NEWS АГЕНТЛАГ МОНГОЛЫН ТҮҮХЭНД ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА
1913.02.04 Монгол-Төвдийн хооронд найрамдлын гэрээ байгуулав
1921.02.04 Нийслэл хүрээг Барон Унгернийн цэрэг эзлэв. Тэд гамингийн цэргийг хүрээнээс үлдэн хөөж, Богд хаан болон шоронд хоригдож байсан том ноёд, лам нарыг суллав.
1924.02.05 Ардын гэгээрүүлэх яам байгуулагдав.
1931.02.06 Нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарилалтыг өөрчлөх хууль батлагдав. Энэ хуулиар хошууны зохион байгуулалтыг устгаж, 5 аймаг, 72 хошуу, 525 сум байсныг газар нутаг, хүн амын талаар харьцуулан ерөнхийд нь тэгшитгэж, 12 аймаг, 324 сум болгожээ. Ингэхдээ баруун хязгаарын үндэсний цөөнхийн онцлог байдлыг харгалзаж, Казах, Урайнхайд хошууны зохион байгуулалтыг хэвээр нь үлдээжээ. Архангай, Говь-Алтай, Завхан, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Тариалан /Сэлэнгэ/, Төв, Ховд, Увс, Хэнтий, Дорнод гэсэн 12 аймаг байгуулагджээ.
1931.02.06 Бүх албан газрын тамга тэмдэг, ном зохиолын хавтас чимэглэл, албан газруудын хаяг зэргийг латинчлах компанит ажил өрнөв.
1947.02.08 МАХН-ын 11-р Их хурал хуралдаж, БНМАУ-ын улсын ардын аж ахуй, соёлыг 1948-1952 онд хөгжүүлэх анхдугаар 5 жилийн төлөвлөгөөг баталж, МАХН-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулжээ.
1956.02.07 БНМАУ, БНХАУ-ын худалдааны төлөөлөгчид нөхөрсөг дотно байдалд болсон хэлэлцээний үр дүнд БНМАУ, БНХАУ-ын хооронд 1956 онд харилцан бараа нийлүүлэх тухай протоколд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. Протоколд 1956 онд хоёр улсын харилцан нийлүүлэх бараа нь 1955 оныхоос нэг дахин их байх, БНХАУ Монголд цагаан будаа, хатаасан жимс, шинэ жимс, тамхи, торго зэрэг өргөн хэрэглээний бараа нийлүүлэх бол БНМАУ Хятадад адууны шир гэх мэт мал аж ахуйн гаралтай түүхий эд нийлүүлэхээр болсон байна. Хятад улсыг төлөөлж БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайд Хэ Ин, Монгол Улсыг төлөөлж Худалдааны сайд П.Баатар нар протоколд гарын үсэг зурав.
1963.02.08-09 БНМАУ-ын АИХ-ын IV дэх удаагийн хурлаар БНМАУ болон БНХАУ-ын хилийн гэрээг батлав.
1967.02.08 БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтан хоёрдугаар сарын 05-ны өдөр Зөвлөлтийн Элчин сайдын яамны ажилтныг үдэн гаргах үед хятадын улаан хамгаалагч нарт бүслэгдсэнд БНМАУ-ын ГЯЯ-аас эрс эсэргүүцэл илэрхийлэв.
1969.02.05 БНМАУ-ын ГЯЯ дэлхий нийтэд зарласан меморандумд Хятад Монголын хилээр нэвтэрч буй олон улсын галт тэргийг зогсоосон нь ад үзүүлж буй эсэргүүцэл юм гэжээ.
1972.02.07 Улсын тэргүүний ухуулагч, суртал нэвтрүүлэгчдийн зөвлөгөөн болов.
1975.02.04 БНМАУ, Заир улс хооронд дипломат харилцаа тогтоов.
1976.02.10 БНМАУ-Ангол улстай дипломат харилцаа тогтоов.
1990.02.08 БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхөд Ардчилсан социалист хөдөлгөөнөөс улс төрийн шаардлага бүхий Ил захидал илгээв.
2014.02.07 ОХУ-ын Сочи хотноо өвлийн олимп нээлтээ хийв. Энэ удаагийн олимпод Монгол Улсыг төлөөлж гүйлтийн цанын тамирчин Ч.Отгонцэцэг, Б.Бямбадорж нар өрсөлдлөө.
2015.02.09 “Босоо хөх Монгол” ТББ, “Гал үндэстэн холбоо”, Бөөгийн холбоо зэрэг байгууллагууд хамтран Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж, бөөгийн зан үйл хийв.
2016.02.08 Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн гэрэгэ шагналаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Төмөртэйн өртөөний бүтээн байгуулалт, "Монголын алт" ХХК-ийн хийн бетоны үйлдвэрт тус тус олгов.
2016.02.09 Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэв.
Холбоотой мэдээ