Фото: Splash News / East News
Тиара (тиа́ра нь хурим эсвэл дээдсийн хүлээн авалт зэргийн онцгой арга хэмжээнд өмсөх диадематай адилхан үсний гоёл юм) ба диадемa гэсэн үсний гоёл нь (диаде́ма нь Διάδημα diadeo “боож”, “бэхлэгдэх” гэсэн грек үг юм. Мөн энэ үг хоёр грек үгнээс үүдэлтэй байж болно: "диа-" "διά-"гэх “нэвтрэн өнгөрөх” гэсэн тэмдэг нэр, "Демос" — "δῆμοζ" “ард түмэн” дагавар үг байж болно. Энэ хоёр нь нийлээд ард түмнийг дагуулах гэсэн утгыг гарган диадематай хүн түмнийг удирдагч гэсэн утгаар хэлэгдэж болох талтай. Заримдаа төгсгөл нь бүтэн цагираг биш учраас үсэнд түүнийг бэхэлдэг) эрт дээр цагаас титэм зүүх статусгүй жинхэнэ гүнж нараас эхлээд хаадын сүйт бүсгүйчүүд болох хатагтай нарын гоёл болж иржээ. Ордны дээдсийн хүрээний хувьд тиаратай олны өмнө гарч ирэх нь ихээхэн утгатай аж. Хэвлэл мэдээллээр Кейт Мидлтоны толгойн чимгийн талаар хэд хоног ихээхэн яригдаж байна. Шууд утгаараа тэр ирээдүйн титмийг заасан хэрэг байж болно. Титэм нь нөхөрт нь очлоо ч гэсэн хатан хаан нь би юм гэсэн утгатай байхыг үгүйсгэхгүй байна.
БНХАУ-ын дарга Си Жиньпинийг Их Британид айлчилсанд хүндэтгэл үзүүлсэн хүлээн авалт дээр Кембрижийн герцогийн ахайтан Кейт (Миддлтон) “Бадам лянхуа цэцэг” (Lotus Flower) гэсэн доржпалам шигтгээтэй тиара өмссөн байв. Энэ нь өмнө нь хатан хаан ээжийнх байгаад II Елизаветагийн талийгаач дүү Маргарет гүнжид очжээ. Гэр бүлийн энэ үнэт эдлэл нь ордны цуглуулгад 1920 оноос хойш хадгалагдаж байна.
Герцогийн ахайтан энэ тиараар 2013 онд анх гоёсон. Тэрээр Букингемийн ордонд болсон дипломат хүлээн авалт дээр очсон юм. Түүнээс өмнө хатан хааны гоёл жонон Уильямтай 2011 онд хуримлаж байхад нь Кейтын үс толгойг чимсэн билээ. Хуримын ёслолд Cartier компанийн бүтээлийн очир алмазан тиара-г хатан хаан бэрдээ зээлүүлсэн гэдэг.
Британийн хаан ширээ залгамжлагчийн эхнэр үс толгойгоо юугаар гоёж болох вэ. Сонголт түүнд маш их. Хааны ордны цуглуулгад хэдэн арван гоёл, чимэг байдаг. Нэг хэсэг нь харьцангуй шинэ, бусад нь урт түүхтэй. Оросын эзэн хааны гэр бүлд байсан гоёл ч тэнд байдаг. Тэдний зарим нь хатан хааны өмч бөгөөд ихэнх нь улсын өмчид данстай.
Дианагийн дурсгалд
Диана гүнжийн индраанил чулуун шигтгээтэй бөгжийг Кейт зүүж байгаа бөгөөд Спесерийн гэрбүлийн тиарагаар гоёод тэрээр Дианагийн дурсгалыг хүндэтгэж чадах байлаа. Тэр нь доржпалам шигтгээтэй, цэцэг навчний стилийн дүрслэлтэй. Тиара-г 1919 онд леди Спесерийн хуримаар бэлэглэжээ.1981 онд жонон Чарльзтай леди Ди хуримлахдаа түүнийг зүүсэн байна. Энэ тиарагаар Дианагийн эгч, дүү нар хуримандаа гоёж байжээ. Мөн түүний ахын эхний эхнэр нь хуримандаа ч зүүгээд авчээ.
Спенсерийн гэр бүлийн тиара
Бүсгүйчүүдийн бэлэг
II Елизаветагийн хамгийн алдартай тиара нь “Girls of Great Britain and Ireland Tiara” (Их Британи, Хойд Ирландын бүсгүйчүүдээс) гэсэн нэртэй. Тийм нэртэй нийгэмлэгийнхэн 1893 онд Елизаветагийн эмээ, хатан хаан Мариягийн хуриманд зориулан захиалж, хуримын бэлэг болгожээ. Эхлээд тиара нь сувдан шигтгээтэй байсныг хатан хаан доржпалам чулуугаар солиулсан байна. Мария 1947 онд түүнийг хуримын бэлэг болгон Елизаветад өгчээ.
Их Британи, Хойд Ирландын бүсгүйчүүдээс бэлгэлсэн тиара.
Кембрижийн тиара
Кембрижийн тиара— Cambridge Lovers Knot Tiara гэсэн хааны гэр бүлийнхэн гоёж ирсэн гоёлыг Кейт хатан хаанаас зээлдэн гангарч болох байлаа. Хатан хаан Мария түүнийг эмээгээсээ 1914 онд өвлөн авчээ. Түүгээр леди Ди гоёж байгаад Чарльз жоногоос салсны дараа тиара нь хатан хааны цуглуулгад эргэн очжээ. Үүнийг хаан ширээ залгамжлагч эмэгтэйчүүд зүүх уламжлалыг Мария ордонд бий болгосон байна.
Кэмбрижийн тиара
Бирмийн бадмаараг
Бирмийн тиара нь 96 доржпалам шигтгээтэй бөгөөд II Елизаветагийн захиалгаар 1973 онд Garrard гэх гоёл чимэглэлийн ордон бүтээсэн байна. Түүнийг чимэглэсэн бадмаарагийг Бирмийн (өнөөгийн Мьянма) ард түмний нэрийн өмнөөс хатан хаанд хуримын бэлэг болгон барьжээ. Бирмчүүд тэр чулуу нь хүнийг хамаг 96 өвчнөөс нь хамгаална гэж үздэг аж.
Бирмийн бадмаараган тиара
Владимирийн тиара
Хааны ордны тиарануудаас энэ хамгийн их түүхтэй. Эхлээд тэр Их ван Владимир Александровичийн (II Александрын гурав дахь хүү) вангийн агуу ахайтан Мария Павловнагийнх байв. 1917 оны хувьсгалын дараа Мария гэр бүлийн хамт Оросоос дүрвэхдээ түүнийг үлдээсэн ч Британийн тагнуулчид дипломат шуудангаар хил давуулжээ. Вангийн ахайтан нас барсны дараа түүний Британийн хааны ордон худалдан авсан юм. Хүслийнхээ дагуу сувдан зүүлтийг нь номингоор сольж болдог.
Владимирийн тиара
Орос кокошник
Орос кокошникийг (русский кокошник- тахианы залаа гэсэн үгнээс үүдэлтэй, орос эмэгтэйчүүдийн малгайн нэг төрөл) санагдуулмаар 488 очир алмаз буюу доржпалам чулуутай тиараг хатан хаан Александрад VII Эдуардтэй гэрлэснийх нь ойгоор Оросын хатан хаан Мария Федоровна бэлэглэжээ. Дарааллаад Мария, Елизавета нарт өвлөгджээ. Елизавета энэ диадемийг хамгийн дуртай эдлэл гэж нэрлэдэг гэнэ.
Орос кокошник
Бразилийн усан биндэръяа
Елизавета 1953 онд Бразилийн ерөнхийлөгчөөс усан биндэръяа, очир алмазтай цагаан алтан ээмэг, зүүлтийг бэлгэнд авчээ. Өмнөд Америкийн чулуунууд хатан хаанд ихээхэн таалагдсан учир тэрээр 1957 онд Garrard гэх гоёл чимэглэлийн ордонд энэ диадемийг захиалжээ. “Хатан хааны үнэт эдлэл” (The Queen's Jewels) гэсэн номондоо урлаг судлаач Лесли Филд бичихдээ, зөвхөн чулууг шилэхэд жил орчим хугацааг зарцуулсан гэдгээ дурдсан байна. Хатан хааны 1968 оны төрийн айлчлалын үеэр Сан-Паулу мужийн захирагчийн бэлгэлсэн дөрөв дэх усан биндэръяагаар диадемийг 1971 онд нэмэн чимэглэсэн байна.
Таван усан биндэръяа
Дорнын диадема
Дорнын диадемагийн дизайныг жонон Альбертын оролцоотойгоор 1853 онд бүтээн хатан хаан Викторияд зориулжээ. Тэр нь эхлээд гэрэлт чимэд чулуун шигтгээтэй байсныг хожим бадмаараг болгосон байна. Түүнийг хатан хаан ээж их зүүдэг байсан гэнэ. Харин Елизавета өөрөө нэг удаа л зүүсэн аж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР