Брексит-шарталт: Европын холбооны төсөвт цоорхой үүсэв

Хуучирсан мэдээ: 2020.02.03-нд нийтлэгдсэн

Брексит-шарталт: Европын холбооны төсөвт цоорхой үүсэв

Брексит-шарталт: Европын холбооны төсөвт цоорхой үүсэв

Их Британи Европын холбооны бүрэлдэхүүнээс албан ёсоор гарснаас хойш гурав хонож байна. Тэгвэл Брекситээс (Britain-exit) үүдэлтэй Европын холбоонд хэдэн асуудал тулгараад байгааг “шарталт” хэмээн нэрлэжээ.

ТӨСВИЙН АЛДАГДАЛ

Их Британийг гарсны дараа Европын холбоо хамгийн түрүүнд төсвийн алдагдалтай нүүр тулав. Их Британийн хувь нэмрийг алдсанаар Европын холбооны баян болон буурай орнуудын хооронд байдаг төсвийн бүрдүүлэлтийн төлөөх сөргөлдөөн эрчимжжээ. Европын холбооны үлдсэн орнууд ирэх долоон жилийн хугацаанд нэг их наяд еврогийн төсвийн мөнгөн дээр “үзэлцэх” болж байна. Их Британи гараад ердөө нэг хонож байхад Европын холбооны буурай улсууд нэгдэн хуралдаж, хөгжлийн сангаас нөхөж буй төсвийн цоорхойг хэвээр хадгалахын төлөө тэмцэж эхэлжээ. Европын зүүн болон өмнөд хэсгийн 17 орны төлөөлөгчид Бямба гаригт уулзаж хуралджээ. Тэд ирэх хоёрдугаар сарын 20-нд болох Европын холбооны төсвийг хэлэлцэх хурлын өмнө үгээ нийлүүлсэн нь энэ аж.

Европын холбоо нь шууд татвар цуглуулах чадваргүй боловч гишүүн орнуудаасаа өөрийн төсөвт зориулан мөнгө татдаг. Үүнээс Их Британи жил бүр 19 тэрбум орчмыг Европын холбоонд төлдөг аж. Энэ нь Британи хүн бүрээс 300 ам.долларыг татаж байна гэсэн үг юм.

Долоон жилийн хугацаатай төсөв нь Европын холбооны бодлогын тулганы чулуу юм.  Тус төсөв нь хөгжиж буй орноос ирэх импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхөд тариаланчдад дэмжлэг үзүүлж, эвслийг нягт уялдаа холбоотой байлгах төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг байна. Гэхдээ төсвийг бүрдүүлэлт нь оруулж буй хувь нэмрийн хэмжээ, эх үүсвэр зэргээсээ шалтгаалан маргаантай байдаг. Үүгээр ч зогсохгүй буурай орнуудын хувьд төсвийн мөнгө нь эвслийн чинээлэг орнуудын хөгжлийн ард үлдэхгүй байхад  тусалдаг аж. Иймээс буурай орнуудын зүгээс Их Британийг гарснаас үүдсэн төсвийн алдагдлыг чинээлэг орнуудаас арай ихийг гаргуулах замаар нөхөхийг хичээж байна. Европын холбооны зардал нь эвслийн нийт ДНБ-ны нэг хувьтай тэнцдэг аж. Өдгөө Европын холбооны орнууд төсвийн бүрдүүлэлт, улс орнуудын хувь нэмрийн хэмжээ зэргийг дахин хэлэлцэж тогтоох шаардлагатай тулгарчээ. Унгарын ерөнхий сайдын мэдээлснээр ирэх долоон жилийн төсвийг хэлэлцэхэд бидэнд хэдэн өдөр биш хэдэн сар шаардлагатай болно гэжээ.

ЕВРОПЫН ХОЛБООНЫ ЗАДРАЛ

Их Британи Европын холбооноос тусгаарласнаар эвслийн бүрэн бүтэн байдал, цаашлаад барууны соёлд тун хүнд цохилт болно гэж харж байна. Их Британи Европын холбооноос гарсан жишгээр нь Шотланд, Умард Ирландад  тусгаар улс болох санал асуулгыг дахин явуулах хүсэлтэй байна. “Washington Post” сонин өнгөрсөн 2017 онд нийтлэхдээ ойрын хугацаанд Европын холбооноос гарч болзошгүй зургаан улсыг нэрлэсэн нь Грек, Франц, Швед, Дани, Унгар, Нидерланд аж. Дани, Швед улсууд Ойрхи-Дорнодын зөрчлөөс үүссэн цагаачдыг хамгийн ихээр хүлээн авсан. Грек санхүүгийн хямралын улмаас Европын холбооноос хөөгдөж магадгүй гэж үзжээ. Энэ хооронд Украиныг Европын холбоонд элсүүлэх тухай санал асуулга явуулахад нидерландчууд хүчтэй эсэргүүцжээ. Энэ мэтээр Европын холбооны нэгдмэл байдлыг хадгалж үлдэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна.

БРЕКСИТ ҮРГЭЛЖИЛНЭ

Их Британи Европын холбооноос гарсныг тэмдэглэн “Asset Marketing Services” компаниас “Break-it Brexit" гэх дурсгалын зоос гаргахаа мэдэгджээ. Тус компани  3000 ширхэг мөнгө, 10 мянган ширхэг гуулин зоос гаргахаар төлөвлөжээ. Европын холбооноос гарах үйл явц олон жил үргэлжилж, энэ хооронд Их Британийн Ерөнхий сайд нь гурван удаа солигдлоо. Их Британи даяар 2016 оны зургадугаар сард болсон бүх нийтийн санал асуулгаар иргэдийн 52 хувь нь Европын холбоог орхихыг дэмжсэн юм. Ийнхүү 2017 оны гуравдугаар сард Их Британийн засгийн газраас албан ёсоор Европын холбооноос гарах үйл явцыг эхлүүлсэн. Европын холбоотой удаан хугацаанд зөвшилцөж, ярилцсаны эцэст Их Британи өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд албан ёсоор хонх цохин дахин “тусгаар тогтнолоо” тунхаглав. Гэсэн ч Их Британи болон Европын холбооны албаныхан ирэх 11 сарын хугацаа буюу “шилжилтийн үе”-д ирээдүйн харилцаагаа тодорхойлж, хамтын ажиллагаа, худалдаа наймааны гэрээ хэлцлүүдээ тохиролцоно. Энэ шилжилтийн үед Их Британи нь Европын холбооны хууль, хилийн дүрэм, журам болон санхүүгийн зах зээлд хэвээр байх ч улс төрийн институтэд оролцохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж