"Наадмын маргааш хүүтэй болоод их баярлаж уйлсан даа"

Хуучирсан мэдээ: 2015.10.23-нд нийтлэгдсэн

"Наадмын маргааш хүүтэй болоод их баярлаж уйлсан даа"

"Наадмын маргааш хүүтэй болоод их баярлаж уйлсан даа"

Хилчин спорт хороо, ХЦ-ийн 0214-р ангийн бөх Монгол улсын начин Жаргалсайханы Амартүвшинтэй начин цолтой байхад нь ярилцаж байсан ярилцлагаа хүргэе.  Тэрээр улсын цолны босгон дээр гурвантаа бүдэрсэн ч 2012 оны наадмаар тэрхүү хатуу давааг гэтлэн улсын цолтны эгнээнд багтсан агаад наадмын дараа Х.Мөнхбаатар арслангаас допинг илэрсэн тул давсан даваануудыг нь хүчингүй болгож, түүнд унасан Т.Санчирт заан, Ж.Аматүвшинд харцага цол нөхөн олгосон билээ.

-Таны төрж өссөн нутаг усны талаар уламжлалат асуултаар ярилцлагаа эхлье?

-Би Говь-Алтай аймгийн Бигэр сумын унаган хүүхэд шүү дээ. Найм төгсөтлөө нутагтаа байж байгаад хотод ирж 10-р ангиа дүүргэсэн. Багадаа үеийнхэнтэйгээ ноцолдохдоо ноцолдоод, зодолдохдоо зодолдоод л өссөн дөө. Манай сум нууртай. Өвөл болохоор нуурын мөсөн дээр конькигаар гулгаад л, хүүхэд нас минь нэг иймэрхүү л байлаа даа.

-Ямархуу зан төрхтэй хүүхэд байв?

-Ер нь сахилгагүй хүүхэд байсан. Ангийнхаа охидуудыг их шоглодог /инээв/. Юм юманд өртчих гэсэн их л хөдөлгөөнтэй хүү байсан шүү. Бөхийн спортоор хичээллэж эхлээд өөр болсон доо.

-Танай аав, ах хоёр барилддаг гэсэн байх аа?

-Тийм ээ. Манай аав, ах хоёр аймгийн начин цолтой. Ерөнхийдөө хоёр талаасаа бөхийн удамтай хүн дээ. Ээжийн минь талд аймгийн арслан Сочин /их ах/ гэж бөх байсан.

-Гэрт барилддаг хүмүүс байхаар бөхөд дурлах, татагдах нь бүр илүү байсан болов уу?

-Магадгүй. Багын л бөхөд дуртай байсан. Суманд үе үе барилдаан болно. Тэр болгонд аав барилдана. Аавыгаа хаана л барилдана, ах бид хоёр дагаад л явж байна. Ялангуяа би хичээл ном гэхээсээ илүү спортод дуртай хүүхэд байсан. Ямар сайндаа өглөө хичээлийнхээ цүнхэд бэлтгэлийн хувцсаа нууж хийчихээд ээждээ хичээлдээ явлаа гэж гараад, сургуульдаа очилгүй багшдаа удахгүй тэмцээнд орох гэж байгаа гэж чөлөө аваад бэлтгэл хийж байгаад өдөр харьж цайгаа ууж, хэсэг унтаж байгаад орой таваас дахиад л бэлтгэл хийдэг хүүхэд байлаа. Хичээл номд бол ер нь дургүй, бөх болох л мөрөөдөлтэй. Хотод ирээд анх спортын төв ордонд очоод бөхчүүдийг ойроос харахад нэг л их том, том биетэй хүмүүс. Хэзээ нэг ийм сайхан бөх болно доо гэж бодож байлаа.  Би тэгэхэд 52 кг-д барилдах гээд жижигхээн нөхөр /инээв/.

-Хэддүгээр ангиасаа барилдаж эхэлсэн юм бэ?

-Бараг нэгдүгээр ангид байхаасаа л барилдаж эхэлсэн. Барилдахын бөөн хүслэн. Нэг удаа том хүүхдүүдийн барилдаан болоод дуусангуут нь өөрөөсөө том хүүхдийг өдөж байж барилдаад тохойгоо мулталчихаж билээ. Том ангид ороод сумын наадмын хүүхдийн барилдаан, аймгийн өсвөрийн аварга гээд барилдаануудад оролцож эхэлсэн дээ.

-Аав, ах хоёр тань их дэмжих үү?

-Ер нь дэмжинэ ээ. Ах бид хоёр хоёулаа барилдах сонирхолтой. Аав маань алсын бодолтой хүн болохоор  ахыг “Чи эрдэм номын мөр хөөсөн нь дээр байх. Харин наад нөхөр чинь хичээл номдоо шамдахгүй юм. өөрийнх нь сонирхолоор бөхөөр хичээллүүлээд үзье” гэсэн.  Ах маань оюуны потинцал гайгүй л дээ. Тэгээд ах барилдахаа болиод сургууль соёлын мөр хөөж, би бөхөөрөө явсан. Аав, ах хоёр минь намайг улсын цол автал минь дэмжлээ дээ. Би ч үндэсний бөхийг сонгож хичээллэснийхээ нэгэн зорилгод хүрлээ.

-Анх би бөх болох нь гэсэн урамшил хэзээ төрсөн бол…?

-Миний бөхийн анхны багш О.Нарангэрэл гэж самбо бөхийн спортын мастер хүн бий. Манай сумын гаралтай. Нараа багш нэг удаа нутагтаа очоод амарч байх үеэр манай аймгийн аварга шалгаруулах тэмцээн болох гээд биеийн тамирын багш бид нарыг бэлдэж байсан байхгүй юу. Тэгэхэд Нараа багшаар жаахан юм заалгаад бид ч тэмцээндээ амжилттай оролцож, би мөнгөн медаль авсан. Тэр үед Нараа багш надад их урмын үг хэлсэн. Их уян хүүхэд байна, чөлөөт бөхөөр явбал илүү амжилт гаргана даа гэж. Тэр намраа би хотод ирээд сургуульд сурангаа Хангай клубт бэлтгэл хийж эхэлсэн. Оюунболд гавьяатын шавь болж нэг жил чөлөөт бөхөөр хичээллээд дараа жил УАШТ-нээс мөнгөн медаль авч байсан.

-Чөлөөт бөх гэж юу байдгийг мэдэж байв уу, эсвэл багшийнхаа хэлснээр л орчихсон уу?

-Жаахан байхад ах л одоо хоёулаа жүдогоор барилдана, чөлөөтөөр барилдана, самбоор барилдана, самбо өчдөг, чөлөөт өчдөггүй гээд л тэрүүхэндээ надад заана. Би тийм л анхан шатны мэдэгдэхүүнтэйгээр чөлөөт бөх рүү орж ирсэн. Аймгийн аваргад очоод чөлөөт, жүдо, самбныхныг хараад өмсөж байгаа хувцсаар нь ялгаад за чөлөөт бөх гэж ийм юм байна, жүдо нь ийм байна гэж л боддог байлаа. Хотод ирээд жинхэнэ чөлөөт бөхийн бэлтгэлд орохоор арай л ондоо болсон.

-Бодсоноос чинь ямархуу байв, их спорт?

-Шантармаар байсан уу гэж үү? Кроссонд гүйх л хамгийн хэцүү байсан.  Тэрнээс дэвжээн дээр өнхрөөд бэлтгэл хийх зэрэг нь бол гоё шүү дээ. Би хамгийн хөнгөн жингийн шахуу хүн байж кроссонд гүйхээр хамгийн ард л ирнэ. Оюунболд багш “Энэ муу, хөнгөн жингийнх юм байж, үндэсний бөхийнхөн шиг хамгийн сүүлд л ирдэг юм” гээд хоёр, гурав ороолгоод л тавьчихна. Тэгэнгүүт нүдэн дээр нь аягүй хурдан гүйж байгаад багш харагдахаа болингуут удааширсаар, удааширсаар сүүлд нь орж ирнэ. Яагаад ч юм кросс гэхээр л их дургүй хүүхэд байсан. Тэрнээс биш бэлтгэл хийхээс шантарч байсан үе бол байдаггүй юм аа. Миний барилдаанд байдаг жаахан уян хатан, мэдрэмж зэрэг бол чөлөөт бөхөөс авсан зүйл гэж боддог юм.

-Оюунболд гавьяат гэж мундаг багшаар бас бөхийн эрдэм заалгасан азтай хүмүүсийн нэг байна даа?

-Тийм шүү. Манай Ооёо багш үнэхээр мундаг хүн. Манай Хангай клубыг 1997 онд байгуулаад дараагийн хоёр жилд өсвөрийн улсын аваргыг багаараа дараалж авч байлаа. Тэр үед манай клубийн хүүхдүүд л шигшээд ордог байсан. Ооёо багшийг өнгөрснөөс хойш клуб маань тарчихсан даа. Багш намайг жин их хасуулна аа. 58 юм уу үсрээд л 63 кг-ийн тамирчин болгон гээд жин хасаж өгнө. Нэг удаа Эрдэнэтэд 58-д орох гэж жин хасч байгаад ухаан алдаад уначихсан. Тэрнээс хойш зүрх үхээд “багшид худлаа хэлж байгаад дээд жиндээ л ороё, ялах ялагдах ч дүүрч” гэж бодож байгаа юм чинь. Сарын дараа багш “Жин чинь хэд байна” гэж байна. “68 байна аа” л гэлээ.Худлаа яриад бай чи гээд жин дээр зогсоотол 65 л байгаа юм чинь. Багш “Худлаа хэлээд чи, жин хасна шүү”  л гэнэ. Дараа нь ирэхдээ баахан хоол идэж, ус ууж байгаад л хүчээр 67-68 орно. Багш “Энэ жин хасах их дургүй болчихжээ. Хэргээр баахан юм идээд. Амаар чинь гартал бэлтгэл хийлгэнэ дээ” гээд бэлтгэлээр бөмбөгдчихнө. Нөгөө идсэн юмнууд амаар гарчих гээд л…

-Чөлөөт бөхөөр ямар амжилттай вэ?

-Өсвөрийн улсын аваргаас алт, мөнгөн медаль, залуучуудын улсын аваргаас хүрэл, бусад нэрэмжит тэмцээнүүдэд цөөнгүй түрүүлсээн. Насанд хүрэгчдийн УАШТ-нд нэг их орж байгаагүй. Аймгийн заан Ч.Мөнхбаяр гэж бөх бий шүү дээ. 63, 72-т барилдахдаа тэр Мөнхбаярт олон ялагдсаан. Зооноос гараад тэгштгэлийн барилдаанд дандаа Мөнхбаяртай таарч ялагдана. Тэгээд Мөнхбаяраас зугтаахын тулд  жингээ нэмнэ /инээв/.

-Үндэсний бөхрүү хэрхэн орсон бэ?

-Алсдаа үндэсний бөхрүү орно гэсэн бодолтой байсан л даа. Клуб тараад чөлөөт бөхөөр барилдахаа болиод байх үед аймгийн арслан С.Мөнхсүх ах намайг А.Сүхбат багштай маань танилцуулж, шавь оруулан үндэсний бөхийн замд хөтөлсөн. Анх удаа бөхийн өргөөнд барилдах гээд очсон чинь О.Өлзиймөнх арслантай таардаг юм. Тэгээд л гарсан чинь бөхийн өргөө аймаар том. Зодог шуудаг өмсөөд гарсан чинь бие рүү хүйтэн салхи үлээгээд л, бөхчүүд их том харагдаад л, би хамгийн жижигхэн нь байгаа ч юм шиг санагдаад л. Биеэ бариад л, үнэхээр сүрдэж байгаа юм чинь. Өлзиймөнх арслан намайг ганцхан мушгиж хаячихаад л яваад өгсөн.

-Үндэсний бөхөөр барилдсан хүн бүрийн гол зорилго болох улсын цолонд хүрлээ. Сэтгэл өндөр байгаа биз дээ?

-Тэгэлгүй яахав. Барилдсаар улсын цолонд хүрлээ. Одоо цолондоо эзэн болж барилдах, цаашлаад наадам олон байна. Би өөрийгөө жаахан хожуу л цол авлаа, одоо ингээд барилдахаа больчих юм болуу гэж бодсон чинь бас үгүй юмаа. Эр хүний ид нас чинь 30-аас эхэлдэг гэж байна шүү. Сүхбат аварга багш маань “Одоо л эр хүний ид нас эхэлдэг юм. Би бараг 30-тайдаа улсын наадамд анх түрүүлсэн” гэж байсан. Тэр үгийг сонсоод дотроо их бодлоо л доо. Тэгээд одоо цаашид сайхан барилдана л гэж бодож байна.

-Өмнө гурван ч удаа улсын цолны босгон дээрээс буцсан. Тэр болгон хүмүүс 3-4 удаа дөрөв даваад байх нь ховор юм шиг ээ?

 -Одоо цагт барилдаж байгаа бөхчүүдээс 3 удаа дөрөв давж байж улсын цолд хүрсэн бөх ховор шүү. Алтанхуяг л 3 удаа дөрөв давчихаад байх шиг байна. Дээхнэ үедээ бол байсан л байх. Би улсын наадамд 7 жил барилдахдаа 3 удаад нь дөрөв даваад тавд унасан. 2006 онд анх дөрөв давчихаад тав дээр Мөнхбаатар арсланд уначихаад тавын даваа гэдэг чинь иймэрхүү байдаг юм байна гэж бодсоноос биш давбал начин болох байсан гэж ер бодоогүй.

-Тавын давааны үнэ цэнийг сайн мэдрээгүй л байж дээ?

-Харин тийм. Анх удаа болохоор тавд унах аймаар шүү гэдгийг зүрх сэтгэлдээ хүртэл мэдрээгүй байхгүй юу. Хоёр дахиа тавд унахаар нэлээд юм бодно. Гурав дахиа унахад бол “За одоо ингээд бүр байхгүй болж байгаа юм байна. Улсын цол авна гэдэг худлаа юм байна даа” л гэж бодож байлаа. Гэхдээ зорилгоо ор тас хаячихаагүй бэлтгэлээ хийгээд зүтгэснийх хүссэндээ хүрлээ. Бас хүний хувь тавилан, амны хишиг гэж юм байна.

-Тэр барилдаануудаас хамгийн харамсалтай нь аль байсан бэ?

-Би Баяржавхлан гарьдтай нэг тавын даваанд барилдсан шүү дээ. Барьц сонгож байгаад унасан. Тэрэнд л их харамссан.

-Рам жаахан дутсан уу?

-Рам ч дутсан, дээр нь тэр үед манай засуулууд улсын цолтой бөхчүүдийн талд орчих гээд байдаг байсан үе шүү дээ. Заал танхимын барилдаанд ч тийм юм ажиглагддаг байсан. Би гарьдаас эхлээд овоо лав барьц авах гэсэн “Өө, энэ болохгүй, хэтэрхий лав авч байна” гэж тавиулаад дахиад барихдаа мөчидхөөн барьц авсан. Хэрвээ би тэр барьцыг алдах л юм бол өөрөө барьц сонгуулах болохоор шийдсэн юм л хийе гэж бодсон. Тэгээд л олдсоноор нь бариад унаж байгаа юм. Хэрвээ барьцаа бүрэн барьсан бол яагаа ч билээ, тийм ээ? 2010 онд бас Ганхуяг арслантай барилдахад би жаахан шатчихсан л даа, яараад… Жаахан тэсэж байгаад золгоод барилдчихсан бол гэж боддог юм.

-Тэгэхэд даваагүй ч  Ганхуяг арслан давж начин болох учиртай л байж дээ?

-Харин тийм. Би наадмын өмнө нэг сонин зүүдэлсэн юм аа.  Зургаан сарын дундуур байх аа, өглөө эрт унтаж байтал аварга багш залгаж байна. Багш яагаад ийм эрт залгаж байгаа юм бол, утас андуурсан юм болов уу гээд авахгүй гүрийгээд байсан чинь дахиад залгаж байна. Тэгээд авчихсан чинь “Чи яагаад сүүлийн үед барилдахгүй байна” гэлээ.  “Багшаа би, 6016 бөхөд барилдаж байгаад махаа тасалчихаад энэ жил бараг барилдсангүй. Бэртлээ бүрэн эдгээгээд наадмын бэлтгэлдээ орчихлоо” гэсэн чинь “Сэтгэл санаагаар унаад, шантраад байгаа юм уу чи? Хүний ид нас чинь 30 хүрч байж эхэлдэг юм. Ганхуяг арслан олон жил начин цолтойгоо барилдсаар байгаад улсад түрүүлсэн. Битгий шантараарай. Наадмаас өмнө ирж уулзаарай” гэлээ. Наадмын өмнө очиж уулзлаа. Багш “Сайн барилдаарай. Би чамайг зүүдэлсэн шүү” гэж хэлсэн. Аварга хүн, багш хүн бас мэдэрдэг л юм байна лээ. Наадмын өмнөхөн би бас “Ганхуяг арслангаар тав давж байна” гэж зүүдэлсэн. Зүүд гэдэг бас их зөн совинтой байдаг юм байна лээ.

-Зургаагийн даваанд Мөнхбаатар арслантай бас нэлээд “үзэж” байгаад л унасан даа?

-Би бүр цээжин дор нь орчихсон шүү дээ. Ямар ч байсан энэ цээжин дороос л гарах юм шүү гэж зүтгэж гараад жаахан амьсгаа аваад тайвширтал арслан хавирчихсан. Дараа нь хүмүүс намайг тайвшруулах гэсэн үү, урам оруулах гэсэн үү,  “Доржсамбуу гарьд хүртэл тэр цээжин дороос гарч чадаагүй шүү дээ” гэж байсан.

-Начин болсноосоо хойш нэг их барилдахгүй байна уу даа?

-Цагаан сар болтол үнэндээ барилдсангүй, бөхөөсөө жаахан хөндий байлаа. Олон жил хичээж зүтгэснийх “нуруу жаахан амраах” гэж манай монголчууд ярьдаг шүү дээ. Тиймэрхүү байдалтай хэсэг байлаа. Барилдахгүй жаахан удахаар аандаа барилдах сонирхол, хорхой хүрээд ирж байгаа юм. Цагаан сараас хойш 2-3 барилдаанд гарсан. Хамгийн сүүлд Сонгинохайрханы хишигт барилдаж дөрөв давсан.

-Бэлтгэл бол хэвийн л хийгдэж байгаа юу?

-Тогтмол хийж байна аа. Долоо хоногийн 6 өдөр нь бэлтгэл хийнэ. Улсын начин Нямсүрэн  найзтайгаа хоёулаа хамтарч бэлтгэлээ хийгээд л. Манай Нямаа чинь уран барилдаантай бөх шүү дээ. Би барилдааныхаа зарим нэг зүйлийг Нямаагаасаа сурчихаад би штанг түлхүү хийдэг байсан болохоороо штангийнхаа зүйлээс Нямаадаа зааж өгчихөөд л, нэг нэгэндээ багш болоод явж байна даа /инээв/.  Бид чинь олон жил сайхан нөхөрлөж яваа хоёр. Одоо дараагийн наадам хаяанд ирчихлээ. Хоёулаа цолоо батлах, ахиулахын төлөө… гээд л бие биендээ урам хайрлаад бэлтгэлээ хийж байна даа.

-Та чинь эрхзүйч мэргэжилтэй билүү?

-Их засаг их сургуулийг хуувьч, эрхзүйч мэргэжлээр төгссөн. Одоогоор мэргэжлээрээ ажиллаагүй л байна. Би Хилийн цэрэгт харьяатай. Өмнө цагдаагийн бөх байж байгаад хилийн цэрэг рүү орсон. Манайхан намайгсайхан хүлээж авсан. Улсад 3 удаа дөрөв давчихсан арслан, удахгүй улсын цол авна даа гээд л… Бүрэнбаатар начин манай багш л даа. Нэг удаа намайга байхгүй хойгуур бөхчүүдийг энэ жил ямар амжилт гаргахаа бичээд ир гэсэн юм билээ. Тэгсэн Бүрнээ багш миний өмнөө “начин болно” гээд бичсэн байсан. Та чинь яаж байгаа юм бэ. Би ч одоо бүр зүрх үхээд байна шүү гэсэн чинь “Монгол хүн амны билгээс ашдын билгэ гэдэг юм. Болно за юу” гээд л сүйд. Дараа нь нэг удаа багш руу залгатал өөдөөс “Чи энэ жил начин болчихжээ” л гэж байна. Яав, юу болов гэсэн “Чи намайг яг овоон дээр гарч байхад залгалаа. Чи яг начин болно” гээд л би ч ерөөлөөр болог гээд л өнгөрсөн.

-Жил болгон наадмын дараа янз бүрийн яриа дуулддаг. Тэр тэдээр начин болж гэнэ гээд л. Энэ жилийн тухайд та тиймэрхүү ярианд хэр өртөв?

-Манай монголчууд чинь угаасаа сонин хүмүүс шүү дээ. Энэ хүү цол авах болчихож, цол авна гэж ярьж ярьчихаад болонгуут нь найрааны начин гээд эхэлдэг. Энэ бол үнэхээр утгагүй. Энэ жил бидний дөрвөн начингийн тухайд ямар ч байсан ард түмэнд танигдчихсан. Начин болно гэж яригддаг, хүмүүст хүлээн зөвшөөргдчихсөн бөхчүүд байсан гэж бодож байна. Элдэв янзийн яриа харин дуулдаагүй шүү.

-Таныг начин болоход таниас дутахгүй баярласан хүн гэвэл хэн байв?

-Ах минь их баярласан даа. Би начин болоод баярлаж байсан ч надад дараагийн даваа бий гэсэн бодоод харьцангуй тайван байсан. Харин намайг тав давчихаад ирэхэд аав, ах хоёр минь үзэж байсан. Ялангуяа ах минь олон жил дүүгээ цол авахыг харах гэж хүлээсэн болохоор надаас илүү баярлаж уйлж байсан. Давахаар нь л начин боллоо гэж итгье дээ гээд л сууж байсан гэсэн. Аав баярласан ч биеэ бариад байх шиг байсан.

-Танд нулимс хэр ойрхон байв? 

-Тэр үед уйлаагүй. Харин маргааш нь уйлсан. Яагаад гэхээр хүүтэй болоод, хүү минь аавдаа цол дагуулж ирлээ гээд л…

-Ёстой уйлахаас аргагүй сайхан бэлэг байна даа. Наадмаар цол аваад маргааш нь хүүтэй болоод…?

-Харин тийм. Уяачдын наадам дээр явж байтал “эхнэр чинь төрлөө, хүүтэй боллоо” гээд утасдсан. Ирж хүүгээ үнсэж гарч ирж жаахан уйлчихаад Нямаагийндаа очсон доо /инээв/.

-Ямар ч амжилтын ард гэр бүлийн хайр халамж байдаг гэдэг шүү дээ. Гэр бүлийнхээ тухай яривал…?

-Тэгэлгүй яахав. Тамирчин хүний ар гэр гэдэг энгийн хүнийхээс ондоо шүү дээ. Илүү их тэвчээр, ухаан, ёс жудаг шаарддаг гэж боддог. Манай хүнийг Д.Нарандэлгэр гэдэг. Сагсан бөмбөгийн спортын мастер хүн бий. Хань минь л ар гэрээ сайн сайхан авч явдаг юм шүү дээ. Бид хүү, охин хоёртойгоо ам бүл дөрвүүлээ аж төрж байна даа.

Ан ав, адуу малд хорхойсох уу?

-Ан авд дуртай биш ээ. Хүмүүс чоно алахаар хийморь сэргэдэг гэж ярьдаг. Би харин үүний эсрэг бодолтой. Тэр сайхан хийморьтой амьтныг алчихаар хийморь нь хаашаа явчихдаг байж таарах вэ? Тэрний оронд алсаас хараад өөрийнхөө сүлд хийморийг даатгаад явж байхад тэр сайхан амьтныг дагаад хийморь минь босоо байна гэж боддог. Бас адуу малд тэгтэлээ хорхойсоод байхгүй ээ. Уг нь хэдэн хурдан морьтой байсан. гэтэл бөх, морь хоёрыг зэрэгцүүлж болдоггүй, нэг нэгэндээ харшилдаг гээд ноднин бүгдийг нь зарчихсан. Нээрээ л морьдоо зарчихсан чинь би начин болчихсон ч юм билүү, тийм ээ /инээв/.

-Шүтэж дээдэлдэг уул хайрхан бий юу?

-Нутгаа л юу юунаас илүү шүтэж явдаг даа. Бурхан буудай, Зүүн сэрхийн нуруу гээд л манай нутаг чинь хоёр талаараа сайхан том уултай. Ер нь нутаг нутагт л мундаг том  хайрханууд байдаг шүү дээ. Тэр бүхэнд залбираад л явдаг. Тэр жил би Хэнтий аваад анх удаа их аваргын нутагт очиж байгаа нь тэр. Замд нэг их содон хайрхан байсан. Сүхбат аваргын ах Батсүх уяачтай хамт явсан юм. Батсүх ах “За энэ чинь их мундаг хайрхан даа. Буугаад идээ будааныхаа дээжийг өргөөд залбир” гэж байсан. Нээрээ л их өвөрмөц содон уул байсан шүү.

-Та Бигэр нутгаас төрсөн хэд дэх улсын цолтон билээ?

-Гурав дахь начин. Баярмагнай ах 2006 онд начин болоод ноднин Багахүү маань начин болсон. Наадмын бэлтгэл дээр бөхчүүд биеэ халаалт хийгээд дэлээд явдаг шүү дээ. Тэгэхэд би Багаагийнхаа араас дагачихаад булган сүүлээ хайрла, булган сүүлээ хайрла гээд л бөөн инээдэм болцгооно. Тэгсэн Багаа маань үнэхээр булган сүүлээ өгсөн шүү /инээв/.

-Таны өндөр, жин хэд вэ?

-Би чинь ерөнхийдөө намхан хүн шүү дээ. Өндөр 174-175 хавьцаа л байдаг. Жин бол 108 кг. Наадмын дараа нэг хэсэг жин нэмээд 110 кг гарсан чинь хөдөлж чадахаа болиод эвгүй юм билээ. Намхан хүн нэг их жин нэмээд дэмий юм байна.

-Та хэр шартай хүн бэ?

-Шаралхах үедээ шаралхана аа. Заримдаа бөхчүүд шилдээд байгаа ч юм шиг, цохиод байгаа ч юм шиг янз бүзр болдог шүү дээ. Тийм үед уур хүрнэ ээ. Ерөнхийдөө зан чанарын хувьд би зөөлөн талдаа хүн юм шиг байгаа юм.  Тэгэхээр нэг их шаралхаад байх нь ховор.

-Ямархуу хобби, авьяастай вэ?

-Би багадаа нугардаг байсан юм шүү дээ.

-Тийм үү. Ёстой содон сонин авьяас байна?

-Нэгдүгээр ангиасаа тавд ортолоо нугарсан. Манай биеийн тамирын багш нугаралтын дугуйлан хичээллүүлэд манай дээд ангийн нэг хүү бид хоёр хэдэн охидтой хамт нугарч байна гээд л явж өгдөг байлаа шүү дээ. Нугардаг байсан гэхээр хүмүүс үнэмшдэггүй юм. Одоо ч би А суултаар чөлөөтэй сууна. Хобби гэвэл хоол хийх л юм шиг байгаа юм. Зав гарвал сайхан хоол хийх дуртай. Эхнэр  маань миний ногоотой хуурганд их дуртай. Чи ногоотой хуургаа нэг хийчих гэдэг юм. Үе үе хоол хийх хобби хөдөлнө шүү /инээв/.

-Шатар тоглох уу?

-Ганц нэг нүүмэр аядана аа. Тийм ч сайн биш. Удаан бодуулдаг болохоор жаахан залхуутай санагддаг юм.

-Яагаад, харин ч шатры нүүдэл бөхийн барилдаан хоёр төстэй гээд бөхчүүд их тоглодог юм биш үү?

-Магадгүй ээ. Би жаахан тэвчээр муутай хүн байх. Дороо л залхуу хүрээд май, май гэж тавьж өгөөд л идүүлчихдэг юм. Харин машин тэргэнд нугасгүй дээ. Авто уралдаанд орж үзэх юмсан гэж их боддог. Би бүр бага 3-р ангид байхаасаа машин барьж сурсан.

-Том болоод ямар мэргэжилтэй болно гэж боддог байв?

-Биеийн тамирын багш болно гэдэг байсан. Ээж минь биеийн тамирын багш л даа. Тэгсэн том болоод цагдаа, хуулийн хүн болоод явчихсан.

-Ямар мэхийг голлож хийдэг вэ?

-Эв нь таарвал хутгах мэхийг л голлож хийнэ дээ. Гэхдээ тэр болгон хийгээд байхгүй. Ямар хүнтэй барилдаж байгаа билээ гэдгээс их шалтгаална. Одоо ч хүмүүс мэддэг, хамгаалдаг болчихсон тэр болгон хутгуулаад байдаг хүн ч ховор юм даа.

-Хутгахад  нэг их бяр ордоггүй, эвтэйхэн мэх гэж Э.Энхбат начин ярьж байсан?

-Тийм шүү. Ер нь эвтэйхэн мэх дээ. Анх би жаахан буруу сурчихсан байсан юм билээ. Нарангэрэл багш маань заахдаа хүний өөдөөс орж хутгадаг гэж заасан. Харин Өсөх-Ирээдүй харцага гараа татаад хүнийг өөдөөсөө нэг алхуулаад тэр үед нь хутгачихаж байгаа харагддаг. Тэгж хутгах нь их зүгээр санагдаад Шонхорт байхдаа би Өсөхөөгөөр заалгаж байсан. Би тийм ч их бяртай хүн биш. Тэгэхээр хүнрүү орж хутгаснаас Өсөхөө шиг өөр рүүгээ алхуулаад хийн дээр нь хутгах нь зүгээр санагдсан.

-Одоо ямар мэхийг сурчихмаар санагдаж байна вэ?

-Дуучин, начин Эрхэмбаяр ахаар тонгорох мэхийг нь заалгасан. Эхэндээ жин багатай хүнд хийхэд их аятайхан ороод байсан барилдаан дээр том лагс хүнд хийх гэсэн ер болохгүй байна лээ. Болохгүй байна гээд Эрхэмээ ахад хэлсэн чинь “Тонгорох чинь жин багатай хүнд хийхэд илүү тохиромжтой мэх. Бидний үед 90-кг-аас илүү жинтэй бөх байсан биш. Тэгэхээр арга ч үгүй юм даа” гэж байна лээ. Одоо  Эрхэмбаяр ахаар таллах мэхийг нь заалгаж байгаа. Сайн болж өгөхгүй л байна.

-Штанг хэдэд сууж, шахаж байна?

-200-г татаад 150-д сууна. Ноднин гарандаа гэмтэл авснаас хойш шахалт нэг их сайн хийж чадахгүй байгаа. 100 орчим л шахаж байна даа.

-Өөрийгөө хэрхэн ирлэдэг вэ, дэвжээн дээр?

-Надад хүнээс дутуу зүйл юу ч байхгүй. Адилхан л гартай, хөлтэй  хүн гэж бодоод л үзчихнэ шүү дээ. Юунаас айхав, сайхан барилдана гээд гардаг. Адъяахүү начин “Айсан бөхийн шээс хүрдэг. Шээвэл уначихдаг” гэж хэлж байсан. Тэр үг санаанаас гардаггүй юм.

-Санаанаас гардаггүй дурсгалтай барилдаан гэвэл?

-2008 онд Хэнтийн цагдаагийн 70 жилийн ойн наадам болсон. Тэнд би түрүүлээд өсөх идэр начин Жаргалсайхан үзүүрлэж байлаа. Тэгэхэд түрүүлээд мотоцикль авахад их сайхан санагдаж байсан.

-Цаг зав гарган уншигчидтай минь уулзсанд баярлалаа. Наадмаас өмнө бас нэг шинэ цолны эзэн болох магадлал өндөр байгаа. Дараа тэр шинэ сайхан цолтойгоор уншигчидтай минь дахин уулзаарай?

-Баярлалаа. Ерөөлөөр болог ээ. Энэ дашрамд Хилчин СХ, ХЦ-ийн 0214-р ангийн хамт олондоо баярлаж явдгаа уламжилъя. Хааяа ангидаа очиж хамт олонтойгоо сайхан бужигнаж байгаад ирдэг. Ойрмогхон нэг очино доо.

С.БАДАМГАРАВ

Эх сурвалж: "БӨХ" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж