаад МАН тойрог мандатыг хуваарилах үндсэн зарчмуудыг баримтлав уу, эсвэл өөрсдөдөө ашигтай байхыг чухалчлав уу?
-Үндсэн зарчмуудыг барьж тойргийн мандатын тоог гаргасан. Түүнээс биш таны асуусан шиг намдаа ашигтай байх байдлаар хуваарилсан гэдэгтээ огт санал нийлэхгүй.
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигч дөрөвдүгээр сарын 1-нд ажлаасаа чөлөөлөгдөнө гэснийг наймдугаар сарын 1-нд гэж өөрчлөх саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд оруулж ирснийг чуулганаар дэмжсэн. Гишүүдийн зүгээс хэрэв сонгууль болохоос зургаан сарын өмнө нэр дэвшигчийг ажлаас нь чөлөөлчихвөл тэд ажилгүй, орлогогүй болно гэдгийг хэлж байсан. Таны хувьд эсрэг байр суурьтай байсан байх аа?
-Төрийн байгууллагад ажиллаж байгаа бол сонгуульд яах гэж нэр дэвших гээд байгаа юм бэ. Миний хувьд хугацааг нь найман сар болгож хойшлуулсныг дэмжээгүй. Төрийн ажил хийж байгаа хүмүүс тэр ажлаа л хий л дээ. Тэгэхгүйгээр улс төр рүү орно, гарна гэдэг тогтворгүй байж болохгүй. Нөгөө талаар төрийн албан хаагчдад зориулж аливаа хуулийг өөрчилдөг байх нь маш буруу. Төрийн албаныхан бараг эрхэлж байна шдээ. Орон нутгийн сонгуульд нэр дэвшвэл ажлаасаа зургаан сарын өмнө гармааргүй байна, хоёр сарын өмнө өгье гэдэг үүнээс харахад дарга тогтолцоотой улс гэдэг нь илт харагдаж байна. Бид социализмийн үеэс л дарга тогтолцоотой байсан. Одоо ч энэ байдал нь арилахгүй байсаар л байна. Энэ асуултад тайлбар өгөөд сууж байгаа гишүүд нь ч өөрийнхөө ярьсныг хамгийн зөв гэж боддог бололтой. Сонгуульд нэр дэвшье гэж байгаа бол төрийн албанд бүү ор. Бусадтайгаа нэг зарчим, нэг байрнаас хөдөл.
"ОУВС-ГИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ"
-Энэ парламент бүрэн эрхийн хугацаагаа дуусгахаас өмнө саарал жагсаалтаас гаргаж чадах нь уу?
-Саарал жагсаалтад орсон тухайн улс дөрвөн сар тутамд ФАТФ руу тайлан илгээдэг. Манайх энэ дагуу тайлангаа явуулж, ФАТФ-ийн өгсөн зургаан зөвлөмжөөс гурвыг нь хамгаалсан талаар Сангийн сайд хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Манай улс ФАТФ-аас гарах хангалттай боломж бүрдсэн гэж харж байна. Саарал жагсаалтад орсон шалтгаан нь Монгол Улсын ААН-үүд эсвэл иргэдийн буруу үйл ажиллагаанаас болоогүй. Улстөрчдөөс цэвэр болсон асуудал. Монгол Улсын ААН-үүд гаднын ААН-үүдтэй Иран эсвэл Хойд Солонгост элдэв бараа таваар нийлүүлээгүй. Дэлхий нийтийг хамарсан терроризмтой холбоотой асуудал огт байхгүй.
Монгол Улс 10 тэрбум ам.долларын эдийн засагтай. Далд эдийн засаг нь үүнээс илүү буюу, хяналтгүй мөнгө их байна, энэ мөнгө чинь дандаа улстөрчдийн гараар дамжаад байна гэдэг байдлаар саарал жагсаалтад оруулсан. Үүнтэй холбоотойгоор холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг ФАТФ-аас манай улсад зөвлөсөн. Энэ хүрээнд хууль эрхзүйн асуудлууд бүрэн шийдэгдсэн. Тиймээс 2020 оны эхний хоёр улиралдаа багтаад саарал жагсаалтаас гарах нөхцөл бүрэн бүрдсэн гэж хэлж болно. Энэ чиглэлд Сангийн яам, Засгийн газар маш сайн ажиллаж байгаа. Саарал жагсаалтад орсноор манай улсад мөн дотоодын ААН-үүдэд, иргэдэд ямар нэгэн сөрөг эрсдэл учраагүй. Харин хөрөнгө оруулагчдад болгоомжлол бий болсон байхыг үгүйсгэхгүй.
-Ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх асуудалд Сангийн сайд эсрэг байр суурьтай буй. Учир нь тэтгэврийн зээлийг улсын төсвөөс мөнгө гарган, тэглэхгүй гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд хэлж байгаа нь асуудлыг ойлгомжгүй болгож байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Нэгэнт л УИХ-аас шийдвэр гарсан бол гүйцэтгэх засаглал биелүүлэх үүрэгтэй. “Би дэмжээгүй, Сангийн яам оролцоогүй учраас би үүнийг биелүүлэхгүй” гэж асуудалд хандаж болохгүй. Ер нь Сангийн сайд зарим асуудалд тиймэрхүү байр сууриар ханддаг. Жишээ нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хуулийг гүйцэд биелүүлэхгүй байгаа. Хууль бол хууль. Гүйцэтгэх засаглал аливаа хуулийг биелүүлэх үүрэгтэй.
-Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай үл ойлголцолтой байна уу. ОУВС-тай байгуулсан хөтөлбөрийн хугацаа ирэх тавдугаар сард дуусна. Энэ хөтөлбөрийг цааш нь үргэлжлүүлэх шаардлагатай юу?
-Цааш үргэлжлүүлэх үгүй эсэх асуудал яригдаж байгаа. 2016 онд ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах үед манай улсын эдийн засаг туйлын хүнд байсан. Одоо бол байдал харьцангүй бүх талаараа сайжирсан. ОУВС үүргээ гүйцэтгэсэн нь үнэн. УИХ-ын хувь гишүүнийхээ хувьд байр сууриа илэрхийлэхэд цаашид ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж харж байгаа. Эдийн засгийн өсөлтийг бий болгоход өнгөрсөн хугацаанд холбогдох байгууллагууд нь сайн ажилласан. Магадгүй ард түмний амьдралд эдийн засгийн өсөлт мэдрэгдэхгүй байхыг үгүйсгэхгүй ч улсынхаа эдийн засгийн чадамжаа сайжруулж, бататгаж чадсан.
–Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-аас баталсан долоон чиглэлээр хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард суух ажлын хэсэг Засгийн газраас байгуулагдсан. Та Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд уг тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй. Энэ үүргээ хэр ханган ажиллаж байна вэ?
-Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ сайдтай уулзсан. Л.Оюун-Эрдэнэ энэ тал дээр сайн ажиллаж байгаа. Удахгүй холбогдох шийдлүүдийг гаргана гэдэгт итгэж байна.
–Саяхан Засгийн газрын хуралдаанаар “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д Монголын талыг төлөөлөх гишүүдэд тавих шаардлагыг өндөрсгөх шийдвэр гаргасан нь магадгүй одоогийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх асуудал яригдах байх. “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д Монголын талын төлөөлж байгаа Ерөнхийлөгч асан Н.Багабанди, "Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт болон Ц.Сүхбаатар нарыг хэр ажиллаж байгаа гэж та дүгнэх вэ?
-Одоогийн ТУЗ-ийн гишүүдийг солих нь зөв. ТУЗ-д нэг хүнийг удаан байлгах нь буруу. 2-3 жилд зайлшгүй солих хэрэгтэй. Хамгийн сайн ажиллаж байгаа төлөөлөл байсан ч гэсэн ялгаагүй. Жижиг ААН-үүдэд ч байдаг зарчим шүү дээ. Жишээ ньНийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг төрийн өмчит компаниудын ТУЗ-д орж ажиллуулахдаа мөн удаан хугацаагаар ажиллуулдаггүй. Шалтгаан нь мэдээж ойлгомжтой.
Холбоотой мэдээ